Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 000017

 

М.Галбадрах, Ц.Батхаан нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                      Хэргийн индекс 142/2016/0197/Э

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Т.Ганзориг

            Шүүгдэгч                                           М.Галбадрах, Ц.Батхаан

            Шүүгдэгчийн  өмгөөлөгч               Р.Бямбажав, Д.Энхбаяр

            Хохирогч                                           Г.Төмөрбаатар

            Нарийн бичгийн дарга                   Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184 дугаар шийтгэх тогтоолтой М.Галбадрах, Ц.Батхаан нарт холбогдох, 201614000367 дугаартай, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав, шүүгдэгч Ц.Батхаан нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1998- 06-25-нд Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 9, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 10-12 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ФБ-98062519 регистрийн дугаартай, Сүрэн овогт Цэнд-Аюушийн Батхаан.

 

Монгол Улсын иргэн, 1997- 08 - 28-нд Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Их залуу багийн Хабитатын 23-03 тоотод оршин суух, урьд Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар  хойшлуулж байсан, ФБ-97082890 регистрийн дугаартай, Сартуул овогт Мөнхцэцэгийн Галбадрах.

 

Шүүгдэгч М.Галбадрах, Ц.Батхаан нар нь бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 21-ний шөнө 00 цаг 25 минутын үед Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-19 дүгээр байрны 3 дугаар орцонд иргэн Г.Төмөрбаатарын хоолойг боож амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн Нокио маркийн гар утас, тамхины асаагуур зэргийг дээрэмдэн 120.400 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч М.Галбадрах нь насанд хүрээгүй Ц.Батхааныг хүч хэрэглэн дээрх гэмт хэргийг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Сартуул овгийн Мөнхцэцэгийн Галбадрахыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэргийг үйлдсэн, бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Сүрэн овогт Цэнд-Аюушийн Батхааныг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1.д зааснаар шүүгдэгч М.Галбадрахыг 2 /хоёр/ сарын баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д зааснаар шүүгдэгч Ц.Батхааныг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар шүүгдэгч М.Галбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1.т зааснаар оногдуулсан 2 сар баривчлах ялыг багтааж биечлэн эдлэх ялыг 5 жил 1 хоногийн хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Ц.Батхаанд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг, шүүгдэгч М.Галбадрахад оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч М.Галбадрахын цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногийг, шүүгдэгч Ц.Батхааны цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

М.Галбадрах нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр насанд хүрээгүй Ц.Батхаантай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 114 дүгээр зүйлийн 114.1.т заасан гэмт хэргүүдийг үйлдсэн хэмээн ял шийтгэсэн бөгөөд ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж ял хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзсэн юм.

 

Урьд Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсныг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4.т зааснаар ял хойшлуулсан хугацааг хэрэгсэхгүй болгосон, мөн ял хойшлуулсан хугацааг өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгосон мөртлөө түүнийг ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1.д заасныг зөрчсөн.

 

1 жилээр ял хойшилсон хугацаа нь 2016 оны 03 дугаар сарын 24-нд дууссан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1.д зааснаас үзвэл ялгүйд тооцогдсон байсан байх бөгөөд ялтайд тооцон ял шийтгэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт болж ял халдаан хэрэглэхэд Эрүүгийн хуульд заасан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зарим заалтыг хэрэглэх боломжгүйд хүргэсэн тул Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Батхаан давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс намайг дээрэм хийсэн гэж 3 жил 5 сарын хорих ял өгсөн. Би М.Галбадрахын дарамтанд түүнээс айгаад хамт явж дээрэм хийх гэхэд нь байлцсан. Утсыг нь ав гэхээр нь авах гээд аваагүй. Юу ч аваагүй байхад надад ял өгсөнд гомдолтой байна. Би урьд нь ерөөсөө хэрэг хийж байгаагүй. Намайг хилсээр шийтгэсэн гэж бодож байна. Тэр хүнд би гар хүрээгүй зодож цохиогүй.

 

Галбадрах л хийсэн. Тийм учраас намайг цагаатгаж өгнө үү. Би ядарсан айлын хүүхэд. Бид олуулаа ч гэсэн би л аав ээжийгээ асардаг юм гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг дүгнэлтдээ:

 

  Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Галбадрах, Ц.Батхаан нарыг   бүлэглэн 2016 оны  06 дугаар сарын 21-ний  шөнө 00 цаг 25 минутын үед Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-19 дүгээр байрны 3 дугаар орцонд иргэн Г.Төмөрбаатарын хоолойг боож амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн “Нокио” маркийн гар утас болон  тамхины асаагуурыг дээрэмдэн 120.400 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1.д заасан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч М.Галбадрах нь насанд хүрээгүй Ц.Батхааныг хүч хэрэглэн дээрх гэмт хэргийг үйлдэхэд татан оруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд  анхан шатны шүүх тэднийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан байна.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзвэл мөрдөн байцаалтын шатанд:

 

- М.Галбадрах   боловсролгүй /бичиг мэдэхгүй/ гэж мэдүүлсэн, Ц.Батхаан нь насанд хүрээгүй этгээд байхад тэднийг сэжигтнээр татаж,тайлбар авах,  сэжигтнээр байцаалт авахдаа мөн яллагдагчаар татаж ял сонсгохдоо өмгөөлөгч оролцуулалгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2., 40.1.3.д заасан заалтыг зөрчсөн., / хх.ийн 57,64, 65,  66.р хуудас /

 

- Ц.Батхааны ерөнхий боловсролын бүрэн бус дунд болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон  түүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй атал сэжигтэнээр болон яллагдагчаар татсан, ял сонсгох тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, яллах дүгнэлтэнд бүрэн бус дунд боловсролтой гэж тэмдэглэсэн,түүнчлэн М.Галбадрахаас тайлбар авахдаа Э.Очиртулга, Ц.Батхаанаас тайлбар авахдаа М.Одонхүү гэх хүмүүсийг  ямар шалтгаанаар байлцуулсан нь тодорхой бус / өмгөөлөгч биш/ байгаа нь  мөрдөн байцаалтыг явуулахдаа нэг талыг барьсан, яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг гүйцэт тогтоогоогүй байна.

 

Иймд Ц.Батхаан, М.Галбадрах нарын хувийн байдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.т зааснаар заавал  тогтоох, Ц.Батхааны сэтгэцийн байдалд эрх бүхий этгээдээр дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай байна.

 

Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх зөрчлүүдийг анзаарч үзэлгүй орхигдуулснаас гадна М.Галбадрахын ялтай эсэхэд буруу дүгнэлт өгч ял оногдуулахдаа ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

М.Галбадрах нь сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсаны дараа.... өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4.т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаа хэрэгсэхгүй болсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1.т ...хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүйд тооцохоор зохицуулсан тул тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаа нь өршөөлийн хуулиар  хэрэгсэхгүй болсон тохиолдолд М.Галбадрахад ялтай байдал хамаарахгүй болно.

 

Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтанд М.Галбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.зааснаар “...5 жил 1 хоног...” хорих ял оногдуулсан атлаа тогтоох хэсгийн  3 дугаар  заалтанд  ...5 жил 1 сар....гэж,  нийт эдлэх ялыг “..5 жил 1 хоног ...” буруу бичсэн,  М.Галбадрахад оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд багтаахгүйгээр хүнд ялд хөнгөн ялыг багтааж  хууль хэрэглээний алдаа гаргасан байна.

 

Иймд шүүгдэгч М.Галбадрахын өмгөөлөгч Р.Бямбажавын “...Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч , шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр  Орхон аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй  байх бөгөөд  хэргийг дахин шалгахдаа Ц.Батхааны өмгөөлөгчийн гаргасан  хүсэлтийг үндэслэн  ...Батхааны хувийн байдлын талаарх нотлох баримтыг авч ...Ц.Батхаан нь сургуульд суралцсан, бичиг үсэг мэддэг  эсэх, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай эсэх,  болон  Ц.Батхаан нь Орхон аймгийн хөнгөвчилсөн сургалттай, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 7 дугаар сургуульд суралцаж байсан ба сургуулиа төгссөн эсэхийг тогтоох нь зүйтэй.

 

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч Ц.Батхааны “...Намайг хилсээр шийтгэсэн..., Тэр хүнд би гар хүрээгүй зодож цохиогүй..., Галбадрах л хийсэн..., Тийм учраас намайг цагаатгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2., 317 дугаар зүйлийн 317.1.1., 317.1.3., 318 дугаар зүйлийн 318.2.2., 320.1.3., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Мөнхцэцэгийн Галбадрах, Цэнд-Аюушийн Батхаан нарт холбогдох, 201614000367 дугаартай, 1 хавтастай, эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Шүүгдэгч М.Галбадрахын өмгөөлөгч Р.Бямбажавын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Хэргийг прокурорт очтол М.Галбадрах, Ц.Батхаан нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдасугай. 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА