Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00851

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1986 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5-10-46 тоотод оршин суух, Цагаагчууд овгийн Заяагийн Есөнцагаан /ОМ86061005/

Хариуцагч: 1988 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 5-10-46 тоотод оршин суух, Уртынхан  овгийн Сүх-Очирын Эрдэнэбат /ТЗ88060416 / нарт холбогдох гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 47,315,315.81, эрэн сурвалжлуулах тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 47,385,515.81 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Батзаяа, хариуцагч З.Есөнцагаан, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ХААН банкны Увс аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн З.Есөнцагаан, С.Эрдэнэбат нар нь 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ-927 тоот Орон сууцны зээлийн гэрээ 1 байгуулан 33.500.000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-36 айлын орон сууцны 2-24 тоотод байрлах, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 18-29 тоотод байрлах, 900 м.кв талбай бүхий газар, мөн 30 м.кв талбай бүхий ажлын байр, 4 тал хашаа, худагтай, 2 ширхэг амбаар, 150 ширхэг суулгацтай, 8 ханатай битүү шалтай монгол гэр, сундаг ширээ, монгол хивс, 21 инчийн өнгөт зурагт зэргийг тус тус барьцаалсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.3.1, 5.2.2 дахь хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 931.838 төгрөг, зээлийн хүүнд 1.930.482 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 318.129 төгрөг, нийт 3.180.450 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш төлөөгүй бөгөөд 820 хоногийн хугацаа хэтрүүлж, 12.969.016 төгрөгийг төлөх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд банк зээлийн гэрээг цуцалж, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 32.568.161 төгрөг, зээлийн хүү 14.126.705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 620.870 төгрөг, нийт 47.315.315 төгрөгийг, мөн эрэн сурвалжлахад гарсан зардал 70.200 төгрөгийн хамт гаргуулахыг хүсч байна. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж, хариуцагчаас нэмж нэхэмжлэх болно гэжээ.

             Хариуцагч  З.Есөнцагаан, С.Эрдэнэбат нар шүүхэд гаргасан тайлбартаа: З.Есөнцагаан, С.Эрдэнэбат бидний бие 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ-927 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулан 33,500,000 төгрөгийн орон сууц худалдан авах зориулалтаар зээл авсан билээ. Зээл авснаас хойш нийтдээ 3,180,450 төгрөгийг төлж улмаар ар гэрт асуудал гарч байрны зээлийг төлөх боломжгүй болсон билээ. Энэ хугацаанд банктай холбоотой байж учир байдлыг тайлбарлаж байсан бөгөөд явахыг хичээсэн ч ажилд орсон газраасаа цалин мөнгөө авч чадахгүй байсаар өдий хүрсэн болно. Одоо нөхөр С.Эрдэнэбат Орхон аймгийн Цагаан алт ХХК-д ачигч хийж байгаа бөгөөд сарын 400,000 төгрөгийн цалинтай 280,000 төгрөгийг байрны түрээсэнд өгч үлдсэн нв хоол унд охины хэрэгцээнд хүрэлцэхгүй байгаа болно. Миний бие ажилгүй байгаа болно. Ийм учир цаашид тус байрны зээлийг төлж барагдуулах ямар ч боломжгүй байгаа болно. Ийм учир Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 1-36 айл 2-24 тоот 18 метр квадрат 1 өрөө орон сууцыг хураан авч нэхэмжлэлд дурьдсан үнийн дүнгийг тэглэж биднийг зээлийг хааж өгөхийг хүсье гэжээ.

      Шүүхийн  хэлэлцүүлэгт  2013-05-21-ний өдрийн ЗГ-927 дугаартай орон сууцны зээлийн гэрээ, 2013-05-21-ний өдрийн БП-927 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 2013-05-21-ний өдрийн  БГ-927 дугаартай барьцааны гэрээ,  000200237 тоот гэрчилгээний дугаартай, Ү-1520001840 тоот улсын бүртгэлийн дугаартай, Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 1-36 айл 2-24 тоот 18 метр квадрат 1 өрөө орон сууцын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 000200231 тоот гэрчилгээний дугаартай, Ү-15200003719 тоот улсын бүртгэлийн дугаартай Увс аймаг, Улаангом сум, 1 дүгээр баг 18-19 тоот 30 метр квадрат ажлын байрны зориулалттай үл хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 0250860 тоот гэрчилгээний дугаартай, Увс аймаг, Улаангом сум, 1 дүгээр баг 18-19 тоот 900 метр квадрат 15 жилийн хугаацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, З.Есөнцагаан, С.Эрдэнэбат нарын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг  нотлох баримтаар шинжлэн судлав.

                                                       ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар нь хариуцагч З.Есөнцагаан, С.Эрдэнэбат нарт холбогдуулан 47,315,315.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 47,315,315.81 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаа дэмжиж оролцсон болно.

             Хариуцагч  З.Есөнцагаан С.Эрдэнэбат нар нь  ХААН Увс  салбараас 2013-05-21-ний  өдөр орон сууцны  зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ байгуулан 33.500.000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй 240 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 3-р баг,1-р 36-н айлын 2-р байрны 24 тоот улсын бүртгэлийн Ү-1520001840 дугаартай, Г№ 000200237 тоот гэрчилгээтэй 1 өрөө орон сууц, Увс аймгийн Улаангом сумын 1- баг,18-29 тоотод байршилтай Г№ 0250860 гэрчилгээтэй 900 м.кв эзэмших эрхтэй газар, 30 м.кв ажлын байрыг тус зээлийн барьцаанд тавьсан байна.

             Хариуцагч нь зээл авсанаас хойш үндсэн зээлийн төлбөрт 931.838,09 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1.930.482.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 318.129.77 төгрөг, нийт 3.180.450 төгрөг  төлсөн байна. Хариуцагч нар нь гэрээнд заасны дагуу төлбөл зохих төлбөрийг 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш их хугацаанд төлөхгүй гэрээний үүргээ зөрчиж 820 хоног хугацаа хэтрүүлсэн болох нь тогтоогдож байна.

             Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үндсэн зээл 32.568.161.91 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 14.126.705.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 620.870.74 төгрөг,нийт 47.315.315.81 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, баталгаат ипотекийн гэрээний дагуу барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 394,530 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 394,530 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

             Монгол Улсын ИХШХШ тухайхуулийн 115 дугаар зүлйийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн  451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-д  зааснаар  ХААН банкны Увс салбар болон З.Есөнцагаан,С.Эрдэнэбат  нарын хооронд байгуулсан 2013-05-21-ний  өдөр орон сууцны  зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж  үндсэн зээл 32.568.161.91 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 14.126.705.16 төгрөг,нэмэгдүүлсэн хүү 620.870.74 төгрөг, нийт 47.315.315.81 төгрөгийг хариуцагч З.Есөнцагаан, С.Эрдэнэбат нараас гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Увс салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1,175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 1-р 36-н айлын 2-р байрны 24 тоот улсын бүртгэлийн Ү-1520001840 дугаартай, Г№ 000200237 тоот гэрчилгээтэй 1 өрөө орон сууц, Увс аймгийн Улаангом сумын 1- баг, 18-29 тоотод байршилтай Г№ 0250860 гэрчилгээтэй 900 м.кв эзэмших эрхтэй газар, 30 м.кв ажлын байрыг албадан дуудлага худалдаанд оруулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар тогтоосугай.

3. Албадан дуудлага худалдаа явуулах этгээдээр Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.

4. Монгол Улсын иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 394.530 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 394.530 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдний хууль ёсны төлөөлөгч  буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл   гардаж авсанаас хойш 14 хоногийн   дотор Орхон  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                     

                                 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                            Б.БЯМБАСҮРЭН

.