Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 000018

 

                                       Н.Хишигмаад холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай

                                                                    Хэргийн индекс 142/2016/00194/Э

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Ц.Идэрмөнх

            Ялтан                                                 Н.Хишигмаа

            Ялтны өмгөөлөгч                            Б.Долгорсүрэн, С.Төмөрчулуун

            Хохирогч                                           Ш.Наранчимэг

            Хохирогчийн өмгөөлөгч                О.Сарантуул

            Нарийн бичгийн дарга                   Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолтой Н.Хишигмаад холбогдох, 201614000096 дугаартай эрүүгийн хэргийг ялтан Н.Хишигмаа, ялтны өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985-04-07-ны өдөр Орхон аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүх нийгмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 3, хоёр дүүгийн  хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-18-73 тоотод оршин суух, ФВ-85040709 регистрийн дугаартай, Хад боржигон овогт Нямжанцангийн Хишигмаа.

 

Ялтан Н.Хишигмаа нь 2014 оны 01 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сарын хугацаанд “Ар залаат" ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байхдаа иргэн Ш.Наранчимэгийн итгэмжлэн хариуцуулж өгсөн өмчийг иргэдэд итгэлцлээр 7.350.000 /долоон сая гурван зуун тавин мянга/ төгрөг өгч үрэгдүүлсэн, хуурамч гэрээний хуудас бичиж 22.144.000 /хорин хоёр сая нэг зуун дөчин дөрвөн мянга/ төгрөг завшиж нийт 29.494.000 /хорин есөн сая дөрвөн зуун ерөн дөрвөн мянга/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Боржигон овогт Нямжанцангийн Хишигмааг бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3.т зааснаар шүүгдэгч Н.Хишигмааг 100.000 /нэг зуун мянга/ төгрөг хурааж, 6 /зургаа/ жил хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Н.Хишигмаад оногдуулсан 6 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх,

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй тус тус дурьдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар 510.1.д зааснаар шүүгдэгч Н.Хишигмаагаас 29.494.000 /хорин ёсөн сая дөрвөн зуун ерөн дөрвөн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол 176-25 тоотод оршин суух Шийтэрийн Наранчимэгт /ГЮ72062067, утас:33952406/ олгож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх  арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ а вч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Н.Хишигмаа давж заалдах гомдолдоо:

 

Ялтан Н.Хишигмаа би Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй байна.

 

2015 оны 10 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын хооронд 4 сарын хугацаанд 29.494.000 төгрөг ашигласан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Миний тооцоогоор 2014 оны 01 дүгээр сард интернет сүлжээнд 3.400.000 төгрөг хийхдээ Наранчимэг эгчээс зөвшөөрөл авалгүйгээр анх мөнгө гаргасан. Дараа нь хэрэгцээ гарахаар бага багаар цувуулж авсан мөнгө 2.000.000-3.000.000 төгрөг нийт 7.000.000 төгрөг бэлнээр авсан юм. 2014 оноос хойш өмнөх хүүгээ төлөх гэж падаан бичнэ дахиад бичсэн падааныхаа хүүг төлөх гэж бичнэ ингэж явсаар хүүнээс хүү төлж бодогдсон. Нийт тооцоо нь 13.000.000-14.000.000 төгрөг байгаа.

Хохирлын тооцоог үнэн бодитоор гаргаж өгөхийг шүүхээс хүсч байгаа тул Н.Хишигмаа миний гаргасан гомдлыг хүлээн авч нийт хохирлын хэмжээг бодитой гаргуулахаар санхүүгийн шинжээчийн дүгнэлт хийлгэхээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Б.Долгорсүрэн давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэтэрхий нэг талыг барьсан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3.т заасан бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэгт ялтан Н.Хишигмааг гэм буруутай гэж шүүх тооцож байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр”, 80.1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ” зэрэг байдлууд хангалттай тогтоогдоогүй, хохирлын хэр хэмжээг тогтоосон “Далай ван аудит” Орхон аймаг дахь салбарын шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг мөрдөн байцаагч огт шийдвэрлээгүй, “Ар залаат” ХХК-тай Н.Хишигмаа хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн эсэх, эд хөрөнгийн хариуцлага хүлээсэн итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэдгийг нотолсон эрх зүйн ямар ч баримт, гэрээ байхгүй байдлыг нягтлан шалгаагүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн алдаа гэж үзэж байна.

 

Анхан шатны шүүх “...Далай ван Аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэнд... одоогийн байдлаар гаргасан боловч орж ирээгүй хугацаа хэтэрсэн, барьцаагүй мөнгөний нийт дүн 29.494.000 төгрөг болж байна...” гэснийг тодорхойлох хэсэгтээ дурьдаад, шүүх дүгнэлт хийхдээ “...шүүгдэгчийн мэдүүлэг болон түүний өмгөөлөгч нарын хүсэлт нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Ш.Наранчимэг, гэрч О.Гансэнгэ, Ж.Цэцэгсайхан ...Г.Ганчимэг...Ө.Содномбалжир...Мөнхтогтох... Чулуунцэцэг ...Т.Эрдэнэжаргал... . Ж.Оюунцэцэг... С.Амаржаргал... Н.Хишигмаагийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг, Н.Хишигмаагийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг... гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байна...” гэж дүгнэж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан хийсвэр дүгнэлт болжээ.

 

“Ар залаат” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээтэй холбогдуулан аж ахуйн нэгж байгууллага гэж үзэж, Иргэний нэхэмжлэгч, хохирогчоор шүүх тогтоосон. Зөвхөн Ш.Наранчимэгийн хар дэвтэр дээрх тооцооноос гадна, санхүүгийн анхан шатны бүртгэлүүд хөтлөгдсөн эсэх, тайлан тэнцэлдээ хохирсон гэж үзээд байгаа 29.494.000 төгрөгийг тусгасан, тайлагнасан эсэх асуудал хангалттай тогтоогдоогүй. Шүүхэд нотлох баримтаар өгсөн санхүүгийн тайланд дээрх тооцоолол огт тусгагдаагүй. Шүүх энэ тухай огт дүгнэлт өгөөгүй. Шинжээч дүгнэлтэндээ “хугацаа хэтэрсэн боловч орж ирээгүй, барьцаагүй мөнгөний дүнг явуулж байгаа боловч үүнийг цагдаагийн байгууллага нэг бүрчлэн шалгаж, эзэнтэй эсэхийг тодруулан эцсийн байдлаар хичнээн төгрөгийг ямар замаар авч ашигласныг тогтоох ёстой...” гэснийг баримтуудыг байцаагч нарт хуваарилж, шалгасан гэсэн хэдэн гэрчүүдийн мэдүүлэг, мөрдөн байцаагч нарын тэмдэглэлээр тогтоогдлоо гэж үзэхгүй. Шинжээчийн дүгнэлтээр гарсан дүн баталгаажсан, хохирлын хэр хэмжээ тогтоогдсон гэж үзэх боломжгүй бөгөөд энэ байдал хангалттай тогтоогдоогүй тул хохирлын хэр хэмжээг нарийвчлан тогтоох шаардлагатай талаарх өмгөөлөгчийн хүсэлтүүдийг хохирогч, гэрч, Н.Хишигмаагийн мэдүүлгээр няцаагдаж байна гэж шүүх тоймлон дүгнэлт хийж байгаа буруу юм. Шинжээчийн дүгнэлтийг шүүх дүгнэлтэндээ огт дурьдаагүй.

 

Завших, үрэгдүүлэх гэмт хэргийн хохирол нь санхүүгийн шинжээчдийн тусгай мэдлэг шаардсан дүгнэлтээр баталгаажих ба зөвхөн сэжигтэн, яллагдагчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно гэдэг дэндүү хийсвэр дүгнэлт боллоо. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйл бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн субъект нь “аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд” байна. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

 

“Далай ван аудит” Орхон аймаг дахь салбарын шинжээчийн дүгнэлтийн хариулт №1 “Н.Хишигмаа нь 2012 оны 05 сараас 2016 оны 01 сар хүртэл тус байгууллагад сарын 350.000 төгрөгийн цалин гар дээр авч ажилласан гэх мэдээллийг компаний захирал Наранчимэгээс авсан боловч ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй, нийгмийн даатгал төлдөггүй сард өгсөн цалинг батлах гарын үсэг зуруулсан цалингийн хүснэгт байхгүй...” гэснээс үзэхэд Н.Хишигмаа нь “Ар залаат” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, эд хөрөнгийн хариуцлагын гэрээтэй ажилтан, эд хариуцагч биш байна.

 

“Ар залаат” ХХК-тай Н.Хишигмаа нь хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн эсэх, эд хөрөнгийн хариуцлага хүлээсэн итгэмжлэгдэн хариуцсан этгээд мөн эсэхийг нотолсон эрх зүйн ямар ч гэрээ, нотлох баримт хэрэгт байхгүй. Ш.Наранчимэгтэй хөлсөөр ажиллах гэрээ хийгээгүй бөгөөд татварт энэ тухай огт тайлагнаагүй. Шүүхэд энэ талаарх баримтыг гаргаж өгсөн боловч шүүх үнэлсэнгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд хангалттай тогтоогдоогүй байхад хэтэрхий нэг талыг барьж, миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, гомдолд дурьдсан үндэслэлийг хянаж, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Хишигмаа нь завших, ашиглах гэмт хэргийн субъект мөн эсэх, энэ гэмт хэргийн хохирлын хэр хэмжээ үндэслэлтэй тогтоогдсон эсэхэд санхүүгийн шинжээч дахин томилж, хохирлыг нарийвчлан бодитоор тогтоолгох шаардлагатай байх тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтын ажиллагаанд буцааж өгнө гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.                                 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон  аймгийн Прокурорын газраас Хад боржигон овогтой Нямжанцангийн Хишигмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулаад, ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Хишигмаа болон түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийн нөхцөл байдал болон нотлох баримтыг шинжлэн, судалж үзлээ. Үүнд:

 

Хохирогч Ш.Наранчимэгийн улсын бүртгэлийн 2011017021 дугаар бүхий гэрчилгээтэй, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Ар залаат” ХХК  нь Орхон аймагт 2012 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ялтан Н.Хишигмаа  2012 оноос 2013 оны 07 дугаар сар хүртэл Ш.Наранчимэгтэй хамт ажилласан…,  Энэ хугацаанд ямар нэг дутагдал гаргаагүй учраас хоорондоо амаар тохирч цалин авч  ажилласан…, 2013 оны 07 дугаар сараас Ш.Наранчимэг  жирэмсэний амралт авч эмнэлэгт хэвтэх болсны улмаас  Н.Хишигмаад зээл яаж хэрхэн олгох талаар сайн хэлж ойлгуулж зааж бичиг баримтаа хүлээлгэн өгсөн бөгөөд тэд орлого зарлагын дэвтрээ тус тусдаа хөтөлж 2015 оны 03 дугаар сараас Хишигмаатай өглөө, оройдоо тооцоо хийж, барьцааны эд зүйлийг ч жинлэж үздэг байсан..., 2015 оны 10 дугаар сараас тооллого хийхэд 3.200.000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан…, дараа нь тоолоход 2-3 сая төгрөг дутсан..., дахин тоолоход 137 ширхэг буюу 17 сая төгрөгний хуурамч баримт үйлдсэн байсан бөгөөд тооцоо хийж эрх бүхий шинжилгээний байгууллагаас томилогдсон шинжээч дүгнэлт гаргахад Н.Хишигмаа хүү тооцохгүйгээр 29.494.000 төгрөг завшиж, үрэгдүүлсэн байна. 

 

Энэ нь  хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох:

 

Н.Хишигмаагийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн

 

...2016 оны 01 сард тооцоо хийхэд дээрх зөрчил гарсан. Би ажиллаж байхдаа 2014 оны 01 сард интернет сүлжээнд өдрийн 15 хувиар мөнгө өсгөдөг сүлжээг хүнээс сонсоод сүлжээ ажиллуулдаг газарт буюу Молор-Эрдэнэ зочид буудлын 3 давхарт Туул гэдэг хүн дээр очиж сүлжээнд орж би өөрийнхөө нэр дээр 2.500.000 төгрөг, 10 гаруй хоногийн дараа аавынхаа нэр дээр 900.000 төгрөг  байршуулсан боловч нөгөө сүлжээ нь залилангийн асуудал болж мөнгөө алдсан..., сүлжээнээс нэг ч төгрөг аваагүй алдаад өрөнд орсон… энэ мөнгийг  барьцаалан зээлдүүлэх газрынхаа орлогоноос авсан бөгөөд үүнийгээ Наранчимэг эгчид мэдэгдэхгүйн тулд барьцааны гэрээний хуурамч  хуудас бичиж эхэлсэн...,

 

Таньдаг найз нөхөд танил хүмүүстээ итгэлцлээр мөнгө өгсөн боловч одоо хүртэл мөнгөө өгөөгүй. ...Миний тооцоогоор бодож үзэхэд 17 сая төгрөг бусдад барьцаагүйгээр гаргасан байх…, Наранчимэг эгч мөнгөө олж ир гэдэг байсан учир тэр хүмүүсээс мөнгө нэхсэн чинь өгөх боломжгүй гэдэг, зарим нь утас нь холбогдохгүй, гэртээ байхгүй байдаг…, Ингээд Наранчимэг эгчид мөнгөө авсан гэж итгүүлэх гэж нөгөө хүмүүсийг мөнгөө өгөхөөр нөхөөд хийнэ гэж бодоод  барьцааны гэрээний хуудас дээр худлаа нэр, хаяг, регистр утасны дугаар бичиж тооцоо хийж мөнгөө авснаар хааж байсан… гэсэн мэдүүлэг, /хх-ийн  79-81.р хуудас/

 

Н.Хишигмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...2012-5 дугаар сараас 2016-1 дүгээр сар хүртэл хугацаанд Наранчимэг эгчийн ломбарданд 250.000-350.000 төгрөгийн цалинтай ажилласан...,.би интернет сүлжээний талаар сонсоод өөрөө болон аавынхаа нэр дээр нийт 3.400.000 төгрөг авч сүлжээнд орсон бөгөөд мөнгөө хажуу талын ломбарднаас аваад буцааж төлөхийн тулд өөрийнхөө ажиллаж байсан ломбарднаас мөнгө авч  хуурамч падаан бичсэн…,           

 

Тэгээд хүүнээс хүү төлсөөр байгаад ийм байдалд хүрсэн. ...Би хуурамч падаан бичихдээ урьд нь авч байсан падаанаа хараад бичсэн..., Мөн барьцаагүйгээр хүмүүст итгэлцлээр зээл өгсөн..., Тэр зээлээ өөрийн дэвтэр   дээрээ бичээд хүүг нь авдаг байсан…, Сүлжээнд оруулсан мөнгөнөөсөө нэг ч төгрөг авч чадаагүй..., 200.000-300.000 төгрөг авсаар байгаад 2-3 саяыг өөртөө зарцуулсан, бас хүмүүст итгэлцлээр зээлүүлсэн нь үнэн..., Миний тооцоогоор хохирол 13-14 сая байх ёстой гэж үзэж байгаа..., Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргаж өгнө үү... гэсэн мэдүүлэг,

 

 -Хохирогч Ш.Наранчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 

2012 оноос 2013-7 дугаар сар хүртэл Н.Хишигмаатай хамт ажиллахад алдаа, дутагдал гаргаагүй учраас итгээд учир ямар нэгэн гэрээ хийлгүйгээр  цалинжуулж ломбардандаа ажиллуулсан..., Ингээд 2013 оны 07 дугаар сараас  түүнийг бие даан ажиллуулж орлого зарлагын дэвтрээ тус тусдаа хөтөлж., 2015 оны 03 дугаар сараас Хишигмаатай өглөө, оройдоо тооцоо хийж, авсан  барьцаагүй нь  жинлэж үздэг байсан..., 2015-10 дугаар сарын тооллогоор Балт гэдэг хүнд 3.200.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан..., Би Хишигмаад 2016 оны 01 дүгээр сард ажлаа авна гэж хэлж байсан бөгөөд нэг тоолж үзэхэд 2.0-3.0 сая төгрөг дутсан..., Гэтэл Хишигмаа 1.500.000 төгрөг хүнд өгсөн одоо аваад ирье гэж гарч яваад тэр чигээрээ  алга болсон. ...Хишигмаа нь хуурамч баримт бичдэг байсан байгаа юм. 137 ширхэг буюу 17 сая төгрөгний хуурамч баримт үйлдсэн байдаг. Анхнаасаа 1.500.000 төгрөг гэж худлаа яриад эхэлсэн..., би тооцоогоо бодоход 30 гаруй сая болсон. Ингэж тооцохдоо хүүг нь нэмсэн... харин шинжээч дүгнэлт гаргахдаа хүүг тооцохгүй гэсэн. Ингээд 29.494.000 төгрөгний хохирол гарсан. Маш олон хүмүүсийн нэр дээр баримт үйлдсэн байх боловч одоо нэг ч төгрөг төлөгдөөгүй байгаа. Иймд  29.494.000 төгрөг нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг,

 

 -Гэрч О.Гансэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 

...2014 онд 1.500.000 төгрөгийн зээл аваад 1.300.000 төгрөгийг нь буцааж өгсөн. Зээлийг хашаа байшингаа барьцаанд тавьж авсан..., Зээл авахдаа ломбарднаас авч байна гэж бодсон, гэхдээ ломбардны хуудас өгөөгүй..., одоо хүү нь хэд байсныг санахгүй байна..., эхлээд 350.000 төгрөг өгсөн... дараа нь 1.350.000 төгрөгийг өгөөд хашаа байшингийнхаа гэрчилгээг авсан... хүү нь үлдлээ гэж хэлж байсан..., Би энэ хохирогч гээд байгаа эгчтэй согтуу байхдаа утсаар ярьснаа санаж байна..., Тэгээд маргааш нь яриад мөнгөө өгье, гэхдээ одоо 200.000 төгрөг байна өгье гэхэд өмгөөлөгчтэйгээ ярина гээд дахиж холбогдоогүй... гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Ж.Цэцэгсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

 ...2016-01-19-ний өдөр би мөнгөний хэрэг гараад 2 мөнгөн аягаа Мэнд-Амар худалдааны төвийн “Ар залаат” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт тавьж 100.000 төгрөг авсан..., Миний барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн гэрээний дугаар нь 3973 байсан бөгөөд хугацаа нь 2016-02-04-ний өдөр дууссан тул би аягаа авахаар очиход өөр хүн байсан..., Би аягаа авах гэсэн юм гэхэд бичгээр үзээд таны аяга байхгүй байна гээд мөнгөн аяганууд дотор шүүж үзэхэд миний мөнгөн аяганууд байсан..., Тэр аягыг Мөнхболд /95091718/ гэдэг хүний нэрээр 2943 гэсэн зээлийн гэрээний дугаар дээр сольж бичсэн байсан... гэсэн мэдүүлэг, /хх-ийн  29-30.р хуудас/

 

 

-Гэрч Г.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

 ...Надад мөнгөний хэрэг болоод найз Хишигмаагийн барьцаалан зээлдүүлэх газарт монетон ээмэг, гинжийг 300.000 төгрөгний барьцаанд 2015-10-28-ны өдөр тавьсан ба  гэрээний дугаар 3409 байсан. Сар болгон 30.000 төгрөгийн хүү өгөөд сунгуулж байгаад  2016-01-28-ны өдөр Хишигмаад хүүгээ өгөхөөр очиход Нараа гээд эгч нь сууж байсан..., Миний барьцааны ээмэг, гинж байхгүй болсон учраас  Нараа эгчийн хамт барьцааны зүйл дотор шүүж үзэхэд ээмгийг нэг   хүний нэр дээр, гинжийг бас нэг өөр  хүний нэр дээр барьцааны хуудас бичиж тавьсан байсан ....гэсэн мэдүүлэг, /хх-ийн  34.р хуудас/

 

 -Гэрч Б.Содномбалжирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

 ...Би барьцаалан зээлдүүлэх газарт үйлчлүүлж үзээгүй…,  би 2002 оны 09 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл 99360131 гэсэн дугаарыг эзэмшиж байгаа. Миний өөрийн болон нөхрийн талын төрөл садан дотор Бямбацогт гэсэн нэртэй хүн байхгүй...  гэсэн мэдүүлэг ,/хх-ийн  61.р хуудас/

 

-Гэрч Б.Мөнхтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

 ...Би Мэнд-Амар худалдааны төвийн “Ар залаат” барьцаалан зээлдүүлэх газарт үйлчлүүлж байгаагүй гэтэл миний нэр дээр зээлийн гэрээний баримт бичжээ..., Миний нэр болон утас, регистрийн дугаар мөн байна..., гэрийн хаяг буруу байна. гарын үсэг минийх биш…, Би мөнгөн гинж барьцаанд тавьж байгаагүй миний нэр дээр хуурамч гэрээ бичсэн байна... гэсэн мэдүүлэг, /хх-ийн  63-64.р хуудас/

 

 -Гэрч Х.Чулуунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

 ...Би “Ар залаат” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлж байгаагүй. 99368031 дугаарын утсыг би 2000 оноос хойш эзэмшиж байгаа. Миний гэр бүл найз нөхдийн дунд Энхмаа, Мягмарсүрэн гэдэг нэртэй хүн байхгүй... гэсэн мэдүүлэг ,/хх-ийн  65.р хуудас/

 

Гэрч Т.Эрдэнэжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

 ...Би “Ар залаат” нэртэй ломбардыг мэдэхгүй, үйлчлүүлж байгаагүй. Би 3392 нэртэй зээлийн гэрээ байгуулаагүй энэ хуурамч гэрээ байна... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 71.р хуудас/

 

-Гэрч Ж.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

 ...Энэ гэрээ нь надтай хийж байсан гэрээ биш байна..., Миний нэр, гэрийн хаяг, регистрийн дугаар, утасны дугаар авч байсан, 70.000 төгрөг гэж мөн байна..., Харин монетон бөгж гэж худлаа бичсэн байна..., би монетан гинжээ барьцаанд тавьж байсан. Би 2015 оны 05, 06 сард гэрээ байгуулсан..., миний гарын үсэг биш байна... гэсэн мэдүүлэг, /хх-ийн  93.р  хуудас/

 

-Гэрч С.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

 ...Би “Мэнд-Амар” худалдааны төвийн ломбардны Хишигмаа гэх эмэгтэйд мөнгөн гинжээ тавьж мөнгө авч байсан..., Ямар нэгэн байдлаар хугацаа хэтрүүлж байгаагүй, цаг тухайд нь авчихдаг байсан..., Энэ гэрээ надтай хийж байсан гэрээ биш..., Энэ гэрээн дээрхи миний гарын үсэг биш өөрөөр зурсан байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 94 хуудас/ болон мөрдөн байцаагчийн  2016-02-15-ны өдрийн тогтоолоор  шинжээчээр томилогдсон “Далай ван” аудитын  Орхон аймаг дахь салбарын шинжээч нь эрүүгийн хэрэг шалгах ажиллагаанд тусгай мэдлэг олгох зориулалтаар “Ар залаат” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх ажиллагааны баримтанд санхүүгиийн дүн шинжилгээ хийсэн “Далайван Аудит” ХХК-ийн шинжээчийн  гаргасан :

 

“...Одоогийн байдлаар гаргасан боловч орж ирээгүй хугацаа хэтэрсэн, барьцаагүй мөнгөний нийт дүн 29.494.000 төгрөг болж байна..., дутсан гэх мөнгөнөөс хүү тооцох үндэслэл байхгүй /гэрээ хэлцэл хийж гарын үсэг зуруулж өгөөгүй/ учир хүүг тооцоогүй болно...” гэсэн дүгнэлт / х.хийн 98-109-р хуудас/ зэргээр нотлогдож тогтоогдож байна.

 

            Үүнээс үзвэл Н.Хишигмаа дээрх 29.484.00 төгрөгийн 7.350.000 төгрөгийг бусдад итгэлцлээр өгч  үрэгдүүлсэн, 22.144.000 төгрөгийг хуурамч бичиг баримт, гэрээний хуудас үйлдэж авч завшин нийт 29.494.000 төгрөгийн буюу бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх түүнд хуульд заасан ял оногдуулсан  нь түүний гэм бурууд тохирчээ.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо бодит нотлох баримтанд дүн шинжилгээ хийж, барьцаалан зээлдүүлэх газрын данснаас гарсан боловч орж ирээгүй, хугацаа хэтэрсэн болон барьцаа байхгүй, хуурамч баримт бичиж гаргасан мөнгөний  үндсэн дүнгээр тооцсон бөгөөд хүү, алданги тооцоогүй нь хуульд нийцэж байна.

 

Мөн Н.Хишигмаа нь хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаанд байх үед биеийн эрүүл мэндийн байдал муудаж эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бөгөөд энэ талаар  Шүүх сэтгэц гэм судлалын 2016-02-24-ний өдрийн магадлагаагаар:

 

 …Хэргээс өмнө Н.Хишигмаа нь сэтгэцийн хувьд эрүүл, байсан...Одоо бол сэтгэцийн хувьд “тежялый депресс” өвчтэй байна..., энэ өвчний улмаас эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэж байна.

 

...Одоогоор мэдүүлэг өгөх чадваргүй, ...Сэтгэл гутралын эмчилгээ үр дүнтэй болсны дараа мэдүүлэг өгөх чадвартай болно..., Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай... гэсэн дүгнэлт, /хх-ийн  118.р хуудас/

 

-Шүүх сэтгэц гэм судлалын 2016-10-05-ны өдрийн магадлагаанд:

 

1.Н.Хишигмаагийн сэтгэл гутрал өвчин эдгэрсэн..., цаашид эмчилгээ хийлгэх шаардлагагүй… үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай..., хэрэг хариуцах чадвартай... гэсэн дүгнэлт / хх-ийн  75.р хуудас/ гарчээ.

 

Н.Хишигмаа нь “...миний тооцоогоор 17.0 сая төгрөг  байх...” гэж, мөн  “...миний тооцооноос их тооцоо байна...”  гэж тус тус мэдүүлж байгаа боловч  энэ талаар хавтаст хэрэгт ямар нэгэн нотлох баримт авагдаагүй байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хийвэл зохих ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлж, үнэлсэн, хэрэгт ач холбогдол бүхий дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, ялтан, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авчээ.

 

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Н.Хишигмаагийн гаргасан “...хохирлын хэмжээг бодитой тогтоож өгнө үү... мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэсэн, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан “...шүүх хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн..., Н.Хишигмаа энэ хэргийн субъект биш..., хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэсэн  давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт ялтныг “эрэгтэй” гэж буруу бичсэн байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Н.Хишигмаа болон түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

          2.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл ялтан болон хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, Улсын ерөнхий прокурор магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.