Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 360

 

ШИЙДВЭР

 

    2016-06-09    №360    Хэрлэн сум    

 

 

 


Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:156/2016/00324/И
                                                                                                         
               Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч          Ж. Болдбаатар би
               Нэхэмжлэгч: Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулах Төгс-Дүүрэн ХХК-ийн нэхэмжлэлтэй, 
               Хариуцагч: Хэнтий аймаг, Жаргалтхаан сум, 3 дугаар баг, Баян-Эрдэнэ багт оршин суух, иргэн  Санжмятавын Банзрагчид холбогдох  
             Орон сууцны үлдэгдэл төлбөр 21 107 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                             
                                                                                                             
ТОДОРХОЙЛОХ НЬ:
  Нэхэмжлэгч “Төгс-Дүүрэн” ХХК-ийн захирал Н.Батхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
  “Төгс-Дүүрэн” ХХК нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвд 8 айлын орон сууцыг барьж, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан юм.
Хариуцагч Банзрагч нь өөрийн хүү Энхбатын Олзбатыг төлөөлж уг 8 айлын орон сууцанд 2 өрөө 31м2 байрыг захиалж гэрээ байгуулан, орон сууцны үнэ 26 350 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож орсон.
Ингээд Банзрагч нь 2015 оны 02 дугаар сарын 26-нд 1 000 000, 2015 оны намар           6 000 000 төгрөг, 300 000 төгрөг, нийт 7 300 000 төгрөг төлж, үлдэгдэл 19 050 000 төгрөгөө янз бүрийн шалтаг хэлээд төлөхгүй өнөөдрийг хүрч байна.
Компаний зүгээс үлдэгдэл  өр төлбөрөө төлөхийг байнга шаарддаг бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орон сууцны бүх оршин суугчдад 2015 оны 10 дугаар сарын 10-наас үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги тооцох тухай мэдэгдэл өгсөн.          Мөн гэрээнд гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.2 хувиар алданги тооцохоор тохирсон юм.
Иймд 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 2016 оны 04 дүгээр сарын 01 хүртэл хугацаанд: 6 сар*30 хоног=180 хоног, нэг хоногийн алданги 38 100 төгрөгөөр тооцоход             6 858 000 төгрөг болж байна.
Тус компани уг орон сууцыг барихдаа банкнаас зээл авсан бөгөөд хүүтэй мөнгө төлдөг. Гэтэл Банзрагч нь өөрийн худалдаж авсан орон сууцны төлбөрийг хугацаандаа төлж барагдуулахгүй компанийг хохироож байх тул хууль болон гэрээнд заасан дагуу алданги         6 858 000 төгрөгийн 30 хувь буюу 2 057 400 төгрөгийг үндсэн төлбөр дээр нэмж, бүгд             21 107 400 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү  гэжээ.

  Хариуцагч С.Банзрагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
  Миний бие “Төгс-Дүүрэн” ХХК-ийн орон сууцны үлдэгдэл төлбөр болох 21 107 400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

 Нэхэмжлэгч Н.Батхүүтэй ярилцаж тохиролцсоны үндсэн дээр алдангийн  2 057 400 төгрөгийг нийт үнийн дүнгээс хасуулж 19 050 000 төгрөгийг, мөн нэхэмжлэгч компаниас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 263 500 төгрөгийн нийт 19 313 500 /арван есөн сая гурван зуун арван гурван мянга таван зуу/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар боллоо.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.  

  Шүүх  зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад     
                                                                                                                                                                                                                                                          
ҮНДЭСЛЭХ НЬ:

  Нэхэмжлэгч Төгс-Дүүрэн ХХК-ийн захирал Н.Батхүү нь хариуцагч С.Банзрагчаас   худалдсан  орон сууцны үлдэгдэл төлбөрт 21 107 400  төгрөгийг   нэхэмжилсэн ба нэхэмжлэгч компани болон хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төгс-Дүүрэн ХХК нь хариуцагчаас алданги тооцож 2 057 400 төгрөг нэхэмжилж байсан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч С. Банзрагч нь худалдан авсан орон сууцны үлдэгдэл төлбөрт 19 050 000 төгрөгийг, мөн нэхэмжлэгч компаниас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 263 500 төгрөг, нийт 19 313 500 төгрөгийг 2016.12.31-ний дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
          
             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 1. Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулах Төгс-Дүүрэн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэн С.Банзрагчаас худалдсан орон сууцны үлдэгдэл төлбөрт 21 107 400 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нь 19 313 500 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар нэхэмжлэгч компаниас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 263 500 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Банзрагч нь 19 313 500 төгрөгийн зөвшөөрөлдөө улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч компаниас урьдчилан төлсөн 263 500 төгрөгийг оруулан тооцож төлөхөөр болсныг дурдсугай. 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.


ШҮҮГЧ                                    Ж. БОЛДБААТАР