Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 000019

 

                                Т.Отгонбаярт холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай

                                                                      Хэргийн индекс 142/2016/0197/Э

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч, Ц.Туяа, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Ц.Идэрмөнх

            Ялтан                                     Т.Отгонбаяр

            Ялтны өмгөөлөгч                            Х.Оюунбат

            Хохирогч                                           М.Лхамжав

            Хохирогчийн өмгөөлөгч                Д.Энхбаяр

            Нарийн бичгийн дарга                   Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолтой Т.Отгонбаярт холбогдох, 201614000305 дугаартай, эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгч Х.Оюунбат, ялтан Т.Отгонбаяр, хохирогч М.Лхамжав нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Алтангадасын 1-01 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2007 онд Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар ял хойшлуулж байсан, ФМ-Т389090990 регистрийн дугаартай, Шарнууд овогт Түмэнжаргалын Отгонбаяр.

 

Ялтан Т.Отгонбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн хуучин тосгон 6-30 тоотод архи ууж согтууран уг хашааны гадаа иргэн Г.Гантулгыг зодож санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Шарнууд овгийн Түмэнжаргалын Отгонбаярыг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр 91.1.д зааснаар шүүгдэгч Т.Отгонбаярыг 14 /арван дөрөв/ жилийн хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6.д зааснаар шүүгдэгч Т.Отгонбаярт оногдуулсан 14 /арван дөрөв/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Т.Отгонбаярын цагдан хоригдсон 141 /нэг зуун дөчин нэг/ хоногийг түүний эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаач Г.Гантулгын өмссөн байсан саарал өнгийн фудволк, хар өнгийн шорт, шоон хээтэй дотоож, цогцосноос авсан хумс, үс, цусны дээж, гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан Г.Ганбатаас хураан авсан цэнхэр өнгийн биеийн тамирын хамба хилэн материалтай өмд, бор эрээн өнгийн дотуур өмд, хар өнгийн хос пүүз, хар өнгийн дотоож, хумс, үс, цусны дээж, гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан Отгонбаяраас хураан авсан хар өнгийн ханцуйтай даавуун цамц, ногоон өнгийн өмд, цагаан өнгийн хос пүүз, хар цоохор хос оймс, хумс, үс, цусны дээж, гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан Г.Дүгэрээс хураан авсан цэнхэр өнгийн ажлын өмд, хар хөх өнгийн дотуур өмд; цэнхэр өнгийн хос оймс, ажлын өмдийг тэлээлж уясан байсан ягаан цайвар өнгийн даавууны тасархай, хагас түрийтэй өрөөсөн гутал, хар өнгийн өрөөсөн углааш, хумс, үс цусны дээж, гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байсан У.Чойжамцаас хураан авсан бор шаргал өнгийн биеийн тамирын өмд, биеийн тамирын цэнхэр өмд, хар өнгийн хос пүүз, хөх өнгийн хос оймс, хар саарал өнгийн дотоож 1 ширхэг, хумс, үс, цусны дээж, гэрч П.Гүнжинлхамаас хураан авсан цагаан өнгийн хагас урттай цамц, хумс, үс, цусны дээж, хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан улаан өнгийн биеийн тамирын цамц, хагас түрийтэй өрөөсөн гутал, хар өнгийн иштэй хутга, хэргийн газрын нөхөн үзлэгийн үед хураан бэхжүүлэн авсан цус мэт зүйлээс дээжилж авсан довжоон дээрээс бэхжүүлэн авсан дээж, хашаан доторхи өвсөн дээр бохирлогдсон байсан цус мэт зүйлээс дээжилж авсан панер дээр тогтсон цус мэт зүйлийг бэхжүүлэн авсан ногоон өнгийн будаг панертэй цус мэт зүйлтэй хэсэг, саарал өнгийн юүдэнтэй цамц, хүрэн бор өнгийн углааш зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1.д зааснаар шүүгдэгч Т.Отгонбаяраас 13.083.736 /арван гурван сая наян гурван мянга долоон зуун гучин зургаа/ төгрөг гаргуулж хохирогч М.Лхамжавт олгож, хохирогч нь амь хохирогчийн олох байсан ашиг орлого, сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Отгонбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргах нь:

 

Т.Отгонбаярт холбогдох хэргийг шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хэрэг учрал болсон гэх үйл явдлыг нотлох зорилгоор мэдүүлэг шалгах ажиллагааг хийсэн байдаг бөгөөд уг ажиллагаанд оролцсон гэрчүүдийг нэг өдөр хэдэн минутын зөрүүтэй шалгах ажиллагааг явуулсан байдаг. Хөндлөнгийн гэрчээр оролцсон Охиндой, Бямба-Очир нар нь хэрэг учралыг тогтоох ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон гэж тэмдэглэгдсэн /хх-ийн 52, 55, 58-р хуудас/ гэтэл мэдүүлэг шалгах ажиллагааны гэрэл зурагт хөндлөнгийн гэрч бус гэрчийн мэдүүлгээ үйл хөдлөлөөр тодорхойлж тайлбарлах ажиллагаанд оролцсон этгээдүүд болох нь гэрэл зургаас харагддаг. Дээрх этгээдүүд нь Охиндой болон Бямба-Очир нар биш гэж үзвэл хэн гэгч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож тодорхой үйлдлийг хийж үзүүлээд байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Энэ нь мэдүүлэг шалгах ажиллагаанд хэн хэн оролцсон болох тодорхойгүй болж нотлох баримт хууль ёсны байх шаардлагыг хангаагүй билээ.

 

Шинжээчийн дүгнэлтүүд хохирогч болон сэжигтэн, гэрч нарт 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр танилцуулсан тухай / хх-ийн 125, 128, 129, 153-р хуудас/ гэвч хэв авах шинжилгээ болон бусад шинжилгээг 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр авч байгаа тухай хэрэгт нотлох баримтаар авагдсан / хх-ийн 43, 45, 47, 48, 59-р хуудас/ хэзээ нь шинжилгээ хийж хэзээ нь танилцуулсан нь зөрүүтэй өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт гараагүй байхад дүгнэлт танилцуулсан гэх баримтанд гарын үсгүүдийг зуруулсан.

 

Хавтаст хэргийн 32-х хуудаст Г.Төмөрийн биед үзлэг хийсэн байхад Дүгэр гарын үсэг зурсан нотлох баримт, гэрч байцаагч Анхбаяр нь Г.Ганбатыг 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 27 минутанд байцаалтыг эхэлж 2016 оны 06 дугаар сарын 12-ны 15 цаг 59 минутанд байцаалтыг дуусгасан гэх атлаа мөн өдрийн 15 цаг 54 минутанд У.Чойжамцыг гэрчээр байцааж эхэлсэн зэрэг нь гэрчийг нэг дор нэг цаг хугацаанд байцаасан байдалтай нотлох баримт хэрэгт авагдсан / хх-ийн 87, 96-х хуудас/, мөн гэрч Ц.Буянхүу, Ю.Гомбо нарыг байцаасан байцаалт цаг хугацаанд давхацсан баримт / хх-ийн 94, 95-х хуудас/, Т.Отгонбаярыг хэн гэх байцаагч байцаалт явуулж мэдүүлэг авсан нь тодорхойгүй /хх-ийн 75-р хуудас баримт/ Анхбаяр гэх мөрдөн байцаагч байцаасан мэт байх боловч гарын үсэггүй /2016.06.22 / гэх зэрэг нотлох баримтууд хууль ёсны байх гэсэн нотлох баримтыг шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.т заасан нотлох баримт гэж үзэх боломжгүй байгаа юм. Нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй баримтуудыг анхан шатны шүүх нь үндэслэлтэй гэж үзэж Т.Отгонбаярын мэдүүлэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт хамааралтай, шүүх үнэлэх боломжтой гэж үзэж дүгнэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчлөө гэж үзэж байна.

 

2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 50 тоот дүгнэлт нь талийгаачийн биед олон тооны гэмтэл байгааг нотолж дүгнэсэн. Гэтэл дээрх гэмтлүүдийг хэн учруулсан болохыг бүрэн нотлоогүй. Бүх учруулсан гэмтлийн хариуцлагыг Т.Отгонбаярт тулгаж байгаа нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох ажиллагаа хийсэнгүй гэж үзэх үндэслэл болж байна. Учир нь хэрэгт оролцсон гэх гэрчүүдийн үйлдлийг бүрэн тогтоогоогүй. Дүгэр, Ганбат, Чойжамц, Отгончимэг, Отгонбаяр, Гүнжинлхам хохирогч Гантулга нарын хэрэгт оролцсон үйлдлийг бүрэн тогтоогоогүй.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.

 

Ялтан Т.Отгонбаяр давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Миний бие Түмэнжаргалын Отгонбаяр нь талийгаач Г.Гантулгыг алах гэсэн санаа зорилго байгаагүй. Зодооныг таслан зогсоох гэж зогсож байсан. Дээрх байдлыг анхаарч хэргийг шийдвэрлэж өгөөч. Гэрчүүд хэрэг учралын болсон газрыг буруу тодорхойлж байна. талийгаач Гантулгыг уурлуулж бухимдуулж биед нь гэмтэл учруулж байсан этгээдүүд болох Г.Дүгэр, Ганбат нарын үйлдлийг тогтоосноор хэн хэн ямар ямар гэмтлүүдийг талийгаачид учруулсан болохыг тогтоогдон гэж бодож байна.

 

Иймд хэргийг зөв бүрэн тогтоож шийдвэрлэж өгөөсэй гэж хүсч байна. Талийгаач намайг цохиж байсан үйлдлийг таслан зогсоох гэж сөргүүлж нэг цохьсон нь талийгаачийн эрүүнд туссан байж магадгүй гэж чинь үнэнээ хэлж байгаа.

 

Миний цохих болсон шалтгаан биед нь гэмтэл учруулъя гэж бодоогүй. Түүний дайрч, давшилж цохиж байсан үйлдлийг зогсоох санаатай байсан. Дахиад цохих гэж байсан гар руу нь цохьсон гэж бодтол эрүү хавьцаа туссан байж магадгүй гэж би өөрийн бодлоо хэлж байгаа. Дээрх байдлыг анхаарч үзнэ үү гэжээ.

 

Хохирогч М.Лхамжав давж заалдах гомдолдоо:

 

Энэ хэргийн улмаас миний бие ганц хүүгээ алдаж, 0-3 насны ач хүүхдүүд маань эцэггүй болж нөхөж баршгүй асар их хүнд гарз хохирол учирлаа.

 

Миний хүүгийн амийг хороосон Отгонбаяр гэгчид 14 жилийн хорих ял оноож байгаа нь ял хөнгөдлөө гэж үзэж байна. Энэ хүний ар гэр гэж шүүх хурлын заал дүүрэн хүмүүс ирж оролцсон атлаа оршуулгын зардалд нэг ч төгрөг өгсөнгүйд туйлын гомдолтой байна. Бид бүхэл бүтэн хүнээ алдаж дээр нь сэтгэл санааны хохирол, оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлс асар их хохирол гараад байхад үүнд санаа нь зовнисон байтугай үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал огт байсангүй, харин ч шүүгдэгч, шүүгдэгчийн эх, ах нар нь бүхэл бүтэн хүний амь хохирчихоод байхад зөвхөн өөрийнхөө хүнийг гэж түүнд санаа тавьж, хүүхдээ буруугүй болгох гэж хөөцөлдөж намайг болон хоёр нялх хүүхдийг нь яаж амьдруулах талаар огт бодохгүй байгаад маш их гомдолтой байна.

 

Энэ хэргийн улмаас миний бие тээж төрүүлж 25 жил дэргэдээ өсгөсөн ганц хүүгээ алдаж асар их сэтгэл санааны хохирол амсаад байхад шүүх сэтгэл санааны хохирлыг орхисонд гомдолтой байна. Мөн хүүгийн маань олох ёстой байсан орлого болох 40.000.000 төгрөгийг гаргуулж авмаар байна.

 

Шүүгдэгч Отгонбаярын хоёр ах нь Солонгос улсад ажилладаг бөгөөд хохирол төлбөр төлөх бүрэн боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

“Шарнууд” овогт Түмэнжаргалын Отгонбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн хуучин тосгон 6-30 тоот хашааны гадаа иргэн Г.Гантулгыг зодож санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

 

Хохирогч М.Лхамжавын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн үүрийн  03 цагийн үед 99789835 гэх манай бэрийн гар утаснаас нэг эмэгтэй хүн Онолоогийн эхнэр байна. Тулгаа ухаан орохгүй байна, 4 залуу зодсон гэж хэлсэн..., ...хүү маань бэрийн хамт урд шөнө Орхон аймагт ирээд Орхон аймагт ажил хийж байсан найзууд болох Жамцаа, Найнаа, Дүгэрээ, Оогий /бүтэн нэрийг сайн санахгүй байна/ нартай уулзаж архи уусан юм байна. Би болсон явдлын талаар сайн мэдэхгүй байна. Миний хүүгийн амь насанд эдгээр залуучууд хүрсэн байна. Маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 69-р хуудас/,

 

Гэрч Б.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

 “...2016 оны 06 дугаар сарын 12-ны шөнө 02 цаг 45 минутанд 98257605 дугаарын утаснаас эмэгтэй хүн “Тосгоны 6-30 тоотод хүн ухаан алдаад уначихлаа” гэсэн дуудлага өгсний дагуу 02 цаг 20 минутанд хаягаар очсон. Тосгоны 6-30 тоот айлд очиход модон хашаатай хойшоо харсан хаалгатай айл байсан бөгөөд явган хүний хаалганаас зүүн зүгт гэрлийн шон болон догол хашааны хооронд хөндлөн байрлалд эрэгтэй хүн хоёр хөл, хоёр гар нь дэлгээстэй, дээшээ хараад хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Би уг хүний биед үзлэг хийхэд амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогссон байсан..., ...уг иргэний биед нүүр царайд ил харагдах гэмтэл шарх харагдаагүй, зүрхийг чагнаад судасны цохилтыг тоолж үзэхэд орж ирэхгүй бүгд зогссон байсан бөгөөд хүүхэн харааг шалгаж үзэхэд өргөссөн байсан тул баруун талын чих рүү гэрэл тусгаж үзэхэд чихний дотор талд нилээн цаана бага зэрэг цус харагдаж байсан. Тэгээд би тархины битүү гэмтэл авсан байж болзлшгүй юм байна гэж бодсон. Миний бодлоор биднийг очих үед уг иргэн нас бараад 10-15 минут болсон байсан байх. Хүүрний хөшилт хүүрийн толбо, үүсээгүй гадаа хүйтэн байсан болохоор бага зэрэг хөрсөн байдалтай, хүүхэн хараа нь өргөссөн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 70-р хуудас/,

 

Гэрч О.Туяацэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...би сэрээд гэрээсээ гартал Гантулга ахаас бусад 4 залуу нь хоорондоо маргалдаад зодолдоод байхаар нь би та нар ямар сонин хүмүүс вэ цагдаа дуудлаа шүү гээд хашаанаасаа хөөгөөд гаргасан. Тэр үед Гантулга ах гэр дотроо бөөлжөөд сууж байсан. Гантулга ах гараад тэд нар дээр очсон чинь андуурсан уу албаар цохисон уу мэдэхгүй дээр нь гарч суугаад нэг удаа нүүрэн тус газар нь цохиод нөгөө хэд нь салгасан..., ...Гантулга ах хойшоо байж бай гээд холд гээд байсан нөгөө хориглож байсан дээгүүрээ цээж нүцгэн байсан залуу нь чи ямар ядаргаатай юм бэ гээд Гантулга ахыг хашаа налуулаад нүүр рүү нь миний харснаар 3-4 удаа цохиод байсан. Гэтэл Гантулга ах доошоо унасан, тэгээд нөгөө найзууд нь хаяад цаашаа явсан. Өөдөөс эгч очоод Гантулга ах унасныг хараад буцаж гүйгээд ээжид хэлээд ээж гарч ирсэн. Ээж ирээд уруул дээр нь дараад сэргэхгүй байсан, Өөдөөс нь эгч зүрхэн дээр нь дарсан боловч сэргэхгүй байсан би өөрийнхөө 98257605 утсаар цагдаагийн газар болон эмнэлэг рүү дуудлага өгсөн..., ...Дүгэрээ нь цээж нүцгэн байсан..., ...Ямар ч байсан өөр нэг залуу буюу Гантулга ахыг хашаа налуулаад цохьсон ах бас цээж нүцгэн байсан. Тэр ах нөгөө Дүгэрээ гэдгээс арай өндөр залуу байсан. Миний харснаар ямар ч байсан тэр цээж нүцгэн залууд цохиулаад газар унасан. Гантулга ах доошоо суугаад унасан тэгээд босч ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 77-80-р хуудас/,

 

Гэрч С.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Байшинд ороод удаагүй байтал Гүнжинлхам гүйж ирээд хашааны гадаа зодолдоод салахгүй байна та гараад салгаад өгөөч гэсэн. Би за гэж хэлээд Гүнжинлхам буцаж яваад улмаар гарах гээд гутлаа өмсөөд байшингаасаа гараад явж байтал өөдөөс Гүнжинлхам дахиж гүйж гарч ирээд Гантулга ухаан алдаад уначихлаа, босохгүй байна, та хамар дээр нь дараад өгөөч гэсэн яасан юм бэ ухаан алдаж татаж унадаг юм уу гэсэн чинь үгүй ээ гэж хэлсэн. Тэгээд дагаад хашааны ард гартал Гантулга манай зүүн талын айлын хашааны зүүн үзүүрт шонгийн модны доор өвсөн дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан бөгөөд очоод хамар дээр нь дарсан ямар нэг үйлдэл үзүүлээгүй, ухаангүй байдалтай байгаад байсан. Ингээд манай охин Туяацэцэг цагдаагийн газар болон түргэн тусламжийн газар руу утасдаж дуудлага өгсөн бөгөөд удалгүй эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 1-р хавтасны 83-84-р хуудас/,

 

Гэрч П.Гүнжинлхамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Дүгэрээ түрүүлээд хашааны хаалгаар гараад явсан. Араас нь миний нөхөр Гантулга, Оогий, Жамцаа, Ганбат нар гарсан. Би дүү Туяацэцэгийг дагуулаад араас нь гарсан чинь миний нөхөр газар уначихсан түүний дээр Дүгэрээ хэвтчихсэн ноцолдоод нөгөө хэд нь салгах гээд байж байсан. Огий миний нөхрийг хорьж байгаад ямар ядаргаатай пизда вэ гэж хэлээд гурав дөрвөн удаа цохисон чинь нөхөр минь газар унасан. Би нөхрөө унахаар нь гүйгээд очсон чинь ухаан алдсан юм шиг байхаар нь эргэж ороод Отгончимэг эгчид хэлсэн. Туяацэцэг миний нөхрийн хажууд үлдсэн. Туяацэцэг эмнэлэг рүү дуудлага өгсөн. Түргэний эмч ирж үзээд миний нөхрийг нас барсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 72-73-р хуудас/,

 

Гэрч Г.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Гантулга араас гарч ирээд Дүгэрээ чи манай эхнэрийг гичийгээр нь дууддаг хэн бэ гээд маргалдаад барьцалдаж аваад нэгийгээ цохисон зүйл байхгүй, газар унаад дээр доороо ороод байхаар нь би очиж Дүгэрийг татаж аваад цаашаа аваад явсан. Гантулгыг Отгонбаяр босгож авсан тэгтэл тэр хоёр дахиж зодолдох гээд хэрэлдээд бие биерүүгээ дайраад байсан. Бид нар хооронд нь уулзуулаагүй салгаад ойртуулаагүй тэгтэл Гантулга Отгонбаяр руу дайраад чи яах гээд байгаа юм гээд би Дүгэрийг аваад цаашаа явж байгаад эргээд хартал Отгонбаяр талийгаач Гантулгын нүүр рүү 1-2 удаа цохисон чинь талийгаач доошоо суусан. Тэгээд Отгонбаяр талийгаачийг тэнд нь үлдээгээд бид нарын араас гүйгээд ирсэн. Хашаанд барьцалдаж муудалцаж байхдаа Дүгэр, Отгонбаяр нар дээгүүрх хувцасаа тайлчихсан цээж нүцгэн байсан. Отгонбаяр өндөр, Дүгэр намхан нуруутай, Миний харснаар Отгонбаяр нүүрэн тус газар руу хоёр удаа цохиж байсан тэр үед пид хийх чимээ гарсан тэгээд цохиулаад унасан байсан. Яг унаж байхыг бол хараагүй, нэг харахад унасан байсан. Ямар ч байсан харанхуй юм бүдэг анзаарагдахаар харагдаж байсан. Отгонбаяр талийгаачийг салгаад аваад үлдсэн ардаас талийгаач орилоод хашгираад байсан сүүлдээ Отгонбаяртай маргалдаад хэрэлдээд байсан. Тэгтэл нэгийгээ цохих чимээ гарсан эргээд харахад Отгонбаяр талийгаачийн нүүрэн тус газар руу цохиж байгаа нь харагдсан талийгаач доошоо суусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 87-91-р хуудас/

 

Гэрч У.Чойжамцын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“Хашаан дотор Дүгэр, Отгонбаяр бид гурав гэрт болсон хэрүүлээс болж маргалдаад байж байсан. Отгонбаяр, Дүгэр хоёр подволкоо тайлаад дээгүүрээ нүцгэлсэн. Тэгээд нөгөө айлын охин гарч ирээд цагдаа дуудлаа шүү та нар яв гэж хөөгөөд хашаанаасаа гаргасан. Хашаанаас гарахаас өмнө Отгонбаяр миний хамар руу цохиж улмаар цус гаргасан. Хашаанаас гараад маргалдаж байтал Гантулга гарч ирээд Дүгэр рүү чи манай эхнэрийг юу гээд байгаа юм гээд дайрсан. Тэр хоёр барьцалдаж аваад Дүгэр Гантулгын нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд газар унаад дээр доороо ороод байсан бөгөөд Отгонбаяр Ганбат нар очиж салгасан. Дүгэрийг Ганбат аваад баруун тийшээ город руу явсан. Отгонбаяр Гантулгыг аваад хашааны хажуу талд байж байсан бөгөөд тэр хоёр бас хэрэлдэж маргалдаж байгаад пид хийх чимээ гарсан. Эргээд хартал Отгонбаяр Гантулгыг цохих шиг болсон. Гантулга доошоо хашаа налаад унаж байсан. Би Ганбат Дүгэр хоёрын араас явж байтал араас Отгонбаяр гүйгээд ирсэн. Отгонбаяр цохиж гэмтээсэн, пид гэх чимээ гарсан эргээд хартал талийгаач унаж байсан. Өөр тэнд хажууд нь ямар нэгэн эрэгтэй хүн байгаагүй, эхнэр нь байсан. Ямар ч байсан би Отгонбаярын гараа далайж байгааг харсан, талийгаачийн унаж байгааг харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 96-98-р хуудас/ болон шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгүүд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд, бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хэргийг зүйлчилсэн зүйлчлэл зөв, шүүгдэгчид оногдуулсан хорих ял, түүнийг эдлүүлэх дэглэм гэм бурууд нь тохирсон. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Ялтны өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...Хөндлөнгийн гэрчээр оролцсон Охиндой, Бямба-Очир нар нь хэрэг учралыг тогтоох ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон гэж тэмдэглэгдсэн /хх-ийн 52, 55, 58-р хуудас/ гэтэл мэдүүлэг шалгах ажиллагааны гэрэл зурагт хөндлөнгийн гэрч бус гэрчийн мэдүүлгээ үйл хөдлөлөөр тодорхойлж тайлбарлах ажиллагаанд оролцсон этгээдүүд болох нь гэрэл зургаас харагддаг. Дээрх этгээдүүд нь Охиндой болон Бямба-Очир нар биш гэж үзвэл хэн гэгч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож тодорхой үйлдлийг хийж үзүүлээд байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Шинжээчийн дүгнэлтүүд хохирогч болон сэжигтэн, гэрч нарт 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр танилцуулсан тухай / хх-ийн 125, 128, 129, 153-р хуудас/ гэвч хэв авах шинжилгээ болон бусад шинжилгээг 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр авч байгаа тухай хэрэгт нотлох баримтаар авагдсан / хх-ийн 43, 45, 47, 48, 59-р хуудас/ хэзээ нь шинжилгээ хийж хэзээ нь танилцуулсан нь зөрүүтэй өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт гараагүй байхад дүгнэлт танилцуулсан гэх баримтанд гарын үсгүүдийг зуруулсан. Хавтаст хэргийн 32-х хуудаст Г.Төмөрийн биед үзлэг хийсэн байхад Дүгэр гарын үсэг зурсан нотлох баримт, гэрч байцаагч Анхбаяр нь Г.Ганбатыг 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 27 минутанд байцаалтыг эхэлж 2016 оны 06 дугаар сарын 12-ны 15 цаг 59 минутанд байцаалтыг дуусгасан гэх атлаа мөн өдрийн 15 цаг 54 минутанд У.Чойжамцыг гэрчээр байцааж эхэлсэн зэрэг нь гэрчийг нэг дор нэг цаг хугацаанд байцаасан байдалтай нотлох баримт хэрэгт авагдсан / хх-ийн 87, 96-х хуудас/, мөн гэрч Ц.Буянхүу, Ю.Гомбо нарыг байцаасан байцаалт цаг хугацаанд давхацсан баримт / хх-ийн 94, 95-х хуудас/, Т.Отгонбаярыг хэн гэх байцаагч байцаалт явуулж мэдүүлэг авсан нь тодорхойгүй /хх-ийн 75-р хуудас баримт/ Анхбаяр гэх мөрдөн байцаагч байцаасан мэт байх боловч гарын үсэггүй /2016.06.22 /...” гэсэн гомдол гаргаж байгаа боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 52, 55, 58-р хуудас/-эд хөндлөнгийн  гэрчээр оролцуулсан Г.Охиндойг гэрчүүдийн мэдүүлгийг шалгасан тэмдэглэлд хавсаргах гэдэг зургийн үзүүлэлтэнд гэрчийн мэдүүлгийг үйл хөдөлгөөнөөр үзүүлэн тайлбарлах ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.т заасан “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэрээр байцаан шийтгэх тодорхой ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд оролцсон иргэнийг хөндлөнгийн гэрч гэнэ гэснийг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл Г.Охиндой нь энэ хэрэгт хувийн сонирхолгүй хөндлөнгийн гэрчээр оролцож, гэрчийн мэдүүлгийг гэрэл зургаар баталгаажуулахад дүрс, үйл хөдлөлөөр харуулж оролцсон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна. Мөн шинжээчийн дүгнэлтүүд, хэв авах шинжилгээ, шинжээчийн дүгнэлтүүдтэй хохирогч, гэрч, сэжигтэн нар танилцуулсан тэмдэглэлүүд зэрэг нь 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр буюу нэг өдөр давхацсан нь хэзээ нь шинжилгээ хийж, хэзээ нь танилцуулсан нь зөрүүтэй, шинжээчийн дүгнэлт гаргаагүй байхад дүгнэлт танилцуулсан баримтанд гарын үсэг зуруулсан гэсэн ойлголт биш бөгөөд эдгээр байцаан шийтгэх ажиллагааны зарим цаг хугацааны давхацлууд болон гэрч Г.Ганбат, У.Чойжамц, Ц.Буянхүү, Ю.Гомбо нарыг гэрчээр байцаасан тэмдэглэлүүд нь цаг хугацааны хувьд давхацсан байсан зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Харин мөрдөн байцаагч Ж.Амарсанаа Г.Дүгэрийн биед хөндлөнгийн гэрч нарыг оролцуулан үзлэг хийхдээ тэмдэглэлийн үзлэг хийсэн тухай хэсэгт  /хх-ийн 1-р хавтасны 32-р хуудас/ Г.Төмөр гэж техникийн шинжтэй бичилтийн алдаа гаргасан байна.

 

Хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд цагдаагийн хошууч Ч.Анхбаяр гэрч П.Гүнжинлхамыг гэрчээр байцаах тухай тэмдэглэлд гэрч П.Гүнжинлхам, цагдаагийн хошууч Ч.Анхбаяр нарын хэн алийнх нь гарын үсэг хар өнгийн балаар зурагдсан байх тул ялтны өмгөөлөгчийн “...Анхбаяр гэх мөрдөн байцаагч байцаасан мэт байх боловч гарын үсэггүй” гэсэн гомдол нь үгүйсгэгдэж байна. Хавтаст хэрэгт цуглагдсан нотлох баримтуудаар Т.Отгонбаяр нь Г.Гантулгын эрүүний тус газарт цохиж “гавал тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл дээрх суурь хэсэгт их хэмжээний цус харвалт” үүссэн гэмтэл учруулж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бөгөөд хэрэг болох тухайн үед гэрч Г.Дүгэр, Г.Ганбат, У.Чойжамц, С.Отгончимэг, П.Гүнжинлхам нарын үйлдэл оролцоог тогтоосон байх тул ялтны өмгөөлөгч Х.Оюунбатын “...Г.Дүгэр, Г.Ганбат, У.Чойжамц, С.Отгончимэг, Т.Отгонбаяр, П.Гүнжинлхам хохирогч Гантулга нарын хэрэгт оролцсон үйлдлийг бүрэн тогтоогоогүй...”, ялтан Т.Отгонбаярын “...Миний цохих болсон шалтгаан биед нь гэмтэл учруулъя гэж бодоогүй. Түүний дайрч, давшилж цохиж байсан үйлдлийг зогсоох санаатай байсан. Дахиад цохих гэж байсан гар руу нь цохьсон гэж бодтол эрүү хавьцаа туссан байж магадгүй гэж би өөрийн бодлоо хэлж байгаа. Дээрх байдлыг анхаарч үзнэ үү” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Хохирогч М.Лхамжавын “сэтгэл санааны хохирол амсаад байхад шүүх сэтгэл санааны хохирлыг орхисонд гомдолтой байна. Мөн хүүгийн маань олох ёстой байсан орлого болох 40.000.000 төгрөгийг гаргуулж авмаар байна” гомдолд дурьдсан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогч нь амь хохирогчийн олох байсан ашиг орлого, сэтгэл санааны хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэхээр заасныг үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтууд анхан шатны шүүхээр эрүүгийн хэрэг хэлэлцэх үед хавтаст хэрэгт авагдаагүй эдгээр нотлох баримтуудыг хохирогч мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй ба амь хохирогчийн 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн Гантулгын Хулан, 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Гантулгын Түвшинбаяр нарын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг зохих журмын дагуу нотлох баримт бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ялтан болон ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хохирогч нь насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

          3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.