Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 000020

 

                             Б.Алзахгүйд захиргааны шийтгэл

                                     ногдуулсан хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дугаар шийтгэвэртэй, Б.Алзахгүйд холбогдох захиргааны шийтгэл ногдуулсан хэргийг, зөрчил гаргагч Б.Алзахгүй давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, артиллерын тагнуул мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын 5-1 тоотод оршин суух, ИБ84100910 регистрийн дугаартай, Цамба овогт Баасанжавын Алзахгүй.

 

Орхон аймгийн Цагдаагийн газраас:

 

Б.Алзахгүй нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Г.Баасандамбыг зодож танхарсан, эхнэрээ удаа дараа зоддог тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлт ирүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дугаар шийтгэврээр:

 

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Б.Алзахгүйд 7 /долоо/ хоног баривчлах шийтгэл ногдуулж, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт байхгүйг  дурьдаж, зөрчил гаргагчид шийтгэврийн хувийг гардуулж, шийтгэвэрт зөрчил гаргасан этгээд, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч 10 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Зөрчил гаргагч Б.Алзахгүй давж заалдах гомдолдоо:

 

Миний бие Баасанжав овогтой Алзахгүй ИБ84100910 нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ээс 7 хоногийн хугацаатай баривчлах байранд байгаа.

 

Миний бие 70 хувийн грүппт байдаг тул намайг энэ хугацааны баривчилгаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зөрчил гаргагч Б.Алзахгүй 2017 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр ”Хүлэг” хүнсний  захын орчимд  иргэн  Г.Баасандамбыг өөрийнх нь  эхнэртэй  “сайн байна уу” гэж  мэндэлхэд нь зодож, хэл амаар доромжилж, бусдын амгалан тайван байдлыг нь алдагдуулан танхайран нийтээр дагаж мөрдөх захиргааны журам зөрчсөн зөрчил гаргасан болох нь зөрчил гаргагчийн болон эхнэр Д.Наранцэцэг,  гомдол гаргагч Г.Баасандамба нарын  тайлбар болон зөрчлийн тухай тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

 

Иймд анхан шатны шүүх Б.Алзахгүйд 7 хоног баривчлах шийтгэл ногдуулсан нь түүний гаргасан зөрчлийн хэмжээ, шинж байдалд тохирсон байх тул шийтгэврийг хэвээр үлдээж, түүний давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1., 31 дүгээр зүйлийн 31.3.2.д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дугаар шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Б.Алзахгүйгийн давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалын хувийг Орхон аймгийн Цагдаагийн газрын баривчлах байранд хүргүүлсүгэй.

3. Магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       З.ХОСБАЯР

 

 

ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА

 

 

                                                                                            Ц.ТУЯА