Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 378

 

ШИЙДВЭР

2016-06-14    Дугаар 378    Хэрлэн сум

 

                  
                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        156/2016/00390/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны ”В” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

    Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 2 дугаар гудамжны 03 тоотод оршин суух, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга ажилтай Хияад Боржигон овогт Батсүрэнгийн Сүнгээгийн нэхэмжлэлтэй,
     Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 1-04 тоотод оршин суух, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт  улсын байцаагч ажилтай Урианхайн овогт Чулуунбатын Батгэрэлд холбогдох 
    “компьютерийн процессорын үнэ болох 211 309 төгрөгийг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Сүнгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Алтансувд нар оролцов. 
Хариуцагч Ч. Батгэрэлд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй ба нэхэмжлэгчийн зүгээс түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн хийв. 

ТОДОРХОЙЛОХ  НЬ:
              Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус газрын сургалтын танхимд онлайн хуралд ашигладаг комьпютер алга болсон бөгөөд жижүүрийн рапортын дэвтэрт 2015 оны 08 дугаар сарын 22-ноос 23-ны хооронд уг комьпютерийг улсын байцаагч Ч.Батгэрэл авч гарсан гэх мэдээлэл тэмдэглэгджээ.   
              Уг асуудлыг аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар манай байгууллага хүсэлт гаргаснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэн Хэнтий аймгийн Прокурорын газраас улсын байцаагч Ч.Батгэрэл нь уг комьпютерийг авсан болохыг тогтоосон тухай 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5/182 тоот хариу мэдэгдэх хуудас ирсэн.  
    
             Иймд хариуцагч Ч.Батгэрэлээс уг комьпютерийн үнэ болох 211 309 төгрөгийг нэхэмжилж байгааг зохих журмын дагуу шийдвэрлэж, төрийн байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.      

    Нэхэмжлэгч Б.Сүнгээ нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн хувьд өнөөдрийн шүүх хуралдааныг хүндэтгээд ирсэн.  Хариуцагч шүүх хуралдаанд ямар шалтгаанаар ирээгүй гэдгийг сайн мэдэхгүй байна. Би шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах саналтай байна. Би шүүх хуралдааныг хариуцагчийг байлцуулахгүйгээр явуулах боломжтой гэж үзэж байна. Учир нь хариуцагчийг уг асуудлаар цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагаас шалгаад дүгнэлт гаргасан. Мөн би гэрч асуулгах хүсэлт гаргасан. Үүнийг шүүхээс үндэслэлтэй байна гэж үзээд гэрчүүдээс тайлбар авсан. Энэ асуудлыг гэрчүүдийн тайлбар, хуулийн байгууллагаас гаргасан дүгнэлтүүдийг үндэслээд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Мөн төрийн байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшсан нь төрийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдахад саад учруулж байна. Иймд хариуцагчаас хохирлыг гаргуулж, төрийн байгууллагыг хэвийн үйл ажиллагаагаа явуулах нөхцлөөр хангах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Мөн хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах боломжтой гэж үзэж байна гэв. Би шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө 3 гэрчийг асуулгах хүсэлт гаргасан. Одоогоор 2 гэрч тайлбар өгсөн... Төрийн банкны захирал Н.Сүнжидмаагаас тайлбар авахуулах хүсэлтээсээ татгалзаж байна. 2 гэрчээс тайлбар авсан байгаа тул гуравдагч этгээдээс тайлбар авах шаардлагагүй гэж үзэж байна. Би уг хүсэлтээ бичгээр гаргасан. 
Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын сургалтын танхимын онлайн хурал болон сургалтанд ашигладаг компьютер алга болсоныг 2016 оны тооллого буюу 2015 оны Өмч хөрөнгө хамгаалах байнгын комиссын шалгалтаар тогтоосон. Тэгээд дотоод хяналт шалгалт явуулахад тус байгууллагын улсын байцаагч Ч.Батгэрэл нь авч гарсан талаар байгууллагын жижүүр Эрдэнэбаатар тухайн үед гэрчилж бичгээр болон амаар тайлбар  өгсөн. Мөн байгууллагын бусад ажилчид болох нярав, жижүүр зэрэг холбогдох хүмүүсээс тайлбар авахад Ч.Батгэрэл байгууллагын компьютерын процессорыг 2015 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө сургалтын заалнаас өрөөндөө авч орсон гэдгийг гэрчилсэн. Уг ажилтнаар байгууллагын эд хөрөнгийг нөхөн төлүүлэх, захиргааны арга хэмжээ авах ажиллагааг байгууллагын зүгээс авсан. Байгууллага дээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн учраас манай байгууллага цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж төрийн байгууллагын эд хөрөнгийг хулгайлсан, үрэгдүүлсэн, хувьдаа завшсан байж болзошгүй үйлдлийг шалгуулсан. Энэ хүсэлтийн дагуу цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Энэ ажиллагаагаар Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын жижүүр Эрдэнэбаатар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр буюу бямба гаригт үүргээ гүйцэтгэж байхад 13 цагийн үед хурлын заалнаас процессорыг Ч.Батгэрэл нь бариад өөрийнхөө өрөө рүү орж байсан. Би өглөө жижүүрээс буухдаа энэ талаар бичиж тэмдэглэсэн. Намайг жижүүрт гарч байх хугацаанд Ч.Батгэрэл процессорыг эргүүлж тавиагүй. Бид нар жижүүр хүлээлгэхдээ заалны эд хөрөнгийг байнга бүртгэж рапортын дэвтэр дээр тэмдэглэдэг. Би Ч.Батгэрэлийг процессор аваад өрөөндөө орж байхыг өөрөө харсан. Ч.Батгэрэлээс өөр процессорыг авсан хүн байхгүй гэсэн байдаг. Энэ тайлбараар Ч.Батгэрэл нь процессорыг авсан нь нотлогдож байна.
 Мөн Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт жижүүр ажилтай Батзоригын тайлбараар Ч.Батгэрэл заалны процессорыг авсан нь нотлогдож байна. Байгууллагын эд хөрөнгө хариуцсан нярав Эрдэнэсувдын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбараар нотлогддог. Мөрдөн байцаалтын шатанд буюу 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ч.Батгэрэл нь Эрдэнэсувдад чи энэ алга болсон процессорыг агуулахад байна гээд хэлчих би чамд ACER маркын процессор аваад ирье гэсэн санал тавьж байсан нь өөрөө энэ үйлдлийг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа нэг хэлбэр юм. 
Мөн Эрдэнэсувдын тайлбарт Ч.Батгэрэл нь цагдаад шалгагдаж  байх хугацаандаа тэжээлийн блокыг мөрдөн байцаагчид өгсөн байсан. 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр цагдаагийн дэслэгч Нармандах надад эгүүлэн өгсөн гэсэн байдаг. Энэ нь Ч.Батгэрэл байгууллагын эд хөрөнгийг аваад задалж хэрэглэсэн гэдгийг давхар нотлож байна. Ч.Батгэрэлийн энэ үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаад прокурорын байгууллага хянасан. Прокурорын байгууллагаас миний гаргасан гомдолд хариу өгч Хэнтий аймгийн Прокурорын газраас 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5/182 тоот хариу мэдэгдэх хуудас ирсэн. Уг хариу мэдэгдэх хуудсанд Ч.Батгэрэл нь байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшсан нь тогтоогдоод Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сараас дээш хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн нь тогтоогдсон гэсэн байсан. Гэхдээ Ч.Батгэрэл нь байгууллагын эд хөрөнгийг хулгайлсан, хувьдаа завшсан гэдэг нь тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйл бусдын эд хөрөнгийг хулгайлах гэсэн гэмт хэрэгтэй тохирч байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл 145.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэсэн байдаг. Мөн Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн бусдын эд хөрөнгийг үрэгдүүлэх гэсэн хэрэгтэй мөн тохирч байна. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт  аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байдаг. Ч.Батгэрэлийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2 зүйл заалтыг зөрчсөн байна. Гэхдээ прокурорын байгууллагаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн хариу өгсөн. Энэ нь Ч.Батгэрэл хариуцлага хүлээхгүй гэсэн үг биш юм. Тийм учраас манай байгууллагаас Ч.Батгэрэлээс 211309 төгрөгийг нэхэмжилж байна. Бид нар алга болсон процессорын үнэлгээг хийлгэхээр Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын орлогчоор ахлуулсан комисст 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүсэлт гаргаснаар тус комисс хуралдаад хариу мэдэгдсэн. Үүнд Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын сургалтын өрөөнд байсан компьютерийн зарим хэсэг болох  кейс 64720 төгрөг, санах ой 86190 төгрөг, тэжээлийн блок 43095 төгрөг,  сэнс 17297 төгрөг гэсэн үнэлгээ гарсан. Нийт 211309 төгрөгийн үнэлгээ гарсан. Би энэ талаарх баримтыг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан. Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалаар Өмч хамгаалах байнгын зөвлөл байгуулагдсан. Энэ асуудлаар Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Өмч хамгаалах байнгын зөвлөл 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ж.Тогтох, Н.Бадрангуйтөгс, Б.Саранчимэг, Ц.Эрдэнэсувд, Ч.Эрдэнэбаатар нарын бүрэлдэхүүнтэй хуралдаад Ч.Батгэрэлээр байгууллагын эд хөрөнгийг төлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг 100 хувийн саналтайгаар гаргасан. Энэ хуралдааны шийдвэрийг мөн тэмдэглэлийг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан.
 Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт байцаагч ажилтай Ч.Батгэрэл нь тус байгууллагын эд хөрөнгийг дур мэдэн авч, үрэгдүүлж байгууллагад хор хохирол учруулж байгаа нь төрийн албан хаагчийн хувьд байж болохгүй дутагдал юм.
 Тийм учраас Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн хороо хуралдаад эрчим хүчний хяналтын улсын байцаагч ажилтай Ч.Батгэрэл нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийн 6.1.4 дэх заалт, мөн ёс зүйн дүрмийн 6.1.11 дэх заалт, мөн ёс зүйн дүрмийн 6.2.1 дэх хэсэгт заасан дүрмийг зөрчиж байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Прокурорын байгууллагаас ирүүлсэн хариу мэдэгдэх хуудас, гэрчүүдийн мэдүүлэг, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, шийдвэр Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн хорооны хуралдааны шийдвэр зэргээр Ч.Батгэрэл нь байгууллагын эд хөрөнгийг дур мэдэн авсан, түүнийгээ нуух гэж оролдсон нь тогтоогдсон. Тийм учраас Ч.Батгэрэлээс 211309 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч ирээгүй байна. Хариуцагч Ч.Батгэрэл өмнө нь Хадгаламж банканд ажиллаж байхдаа байгууллагын эд хөрөнгө болох компьютерийн хард дискийг нууцаар аваад Цагдаагийн байгууллагаар шалгуулах болохоор нь нууцаар буцааж хийж байсан.  Тэгээд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан талаар тухайн үеийн Хадгаламж банкны удирдлага хэлж байсан. Ч.Батгэрэлээс байгууллагын эд хөрөнгийг гаргуулах саналтай байна. Мөн хууль дүрмээ биелүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Ч.Батгэрэл байгууллагын эд хөрөнгөнөөс албан ёсоор хэрэглэгдэж байгаа эд зүйл нь компьютерийн дэлгэц, гар, хулгана, хард диск зэрэг эд зүйл юм. Харин байгууллагын зөвшөөрөлгүйгээр компьютерын процессорыг авсан нь хулгайн шинжтэй, байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшсан үйлдэл юм. Байгууллагын эд хөрөнгийг тоолох үеэр комиссын гишүүд Ч.Батгэрэлээс компьютерийн процессорыг асуухад мэдэхгүй гэж хариулсан байдаг. Ер нь шалгалтаар илрээгүй эд зүйлсийг өөртөө үлдээдэг. Мэдэгдсэн тохиолдолд нууцаар буцаагаад хийдэг нь тодорхой байна. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа хард дискийг мөрдөн байцаагчид өгсөн нь алга болсон процессороос зарим зүйлийг буцаан өгч байгаа хэрэг юм. 
Ч.Батгэрэл нь өөрийгөө тус процессорыг авсан гэдгийг энэ үйлдлээрээ нотолж байгаа юм. Acer маркын компьютерын процессор Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэр дээр данслагдсан байдаг. Хариуцагч эзэн нь нярав ажилтай Эрдэнэсувд юм. Эрдэнэсувд компьютерын процессорыг алга болсоныг яагаад сүүлд мэдсэн бэ гэвэл оны сүүлээр эмнэлгээр явж эмчлүүлж байсан. Тэгээд Өмч хамгаалах байнгын зөвлөлөөс тооллого хийхэд энэ асуудал илэрсэн юм. Байгууллагын аюулгүй байдлыг жижүүр хариуцдаг байсан. Тухайн үед компьютерын процессорыг Ч.Батгэрэлийг аваад өрөөндөө орж байхыг жижүүр Ж.Эрдэнэбаатар хараад рапортны дэвтэр дээрээ тэмдэглэсэн байсан. Ч.Батгэрэл нь байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшсан нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тодорхой байна Тийм учраас Ч.Батгэрэлээс байгууллагын эд хөрөнгийн үнэ 211 309 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Энэ нь Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагааг хэвийн явуулахад чухал ач холбогдолтой тул шүүхээс анхаарч үзнэ байх гэж бодож байна.  Ч.Батгэрэл нь хариуцлагаас зугтаах гэсэн үйлдэл нэлээд гаргадаг. Тийм ч учраас өнөөдөр шүүх хуралдаанд ирээгүй байна гэж бодож байна. Энэ хүн өнөөдөр төрийн байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшиж байна, магадгүй маргааш улсын төсвийг үрэгдүүлнэ. Ийм үйлдэл гаргаж байгаа хүнээс төлбөрийг хурдан хугацаанд гаргуулах хүсэлтэй байна гэв.
     
               Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                         

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Б. Сүнгээ нь хариуцагч Ч.Батгэрэлээс Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт албаны хэрэгцээнд ашиглагдаж байсан компьютерийн процессорын үнэ болох 211 309 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Хэрэгт цугларсан нотлох баримтууд тухайлбал нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар, гэрч    Ж. Эрдэнэбаатар, Ц. Эрдэнэсувд нарын мэдүүлэг, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д. Нямдэлэгийн 2016.04.18-ны өдрийн 5/182 дугаартай Хариу мэдэгдэх хуудас, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын тэмдэглэл, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хариуцагч Ч. Батгэрэл нь өөрийн ажилладаг Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албан хэрэгцээнд ашиглагддаг ACER маркийн компьютерийн процессорыг 2016.08.22-ноос 23-ны өдрийн хооронд хууль ёсны эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр байгууллагынхаа сургалтын заалнаас хууль бусаар авч гаран, хувьдаа ашигласан үйлдэл хийсэн болох нь тогтоогдсон байна.
 
           Хариуцагч Ч. Батгэрэл нь үүнийхээ дараа Цагдаагийн байгууллагаас шалгаж байхад хууль бусаар авч гарсан компьютерийн процессорын зарим эд анги, иж бүрдэл хэсгийг буцаан өгсөн болох нь Хэнтий аймгийн Цагдаа, Прокурор зэрэг хуулийн байгууллагын ажиллагаагаар нотлогдож тогтоогджээ.
           
           Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-т: Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй.

           Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.2-т: энэ хуулийн 495.1-т зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заажээ.    

           Хариуцагч Ч. Батгэрэл нь өөрийн ажилладаг Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албан хэрэгцээнд ашиглагддаг ACER маркийн компьютерийн процессорыг хууль бусаар авч байгууллагадаа 211 309 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2-т заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

         1.  Нэхэмжлэгч Б. Сүнгээгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ч.Батгэрэлээс ACER маркийн комьпютерийн процессорын үнэ 211 309 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
         
         2. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн       6 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Батгэрэлээс 6 990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
         
         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий  аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 


ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР
 .