Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 000021

 

Ш.Баяртайд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

                                                                        Хэргийн индекс 142/2016/0178/Э

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Б.Жавхлантуяа

            Хохирогч                                           Д.Энхцэцэг

            Хохирогчийн өмгөөлөгч                О.Цэрэнпунцаг

            Ялтан                                     Ш.Баяртай

            Ялтны өмгөөлөгч                            Д.Энхбаяр, Ж.Шинэжаргал

            Нарийн бичгийн дарга                   О.Шинэцэцэг  нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолтой, Ш.Баяртайд холбогдох, 201514000535 дугаартай, эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгч Ж.Шинэжаргал, Д.Энхбаяр, хохирогч Д.Энхцэцэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг 32-15 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, УС-66030901 регистрийн дугаартай, Уран овогт Шархүүгийн Баяртай.

 

Ялтан Ш.Баяртай нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 32-15 тоот гэртээ 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Д.Гэрэлтэй хамт архи ууж байгаад “өөрийг нь оролдсон” гэх шалтгаанаар толгой руу нь архины шилээр, нуруу руу нь сандлаар цохисноос бие махбодид нь хүнд гэмтэл учруулсны улмаас Д.Гэрэл нь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүлээн авах тасагт хүргэгдэн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Уран овгийн Шархүүгийн Баяртайг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр 91.1.д зааснаар шүүгдэгч Ш.Баяртайг 10 /арав/ жил 1 /нэг/ хоног хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6.д зааснаар шүүгдэгч Ш.Баяртайд оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ хоног хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Ш.Баяртайгийн цагдан хоригдсон 169 /нэг зуун жаран ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн куртик, ханцуйтай саарал өнгийн футволка, ноосон цамц, саарал өнгийн дотуур өмд, ягаан өнгийн дотоож, хар өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн хос гутал, ногоон өнгийн модон сандал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1.д зааснаар шүүгдэгч Ш.Баяртайгаас 1.109.450 /нэг сая нэг зуун есөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч Д.Энхцэцэгт олгож, хүүхдийн тэтгэвэр тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Баяртайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Ж.Шинэжаргал давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

 

Ш.Баяртай нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 32-15 тоотод оршин суух гэртээ 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Д.Гэрэлтэй хамт архи ууж байгаад толгой тус газар нь архины шилээр цохисноос бие махбодид нь хүнд гэмтэл учруулж улмаар Д.Гэрэл нь БОЭТ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад амь насаа алдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.д заасан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл хүндэдсэн, зүйлчлэл буруу байсан гэж үзэж байна. Хэрэг гарсан өдөр хохирогч Д.Гэрэл нь өөрөөсөө олон насаар эгч настай хүнийг ганцаараа байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орох гэж улайран ёс бус үйлдэл гаргасны улмаас шүүгдэгч дээрх үйлдлийг хийсэн байдаг.

 

Хохирогч хоёр дахь шил архинд явж ирээд Д.Баяртайг орон дээр нь дарж унагаасан байдаг үүнийг эсэргүүцэн хохирогчийг болиулсан, дараа нь архи ууж байхдаа мөн бэлгийн харьцаанд орох гэж хэд хэдэн удаа оролдоход шүүгдэгч эмэгтэй чих рүү нь алгадаж сандлаар нуруу тус газар нь цохиж тухайн үйлдлийг таслан зогсоосон. Үүнийгээ мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Архи ууж дуусах үед хохирогч Д.Гэрэл нь Ш.Баяртайгийн өмдийг хагас тайлж дахин харьцаанд орох гэж завдахад шүүгдэгч сандран гарт таарсан зүйл болох архины шилээр цохиж гэмтээсэн. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүнийг санаатай алах гэмт хэргийн субъектив шинж тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйл анги буюу бусдыг болгоомжгүйгээр алах гэсэн зүйл ангийн субъектив шинжийн гэм бурууг агуулсан байна.

 

Бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийн субъектив тал нь хөнгөмсгөөр найдсан буюу хайхрамжгүй хандсан болгоомжгүй гэм буруугийн үйлдэл байдаг. Шүүгдэгч Ш.Баяртай нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйн улмаас хор уршиг учруулна гэдгийг урьдаас мэдэх ёстой, мэдэх бололцоотой байсан атлаа мэдэхгүй үйлдсэнээс энэхүү хор уршгийг бий болгосон юм. Гэтэл шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

 

Анхан шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих асуудлуудаас 80.1.3 буюу гэм буруугийн хэлбэр, 80.1.6 гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тал бүрээс нь анхаарч үзэлгүй хэргийг буруу зүйлчилж шийдвэрлэсэн.

 

Мөн амь хохирогч Д.Гэрэл өмнө нь 2006 онд тархины зүүн хэсэгт маш хүнд гэмтэл авч БОЭТ-ийн эрчимт эмчилгээний тасагт ухаангүй хүргэгдэн ирж олон хоногоор эмчлүүлж, 2006 оны 06 дугаар сарны 22-нд хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсаны улмаас группт орсон байсан. Шинжээчийн 74 тоот дүгнэлт, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 592 тоот дүгнэлтүүдэд хохирогч өмнө нь тархины хүнд гэмтэл авч байсан энэ нь үхлийн шалтгаанд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн үү үгүй юу гэдгийг огт дурдаагүй орхигдуулсан. Анхан шатны шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгч нар дээрх нөхцөл байдлыг шинжээч томилж тогтоох шаардлагатай, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах саналтай орсон боловч шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй.

 

Иймээс анхан шатны шүүх нь хэргийг тал бүрээс нь авч үзэлгүй, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрийг буруу дүгнэж, хуулийг буруу тайлбарлан зүйлчилсэн байх тул Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 186 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөв зүйлчилж өгнө үү гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Д.Энхбаяр давж заалдах гомдолдоо:

 

Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

 

Шүүгдэгч Ш.Баяртай нь хохирогч Д.Гэрэл өөрийг нь хүчиндэхээр довтолсон үйлдлийг нь таслан зогсоож, улмаар архины шилээр толгойн тус газарт нь цохиж, амь насыг нь хохироосон явдал нь бусдыг санаатай алсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулахгүй байна. Бусдыг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинж нь хүний амь насанд аюултай үйлдлээ ухамсарлаж, хохирогчийг үхэлд хүргэх зайлшгүй боломжийг урьдчилан харж, зориуд үхэлд хүргэхэд чиглэсэн байдаг. Тэгвэл шүүгдэгч Ш.Баяртайд хохирогчийг алах гэсэн санаа сэдэлт огт байгаагүй бөгөөд өөрийг нь орон дээр түлхэн унагаж, хөхийг нь базаж, өмдийг нь шувталж түүнд нь дургүй байгаагаа илэрхийлсээр байтал дахин энэхүү үйлдлээ давтаж байсан ба үүнийг нь хүч хэрэглэн болиулахгүй бол хүчиндүүлэх нөхцөл байдал өөрт нь тулгарч халдлагад өртсөн учраас уг халдлагыг болиулж архины шилээр цохьсоноор халдлага таслан зогсоогдсон байгаа тул энэ хэргийг аргагүй хамгаалалт юм гэж өмгөөлөгч миний бие үздэг.

 

Энэ хэргийг хүн амины хэрэг үү биш үү гэдгийг ялгаж салгахын тулд шүүгдэгчийн сэтгэл санааны чиглэмж, хандлага, гэмт хэрэгтэн хохирогч нарын хэрэг гарахаас өмнөх харилцааны шинж чанар, тухайн үедээ юу ярьж ямар харьцаатай байсан, заналхийлэл байсан эсэх зэрэг шинжүүдийг нарийн судлах шаардлагатай. Талийгаач Д.Гэрэл нь шүүгдэгч Баяртайтай дотно харьцаатай байсан. Д.Гэрэл нь Ш.Баяртайг миний хайртай эгч гэж нэрлэдэг байсан. Д.Гэрэл Ш.Баяртай нарыг суулгах талаар ажлынхан нь ярилцдаг байсан гэх мэт тэдний хувийн харилцаа холбооны талаар гэрч Т.Баярмаа, Цэрэннадмид нар мэдүүлсэн байдаг. Мөн талийгаач нь согтохоороо татаж чангаагаад байдаг талаар ч дээрх гэрчүүд мэдүүлдэг тул шүүгдэгчийн өөрийг нь талийгаач татаж чангаагаад оролдоод байсан гэсэн мэдүүлэг нь үнэн байна гэж үзэж байна. Дээрх харилцааны байдлуудаас дүгнэхэд Баяртай нь талийгаачийн толгой руу архины шилээр цохиж амь насыг нь хохироох гэсэн санаа зорилго байхгүй, түүнийг урьдчилан тооцоолсон зүйлгүй, түүний өөрт нь халдаж буй үйлдлийг нь болиулж, өөрийгөө хамгаалж, халдлагыг таслан зогсоосон гэж үзэж байна.

 

Мөн талийгаач Д.Гэрэл нь урьд нь тархидаа хүнд гэмтэл авч эмнэлэгт ухаангүй хэвтэж эмчлүүлж байсан ба тархины гэмтлээр тахир дутуугийн группд байсан нь хавтаст хэрэгт нотлох баримтаар тусгагдсан байдаг. Энэхүү архаг хуучин гэмтэлтэй байсан нь түүнийг үхэлд хүргэхэд нөлөөлсөн байх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үздэг. Энэ архаг хуучин гэмтлийн талаар шүүх эмнэлгийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 592, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1439 дүгээр дүгнэлтүүдэд огт дурьдагдаагүй учраас эдгээр дүгнэлтүүдийг үндэслэлтэй үнэн зөв гарсан гэж үзэх боломжгүй байгаа талаар шүүх хуралдаан дээр хэлсэн боловч үүнд үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.д заасныг зөрчиж байна.

 

Иймд Ш.Баяртайг гэм буруугүйд тооцож, түүнийг цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Хохирогч Д.Энхцэцэг давж заалдах гомдолдоо:

 

Хохирогч Д.Энхцэцэг би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцаад дараах гомдлыг гаргаж байна.

 

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох нийт зардалд 10.464.450 төгрөгөөс төлөгдсөн 7.000.000 төгрөг, оршуулгын зардлаас төлөгдөөгүй үлдсэн 216.600 төгрөг, талийгаачийн нас барсны 1 жил дээр бусдыг цайлж буян хийсэн зардал 892.850 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.100.000 төгрөг, өмгөөлөгчийн замын зардал 225.000 төгрөг нийт 3.464.450 төгрөг төлөгдөөгүй байгааг шүүгдэгч Ш.Баяртайгаас нэхэмжилж гаргуулж өгнө үү.

 

Энэ учирсан хохирол нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол мөн юм. Учир нь хэргийг мөрдөн байцаалтын шатанд удаа дараа хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан. Өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авснаар үнэн зөвийг нь олж тогтоосон юм.

 

Хохирогч миний гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Ялтан Шархүүгийн Баяртай нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 32- 15 тоот өөрийн гэртээ 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр амь хохирогч Д.Гэрэлтэй хамт архи ууж байхдаа “өөрийг нь оролдсон” гэх шалтгаанаар толгой руу нь архины шилээр, нуруу руу нь сандлаар цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсны улмаас Д.Гэрэл Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүлээн авах тасагт хүргэгдэн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан байна.

 

Иймд түүнийг бусдыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн  гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн   нотлох баримт болох :

 

- Хохирогч Д.Энхцэцэгийн ...Манай талийгаач 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хөдөөнөөс орж ирээд... 17 цаг 30 минутаас 18 цаг 30 минутын хооронд Баяртай эгчийнд очоод ирье, шагнал авсан гэж хэлж байна гээд гэрийнхээ түлхүүрийг аваад гараад явсан..., Үүнээс хойш манай том ахын эхнэр Батчулуунтай Баяртай утсаар яриад талийгаачийг ирж ав гэж хэлсэн гэсэн..., Манай эгч 20 цаг 30 минутын үед Баяртайгийн гар утсаар ярихад Баяртай талийгаач бид хоёр архи уугаад согтоод унасан байна..., Одоо манай хүү бэр хоёр ирэх гээд байна гэхээр нь  та архи уухаасаа өмнө наадахаа хэлэхгүй яасан юм бэ одоо согтуу хүнийг яаж авах юм, эрүүл болохоор нь хэлээрэй гэж хэлсэн..., Үүнээс хойш над руу олон удаа залгасан..., Орой 23 цагийн үед над руу залгаад манай гэрийн хаягийг асуухаар нь би хаягаа хэлээд өөрийг нь хамт ирээрэй гэж хэлсэн..., Өглөө 04 цаг 30 минутын үед залгаад эмнэлэг дээр түргэнээр ирсэн байна гээд Баяртай талийгаачийг гарч яваад зодуулаад ирлээ гэхээр нь юу яриад байгаа юм, танай гэрт ямар асуудал болсон юм гэхэд Баяртай дуугарахгүй байсан. ...Намайг эмнэлэг дээр очиход талийгаач дүү маань хурхираад унтаж байгаа юм шиг байсан..., Жижүүр эмч нь харзнаж байна, өглөө нарийн шинжилгээ хийнэ гэж хэлж байсан..., Эмч нар үзээд маш хүнд байна..., хагалгаанд оруулна гээд 13 цагийн үед хагалгаанд орсон. Хагалгааны дараа удахгүй зүрх нь тасалдаад байна гээд эмч нар орсон боловч дүү маань нас барсан.

 

Намайг Баяртай руу ярихад талийгаачийг согтоод унтаад өглөө гэж хэлж байсан..., Ямар нэгэн зодоон цохион болсон гэж хэлээгүй..., Надад ухаан алдсан байна гэж хэлсэн бол очиж аваад арга хэмжээг цаг хугацаа алдахгүй авах байсан юм... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Батчулууны ...2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байхад 19 цаг 30 минутын үед Баяртай залгаад талийгаачийг согтоод уначихлаа, ирж ав гэж хэлэхээр нь би Баяртайг загнаад чамд өмнө нь олон удаа хэлж байсан биз дээ гэж хэлсэн..., Баяртайгийн зарим яриа ойлгогдохгүй, мэдэгдэхгүй байсан. Би согтсон болгоныг очиж авч чадахгүй гэдгээ хэлсэн. ...Удаагүй дахин залгаад байхаар нь би төрсөн эгч рүү нь залга гэж хэлээд Энхцэцэгийн дугаарыг өгсөн. Тэрнээс хойш над руу яриагүй. Өглөө 4 цаг өнгөрч байхад Энхцэцэг залгаад талийгаачийг эмнэлэг дээр ирсэн байна гэж хэлсэн..., Нөхрийн хамт эмнэлэг дээр ирэхэд Баяртай согтуу сууж байсан... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Бат-Эрдэнийн ...Би 22 цаг өнгөрч байсан байх хашаандаа яваад ороод ирэхэд манай ээж түлээ хагалдаг газрын ойролцоо зогсоод намайг дуудахаар нь ...би ээж дээр очиход ээжийн ажлын газрын Гэрэлээ ах газар суусан байдалтай ээж хойд талд нь түшээд зогсож байсан..., Ээж такси дуудсан чинь ирэхгүй байна намайг залгаадах гэхээр нь ээжийн утаснаас би залгаж асуухад очиж байна гэж хэлсэн. ...такси үүдэн дээр ирээд ...согтуу хүн байна гээд яваад өгсөн... Буцаагаад ээжтэй хамт өргөж Гэрэл ахыг гэрт оруулаад гал тогооны өрөөнд гудас дэвсээд хэвтүүлсэн..., Шөнө унтаж байхад 03 цагийн үед байх Гэрэлээ ах хурхираад унтаад байсан. ...Ээж босоод гал түлээд сууж байсан. Би босоод нэг эвгүй хурхираад байхаар нь түргэн дуудаад үзүүл гэж хэлсэн. ...Түргэний эмч ирж үзээд та нар эртхэн дуудахгүй яасан юм гэж хэлээд аваад явсан... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Бадамгаравын ...Би түргэн тусламжийн эмчээр гарч байхад 2015 оны 10 дугаар сарын 29-ний 02 цаг 40 минутанд архи уусан хүн сонин байдалтай байна гэсэн дуудлага  авч 02 цаг 45 минутанд гарч Цагаанчулуут баг 32-15 тоотод 02 цаг 55 минутанд очсон..., Жижиг байшингийн гал тогооны өрөө бололтой үүдний өрөөнд толгойг нь хойш харуулаад шалан дээр гудас дэвсээд дээр нь хөнжлөөр хучсан  байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан..., Гэрт нь нэг настай эмэгтэй, нэг залуу хоёр байсан..., Юу болсон талаар асуухад хүүхэд нь бололтой залуу манай ээжийн ажлын газрын хүн байгаа юм..., ээжтэй цуг архи уусан гэж хэлсэн..., Тухайн хүнд үзлэг хийхэд даралт нь бага зэрэг ихэссэн, зүрхний цохилт хэвийн, хурхирсан, гүн амьсгаа авсан, амьсгалахад их хэцүү, авалт гаралт нь шуухитнаад байсан..., Зүүн чихнээс нь цус гараад хатсан байдалтай байсан..., Гэрт байсан хүмүүс үүдэнд унасан байсан гэж хэлж байсан...,  толгой зүүн талаараа юм мөргөсөн, цохиулсан бололтой нүүрэнд нь зулгаралтууд байсан..., Би гэрт байсан хүмүүст түргэнийг тухайн үед нь шууд дуудахгүй яасан юм бэ гэж хэлсэн..., Таталтын эсрэг тайвшруулах үйлчилгээтэй даралт бууруулах зориулалттай “магнизм” тариаг хийгээд шууд хүлээн авах тасагт 03 цаг 25 минутанд хүлээлгэж өгсөн. ...тэг   ээж нь гээд байсан эмэгтэй эмнэлэг дээр хамт ирсэн... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Пүрэвийн ...Түргэний эмч орж ирээд чихнээс нь цус гарсан байхад та нар эрт дуудахгүй яасан юм гэж хэлээд гаднаас ор оруулж ирээд хэвтүүлээд толгойг нь хөдөлгөж болохгүй шүү гээд аваад явсан...  гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Баярхүүгийн ...Д.Гэрэл гэх иргэн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 07 цагт ухаангүй амнаас нь архи үнэртсэн байдалтай хүлээн авах тасгаас хүргэгдэж ирсэн..., Биед нь үзлэг хийхэд биеийн байдал хүнд, хамрын зүүн талд зулгарсан шархтай, хэмжээ нь тодорхойгүй, зүүн чихнээс цус гарсан байдалтай..., хүүхэн хараа зүүн талд өргөссөн, гэрлийн урвалгүй, эвэрлэг сормослогийн рефлексгүй, ухаангүй байдалтай байсан тул компьютер, эхо, мэдрэл, чих хамар хоолойн эмчид үзүүлэхэд тархины битүү гэмтэл авсан болох нь тогтоогдсон..., Бүх шаардлагатай шинжилгээг авч хагалгаанд бэлдээд 13 цаг 40 минутанд хагалгаанд ороход “гавал тархины битүү гэмтэл, суурь ясны хугарал, их хэмжээний зүүн талын цус хуралт” гэсэн онош тогтоогдсон... хагалгааны дараа 19 цаг 30 минутанд ухаан орохгүй байсаар нас барсан... гэсэн мэдүүлэг,

 

Ялтан Ш.Баяртайгийн ...Тэр өдөр талийгаач бид хоёр 2 шил архи уусан. Согтоод намайг оролдоод байхаар нь уурлаад сандлаар бие рүү нь архины шилээр толгой руу нь цохьсон..., Архины шилээр толгой руу нь цохиход унаад босоогүй... гэсэн мэдүүлэг болон хохирогч Д.Гэрэлийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл  болон

 

Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дугаартай :

 

...Талийгаачийн биед зүүн талын суурь яс ба дагзны ясны зүүн хэсгийн хугарал, их тархины зүүн тал бөмбөлөгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн суурь хэсгийн няцрал, гүүрэн тархи, тархины баганан хэсэг, бага тархины доод хэсгийн няцрал, зүүн талын 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, хуйхны дотор тал ба гавлын ясны гадна хальс, зүүн чамархайн булчинд цус хуралт, хуйханд шарх, баруун хацар, баруун чихний дээд урд хэсэг, баруун чихний цэцэгний доор, хамрын зүүн угалз, зүүн хацар, зүүн чихний хэсэг, баруун тохойнд зулгаралт зэрэг шинэ гэмтлүүд үүсчээ.

 

Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Унах цохих аль ч тохиолдолд үүсч болно. Гэмтлүүдийн дэс дарааллыг тогтоох боломжгүй.

 

Талийгаачид уушигны наалдацат үрэвсэл, зүрхний булчингуудын зузаарал зэрэг архаг хууч өвчин тогтоогдлоо..., талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай, ...биенээс нь авсан цуснаас этилийн спиртийн шинжилгээгээр 1,7 промиль процент байсан. согтолтын дунд зэрэгт хамаарна.

 

...Талийгаачийн үхлийн шалтгаан нь зүүн талын суурь яс ба дагзны ясны зүүн хэсгийн хугарал, их тархины зүүн тал бөмбөлөгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн суурь хэсгийн няцрал, гүүрэн тархи, тархины баганан хэсэг, бага тархины доод хэсгийн няцрал, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдал болно гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 592 дугаартай бүрэлдэхүүнтэй  гаргасан :

 

...Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 58 тоот дүгнэлт үндэслэлтэй...Учирсан гэмтлүүд нь ямар нэг мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гараар цохих үед үүсэх боломжгүй, хатуу мохоо зүйлээр хүчтэй цохиход үүсэх боломжтой.

 

Талийгаач нь гавал тархины хүнд гэмтэл буюу зүүн талын суурь яс ба дагзны ясны зүүн хэсгийн хугарал, их тархины зүүн тал бөмбөлөгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт,тархины эдийн суурь хэсгийн няцрал, гүүрэн тархи, тархины баганан хэсэг, бага тархины доод хэсгийн няцрал гэмтлийн улмаас нас барсан... гэсэн дүгнэлт,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн талийгаачийн хувцсанд үзлэг хийсэн 1439 дугаартай дүгнэлт болон  гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, яллагдагч Ш.Баяртайгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогдож тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх ялтанд хуульд заасан ял оногдуулсан байна.

 

Ялтны өмгөөлөгч нарын болон хохирогчийн давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалбал:

 

Ялтан Ш.Баяртайгийн мэдүүлгээс үзэхэд  амь хохирогч Д.Гэрэл Ш.Баяртай нар нь Ш.Баяртайгийн гэрт хоёр шил архи  ууж архидан  согтуурсан үедээ Д.Гэрэл нь Баяртайтай  хэд хэдэн удаа бэлгийн харьцаанд орох гэж оролдсон ба үүнийг тухай бүр нь сандалаар цохих, чих рүү нь алгадах зэргээр Ш.Баяртай  болиулж байгаад  архиа үргэлжлүүлэн ууж байсан ба өмдийг нь тайлаад үнсэх гээд байхаар нь түүнийг түлхэж болиулаад “чи одоо яагаад байгаа юм бэ” гээд уурлахад  Гэрэл  “юун сүртэй юм бэ онгон юм шиг” гэхээр нь уур хүрээд шкафан дээр байсан архины  шил аваад амь хохирогч Гэрэлийн толгойн зүүн хэсэг рүү цохьсон гэдэг.

 

Аргагүй хамгаалалт бол халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон ба халдлага эхэлсэн  үйлдэл дуусаагүй байдаг онцлогтой.

 

Харин дээрх нөхцөлд  хохирогчийн үйлдэл дууссаны дараа Д.Баяртай нь “ганц бие хүнийг элэг бариад байхдаа яахав дээ” гэсэн бодол төрөөд  Д.Гэрэлийг архины шилээр толгойн тус газар нь цохьсон  үйлдлийг  аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх, түүнчлэн  Ш.Баяртайгийн үйлдэлд хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан болгоомжгүй хандсан байдал тогтоогдохгүй байна.

 

Үүнээс үзвэл  Ш.Баяртайгийн  шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч нас барсан болох нь нотлогдож байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Д.Энхбаярын “...Ш.Баяртайг  аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж түүнийг цагаатгаж өгнө үү...” гэсэн өмгөөлөгч Ж.Шинэжаргалын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйл буюу бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэсэн  давж заалдах гомдлыг,

 

мөн хохирогчийн нэхэмжилсэн оршуулгын зардалтай холбоотой хохирлыг анхан шатны шүүх Д.Баяртайгаас гаргуулж шийдвэрлэсэн ба харин хохирогч Д.Энхцэцэгийн өөрийн хүсэл зорилгоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөр, өмгөөлөгчийн замын зардлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэн ялтан Ш.Баяртайгаас гаргуулах  хууль зүйн үндэслэлгүй байх тул хохирогчийн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгчийн биеийн байцаалтанд “...Өндөрхангай суманд...” гэснийг “...Өвөрхангай суманд...” гэж, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар “...хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр...” гэснийг “...хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар...” гэж, “...зарим хэсгийг...” гэснийг “зарим хэргийг...” гэж буруу бичсэн  байгааг анхаарах шаардлагатай байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ш.Баяртайгийн өмгөөлөгч Д.Энхбаяр, Ж.Шинэжаргал, хохирогч Д.Энхцэцэг нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.