Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 284

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, шүүгч Б.Мангилик, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймаг  Жаргалант сумын Магсаржав багийн 72 айлын 29 тоотод оршин суух, ДЮ:83100511 регистрийн дугаартай, Боржигон овогт Тэлэнгэдийн Хатанбаатарын нэхэмжлэлтэй,  Ховд аймаг Жаргалант сумын Наран багийн 28-08/Б тоотод оршин суух, ПП:85030612 регистрийн дугаартай Зуутраг овогт Галсанжавын Бишгаравт холбогдох гэм хорын хохирол  34 670 000 төгрөг гаргуулахыг хүссэн 153/2016/0142/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:Т.Хатанбаатар

Хариуцагч: Г.Бишгарав

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир

Хариуцагчийн  өмгөөлөгч: Д.Эрдэнэчимэг

            Иргэдийн төлөөлөгч: Ж.Баасандорж

           Нарийн бичгийн даргаар А.Золзаяа  нар оролцов.

            Нэхэмжлэгч Т.Хатанбаатар нь Г.Бишгараваас гэм хорын хохирол 34 670 000  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

ТОДОРХОЙЛОХ Нь:

Нэхэмжлэгч Т.Хатанбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Бишгарав нь миний гар утасны дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж 42110000 төгрөгийн гар утас хулгайлан авсан юм. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд 15750000 төгрөгийг буцаан олж авсан. Дээрх үйлдэл нь Өршөөлийн хуулинд хамрагдсан боловч гэм хорын хохирол гаргуулахаар байгаа юм. Г.Бишгарав нь Улаанбаатар хотод 1 сар гаруй машин хөлслөөд буудлаар явж байсан  мөнгөнүүд нь миний гар утасны мөнгө явж байсан байх гэж бодож байна. Иймд Г.Бишгараваас хулгайд алдсан утасны үнэ 26 310 000 төгрөг, өмгөөллийн хөлс 800 000 төгрөг, хаалга 380 000 төгрөг, сейф 450 000 төгрөг, зургийн аппарат 230 000 төгрөг, гар утасны жижиг хэрэгсэл 500 000 төгрөг, банкны зээлийн хүү 6 000 000 төгрөг нийт 34 670 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Хариуцагч Г.Бишгарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн ярьж байгаа машины зардал болон бусад зүйлүүд нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгүүд болон нотлох баримтаар хүний мөнгө зээлж аваад явсан гэдэг нь нотлогдсон байгаа. Би 163 ширхэг гар утас хулгайлсан. Тоолж үзэхэд ч 163 ширхэг гар утас байсан. Миний хувьд нэхэмжилсэн үнийн дүнгээс 17 774 000 төгрөгний хохирлыг төлөхийг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Хатанбаатар нь хариуцагч Г.Бишгараваас гэм хорын хохиролд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад 34 670 000 төгрөг гаргуулахыг хүсчээ.

Хариуцагч Г.Бишгарав нэхэмжилсэн гэм хорын төлбөрийн үнийн дүнгийн зарим хэсгийг  хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар “...Бусдын ............. эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” , мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэхь хэсэгт зааснаар “ Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэснээр үндэстэй байна.

 Хариуцагч Г.Бишгарав нь нэхэмжлэгч Т.Хатанбаатарын эд хөрөнгөд гэм хор учруулсан болох нь “...Яллагдагч  Г.Бишгарав нь хохирогч Т.Хатанбаатарын эзэмшлийн гар утасны дэлгүүрт  нэвтэрч хулгай хийсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Зуутраг овогт Галсанжавын Бишгаравт холбогдох эрүүгийн 201521000123 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох “ тухай 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж  баримт /хх-ийн 3-4 хуудас/, 2015 оны 12 дугаар 24-ний өдрийн Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргах тухай /хх-ийн 5 хуудас/ , хулгайд алдагдсан эд зүйлсийн жагсаалт /хх-ийн 6-10 хуудас/, эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримтууд /хх-ийн 11-16 хуудас/ , 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Ховд аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч а/д О.Оюунболдод хүсэлт гаргах нь  /хх-ийн 17 хуудас/ баримт, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбарууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтаас харахад 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон үнэлгээгээр нийт 37 000 000 /хх-ийн 13-14 хуудас/ төгрөгний эд зүйлийн хохирол нэхэмжлэгчид  учирсан байна.

Хариуцагч Г.Бишгарав нь 15 750 000 төгрөгний гар утсыг нэхэмжлэгчид буцааж өгсөнийг талууд хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Хариуцагч  өмгөөллийн хөлс 800 000 төгрөг, хаалга 380 000 төгрөг, сейф 400 000 төгрөг болон хохиролд нийт 17 774 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангах нь зүйтэй байна.

            Шүүх  нийт 37 000 000 төгрөгийн /эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар/ гэм хорын хохирлоос хариуцагч Г.Бишгаравын буцааж өгсөн 15 750 000 төгрөгийг хасч тооцоход 21 250 000 төгрөг болох ба  21 250 000 төгрөг дээр 1 580 000 төгрөгийн хохирол /сейф, өмгөөллийн хөлс, хаалганы үнэ/ нэмж нийт 22 830 000 төгрөгийг хариуцагч Г.Бишгараваас гаргуулан нэхэмжлэгч Т.Хатанбаатарт олгож , илүү нэхэмжилсэн 11 840 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж үзэв.

            Т.Хатанбаатарын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн   41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэл нь  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар 22 830 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 272 100 төгрөгийг хариуцагч Г.Бишгараваас гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

            Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Г.Бишгараваас 22 830 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Хатанбаатарт олгож, илүү нэхэмжилсэн 11 840 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн   41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэл нь  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар 22 830 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 272 100 төгрөгийг хариуцагч Г.Бишгараваас гаргуулан улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Б.МАРИНА              

         ШҮҮГЧИД                           Б.МАНГИЛИК

                                                     Ц.ОЮУН-ЭРДЭНЭ