Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 267

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 3 дугаар гудамжны 5-7 тоотод оршин суух, РД:ПЮ83030561 тоот регистрийн дугаартай, Тайжууд овогт Доржийн Отгонжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 5 дугаар гудамжны 20 тоотод оршин суух, РД:ПЮ78123109 тоот регистрийн дугаартай, Шарнууд овогт Дашзэвэгийн Цэнд-Аюушид холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Отгонжаргал, хариуцагч Д.Цэнд-Аюуш, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: нэхэмжлэгч Д.Отгонжаргал нь хариуцагч Д.Цэнд-Аюушаас 1,125,483 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Д.Отгонжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Миний бие 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Д.Цэнд-Аюушид 2,500,000 төгрөгийг 1 хоногийн хугацаатай зээлсэн. 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 100,000 төгрөг нэмж, 2,600,000 төгрөг болгож өгнө гэж хэлээд авсан. Түүнээс хойш 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл араас нь хөөцөлдөж явсаар цувуулж хэдэн төгрөг авсан. Д.Цэнд-Аюуштай уулзахад хүү, алданг өгч чадахгүй гэдэг. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Иймд Д.Цэнд-Аюушаас алданги 1,089,075 төгрөг, үндсэн мөнгөний үлдэгдэл 5,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 31,608 төгрөг нийт 1,125,683 төгрөг нэхэмжилсэн.

Одоо хариуцагч Д.Цэнд-Аюуштай ярилцаад хүү 620,500 төгрөг, үндсэн мөнгөний үлдэгдэл 5,000 төгрөг, нийт 625,500 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг 7 хоногийн хугацаанд авах хэрэгтэй байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 494,983 төгрөгөөсөө татгалзаж байна гэв.

Хариуцагч Д.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Д.Отгонжаргалаас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 2,500,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Тухайн үед цалингийн зээл аваад буцаагаад төлье гэж бодсон боловч хүүхэд төрүүлээд ажилдаа ороогүй. Иймд зээл гарах боломжгүй болсон. Би үндсэн мөнгөө төлсөн, үүнээс 5000 төгрөг дутуу байгаа. Бусад нь хүү юм. Нэхэмжлэгчийн одоо нэхэмжилж буй 625,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин энэ мөнгийг би 7 хоногийн хугацаанд төлж чадахгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Отгонжаргал нь хариуцагч Д.Цэнд-Аюушаас зээл, алданги 1,125,483 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Д.Отгонжаргал нь нэхэмжлэлийн шаардлага 494,983 төгрөгөөс татгалзаж, хүү 620,500 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 5,000 төгрөг, нийт 625,500 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч Д.Цэнд-Аюуш нь нэхэмжлэлийн шаардлага болох хүү 620,500 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 5,000 төгрөг, нийт 625,500 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,608 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Цэнд-Аюушаас 31,608 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Отгонжаргалд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Д.Цэнд-Аюушаас 625,500 /зургаан зуун хорин таван мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Отгонжаргалд олгож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 494,983 /дөрвөн зуун ерэн дөрвөн мянга есөн зуун наян гурван / төгрөгөөс татгалзсан болохыг дурдсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,608 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цэнд-Аюушаас 31,608 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Отгонжаргалд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА