Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 290

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт оршин суух, РД:ПЭ62050900 дугаарын регистртэй, Молхы овогт Хуматайн Жамалханы хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.Жамалхан, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч Х.Жамалхан нь1978 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оныг хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт нормчин, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.

Хүсэлт гаргагч Х.Жамалхан нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Х.Жамалхан нь 1977 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар дунд сургуулийг төгсөөд 06 дугаар сарын 21-нд Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт гоймонгийн цехэд нормчноор, 1994 оныг хүртэл 16 жил ажилласан. Миний Хүнсний үйлдвэрт ажилд орсон тушаал байгаа ба гарсан тушаал олдохгүй байна.

Иймд миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үнэлээд намайг 1978 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оныг хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт нормчин, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Жамалхан нь Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт 1978 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оныг хүртэл нормчин, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 709 тоот лавлагаа,

-Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1978 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ажилд авах тухай тушаал,

-1978 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Х.Жамалханд нээж өгсөн хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Хүнсний буян ХК-д ажилласан Хуматай овогтой Жамылханы 5 жилийн цалингийн тодорхойлолт хүснэгтээр,

-Гэрч Ц.Насандэлгэр нь шүүхэд мэдүүлэхдээ ...Х.Жамалхан нь 1978 оноос Ховд аймгийн Хүнсний үйлдвэрийн гоймонгийн цехэд нормчноор ажиллаж байгаад сүүлд үйлчлэгчээр ажилласан. Яг 1978 оны хэдэн сараас эхэлж ажилласан талаар мэдэхгүй байна. Манай Хүнсний үйлдвэр 180-аад ажилчин албан хаагчтай байсан. Би бас Х.Жамалхан нь Хүнсний үйлдвэрт хамт ажиллаж байссан учир сайн мэдэж байна. 1994 онд Хүнсний үйлдвэр хувьчлагдаад Алтайн буян ХХК болсон ба хувьчлагдсанаас хойш Х.Жамалхан нь ажиллаагүй байх. Хэрэгт авагдсан фото зураг нь 1978-1979 онуудад манай Хүнсний үйлдвэрийн хамт олны гэрэл зураг байна. Эхний зургийн арын эгнээний баруун гар талаас 6 дахь нь Х.Жамалхан байна. Би 2 дахь эгнээний зүүн гар талаас 4-т зогсож байна гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагч Х.Жамалханы ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын газарт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Х.Жамалханы хүсэлтийг хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудад үндэслэн, хүсэлтийг хангаж, түүнийг Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт 1978 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оныг хүртэл нормчин, үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Молхы овогт Хуматайн Жамалханыг 1978 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оныг хүртэл Ховд аймгийн Хүнсний үйлдвэрт нормчин, үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА