Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 293

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багт оршин суух, РД:ПП66040405 тоот дугаарын регистртэй, Зуутраг овогт Шагдарын Цэндсүрэнгийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ш.Цэндсүрэн, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Ш.Цэндсүрэн нь 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.

Хүсэлт гаргагч Ш.Цэндсүрэн нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1978 онд 4 дүгээр анги төгсөөд аав, ээж дээрээ очоод мал маллаж байсан ба түүнээс өөр ажил хийж байгаагүй. 1990 оноос эхэлж нөхөн тооцуулалт хийлгэсэн. Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд одоог хүртэл хувийн мал маллаж байсан.

Иймд миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үнэлээд намайг 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Цэндсүрэн нь 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 725 тоот лавлагаа,

-1981 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нээгдсэн Ш.Цэндсүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар,

-Дөргөн сумын Сээр бригадын 1983-1985, 1988 онуудын цалингийн түүвэр,

-Гэрч Б.Зуноровын шүүхэд ирүүлсэн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод ...Шагдар овогтой Цэндсүрэн нь 1966 онд төрсөн, 1978 онд 4 дүгээр ангиа төгсөөд, аав ээжийнхээ хамт 1990 оныг хүртэл тасралтгүй мал маллаж байсныг мэднэ гэх тодорхойлолт,

-Гэрч Ц.Цэдэндамбаагийн шүүхэд ирүүлсэн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Шагдар овогтой Цэндсүрэн нь 1966 онд төрсөн ба 1978 онд 4 дүгээр ангиа төгсөөд, эвлэлийн илгээлтээр гарч, аав ээжийнхээ хамтаар мал маллаж байсныг мэднэ гэх тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагч Ш.Цэндсүрэнгийн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын газарт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн лавлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Ш.Цэндсүрэнгийн хүсэлтийг хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудад үндэслэн, Зуутраг овогт Шагдарын Цэндсүрэнгийн хүсэлтийг хангаж, түүнийг 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПП66040405 дугаарын регистртэй, Зуутраг овогт Шагдарын Цэндсүрэнг 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА