Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 0178

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, Хөтөл, 12-р байрны 14 тоотод оршин суух Харнууд Баян-Очирын Чулуун-Эрдэнэ /РД:ФБ79041808/-ний нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 12-р байрны 14 тоотод оршинсуух Дархчуул Очирбатын Жаргалсайхан /ТГ: ТГ80061017/-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгө хуваалгах тухай маргаантай хэргийг 2016 оны 05-р сарын 13-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Чулуун-Эрдэнэ, хариуцагч О.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

            Б.Чулуун-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “...Би О.Жаргалсайхантай 2003 онд танилцаад тухайн ондоо нэг гэрт ороод 2004 оны 08-р сарын 23-нд хүү Очыг төрүүлсэн.  Анх амьдарч эхэлж байхдаа 2 аав ээжийнхээрээ амьдардаг байж байгаад төрөхөөс 7 хоногийн өмнө манай аавын жижиг байшинд амьдарч байгаад хадмын гэрт нь очсон. Би айлын бага манай нөхөр айлын том байсан. Анхныхаа ачыг гэрт нь гаргаж авна гээд өрх тусгаарлаж өгсөн. Тэндээ амьдарч байгаад 2006 онд жимстэй хороололд байхдаа хэцүү байсан маш их зодуулдаг нөхөр ажлаас тараад ирэх болгондоо архи ууж ирдэг ямар ч шалтаг шалтгаангүй зоддог байсан. Эхэндээ бол салах бодол гарсан тэгээд за нэгэнт өөрөө зөрөөд суусан юм чинь тэсээд тэвчээд болчих байх гэж бодоод яваад байдаг байсан. Тэгээд овоот хороололд амьдраад гайгүй амьдраад болоод байсан гэхдээ зодуур цөөхөн болсон ч гэсэн улам л ширүүн болоод байсан. Тэгээд би за за амьдарч л байгаа юм чинь гайгүй болох байлгүй гэж бодоод зүтгээд байсан. 2012 оны 2 сард хашаа байшингаа зараад 2012 оны 6 сард 12-14 тоот байрыг худалдаж аваад тэрнээс хойш гайгүй амьдарч байсан. Гэхдээ нөхөр маань архи дарс уух нь багасаагүй зодуур бага болсон ч гэсэн улам л харгис болж эхэлсэн. Салах болсон гол шалтгаан зодуур архинаас л болсон. Энэ оны өмнө 2 зодоон болсон оны дараа бас 2 ойрхон зодоон болсон тэгээд тэрнээс хойш л болъё гэж бодсон. Биедээ маш их шарх соривтой сүүлийн үед толгой маш их өвддөг болсон. Тийм болохоор би амьд явъя гэж бодсон.... Хүүхдүүдээ би өөрөө авна гэж бодож байна. Анхнаасаа хамт бий болгосон юм чинь орон байраа хуваана гэж бодож байгаа... Хамгийн гол шалтгаан жимстэй хороололд жирэмсэн байхад зоддог байсан. Би гэрийнхнээсээ нуугаад хэлдэггүй байсан. Яагаад гэхээр би зөрөөд суусан энэ хүнтэй сайхан амьдрана гэж бодож байсан. Надтай анх танилцаж байхдаа ч гэсэн архи уудаг байсан би гэрт нь хүргэж өгөөд явдаг байсан. Хүн юм чинь засарна эр хүн алдаа гаргаал биз уучлаад амьдарна гэж л бодож явсан сүүлийн зодуурыг архинаас л боллоо гэж бодож байна. Зодуурын улмаас л би нөхөрөөсөө салж байгаа... Мамай ээж О.Жаргалсайханы цехэд нярав байхад нь бид 2 анх танилцаж байсан. Ээж бол манай нөхрийг мэднэ надтай суухад нь жоохон дургүй байсан нэг газар ажиллаж байсан хүн ямархуу ааштай гэдгийг нь мэддэг байсан болохоор хориглодог байсан... Манай том ах үйлдвэрт ажиллаж байхдаа аавыг өнгөрсний дараа цалингийн зээл авсан байсан. Тухайн үед цалингийн зээл өгөхдөө заавал үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл өгдөг байсан болохоор тавьсан байсан. Аав надад байшингаа үлдээнэ гэдэг байсан манай ах эхнэрээсээ салчихаад хоёр хүүхдээ аваад ээж аав хоёр дээр очиж нэг хэсэг амьдарсан. Ах зээлээ төлж чадахгүй хугацаа нь хэтэрээд банк хурааж авна гээд байна яах вэ? Гэхээр нь би уурлаад надад өгсөн юмыг та яах гэж банкинд тавьсан юм би авна гэсэн. Тэгээд эхлээд ганцаараа зүтгэж байгаад нэгэнт амьдарч байгаа юм чинь ээжийнхээ хажууд очвол энэ хүний зодох нь бас гайгүй болох байх гэж бодоод хоёулаа авъя гээд худалдах худалдан авах гэрээ хийж нэр дээрээ шилжүүлж авах хэцүү байсан болохоор өв залгамжлалаар авъя гээд миний нэр дээр авч байж байгаад тэрийгээ зараад байр авсан... Бид нарыг очоод удаагүй манай ах нүүсэн. Манайх 2006 оны 9 сард нүүж очсон ах маань тэр хавьцаа ажлаасаа гараад явсан ахын 2 хүүхэд ээжтэй урьд нь дэлгүүр ажиллуулдаг байсан хашаанд байдаг жижиг байшинд нүүж орсон... Миний ээж би хоёрын амьдралд дэм болж байсан уу гэхээс гай болж байгаагүй анхнаасаа таармж муутай байсан болоохоор тэр байх. Гэхдээ ээж гар хүрдэг талаар мэдэдгүй байсан хороолол очоод нэг удаагийн зодуурыг ээж мэдчихсэн байсан. Би тухайн үедээ ууж байгаа хүнээсээ болж байх шиг байна гэж хэлж байсан. Сүүлд байранд орсны дараа дандаа ээжийг байхгүй үед дандаа зоддог байсан тэгээд ирэхэд нь би зодуулчихсан байдаг байсан. Би юм хэлдэггүй байсан хүүхэд харин айхтар манай банди чинь жоохон байсан болохоор хэлчихдэг байсан намайг жижиг сүхээр цохиулсан талаар аав, ээжийг сүхээр цохьсон гээд хэлчихсэн байсан... 2 өрөө орон сууцыг анх 28.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан одоо 30.000.000 гарантай л байгаа байх... Нэхэмжлэл өгсний дараа шүүх хурал болтол нэг хэсэг тусдаа амьдараад үзье гээд манай хүн жимстэй аавынх руугаа явсан. Тэр хугацаанд 5 дахь өдөр болохоор л архи уучихаад байсан. Нэг удаа согтуу ороод ирэхээр нь би гараад нэг хэсэг гадуур явсан. Сүүлд за за ингэж яваад яах юм бэ? чи гэртээ ир би жимстэй хороолол явлаа гээд би гэртэй буцаж очисон. Би гэрээсээ явсан талаараа хүүдээ л хэлсэн тэгсэн манай хүү би шүүх дээр дахиад очиж уулзаад ээжтэйгээ амьдрана гэдгээ хэлж болох болов уу? гэж ярьж байсан... ” гэв.

            О.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Би хүн шиг сайхан амьдрана гэж бодсон. Овоот хороололд эдний аавын байрыг ах нь барьцаанд тавиад алдчихсан байсан. Би банкнаас зээл авч худалдаж авч байсан. Ах нь байрны ордер шилжүүлэх чинь явдалтай юм байна гэхээр нь тэгээд яах юм гэсэн чинь өв залгамжлалаар дамжуулж өгөх чинь амархан байдаг юм гээд Б.Чулуун-Эрдэнийн нэр дээр шилжүүлж өгсөн. Сүүлд нь үзсэн чинь  худлаа хулхидаад надаар банкны зээлээ төлүүлж орон байртайгаа үлдчихээд би анх авахдаа хэлсэн би эхнэр хүүхэдтэйгээ байнаа хадмуудаас нэгч хүн байхгүй гэж хэлсэн. Тэгээд эхний нэг жил хүрэхгүй хугацаанд бүгд байхгүй явсан, тэгээд хадамууд бүгд буцаад ирсэн. Ирчихээд асуудал үүсч эхэлсэн. Тэгээд ингэж байж байхаар больё гэж бодсон. За яахав гээд тэсээд явж байгаад 12 дугаар байранд байр авсан. Б.Чулуун-Эрдэнээс заавал бид нарын хажууд хүмүүс хамт амьдрах ёстой юм уу? гэсэн шаардлага тавьж байсан. Тэгэхэд үгүй гээд байсан. Тэрнээс болж л миний дургүйцэл хүрч эхэлсэн... маргаануудас л болж дотроо хадгалж явж байгаад согтохоороо нөгөөдөхөө гарчихдаг юм шиг байна... Би хоёр хүүхдээ аваад явахад тэжээж чадахгүй гэж бодож байна. Цалин багатай дээрээс нь банкны өртэй байхад чадахгүй гэж бодож байна... Хороололд очсоноороо буруутсан миний хувьд хадам ээж гарч ирээд шууд өөдөөс хувинтай угаац цацаж байгаа хүнийг яах юм бэ? тийм орчинд хүн байх уу? гайгүй болж байгаа хүнийг тосон дээр гал гэдэг шиг л юм болж уурлаад бөөн хэрүүл болсон. Хүнээс нугаад явж л байсан би хэлвэл хэлэх л байсан эрэгтэй хүн гэхээрээ л ийм байх ёстой юм уу? тийм юм байж болохгүй биздээ... би 20 настайгаасаа эхэлж эрхийг уусан... Архийг байнга бол хэрэглээд байхгүй... Архийг ер нь бол дэмий гэж бодоод л байдаг юм. Хамт олонтойгоо нэг уухаараа 2,3 өдөр уучихаад байдаг... Энэ хүний хандлага тийм онцгүй байдаг. Ороод аяга хоол идчих гэхээр хүн амьтны хоол унд бэлдэх гэж төвөгтэй гээд гадуур ярьчихдаг нөгөөх нь явсаар байгаад миний чихэнд хүрчихдэг ер нь бол зовлонтой хэцүү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Б.Чулуун-Эрдэнэ нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч О.Жаргалсайхан нэхэмжлэлийн шаардлагын талаар  мэтгэлцээгүй болно.

Нэхэмжлэгч Б.Чулуун-Эрдэнэ, хариуцагч О.Жаргалсайхан нар нь 2003 онд танилцаж 2006 оны 11-р сарын 17-ны өдөр гэр бүл болсон /хх-7/ байна. Зохигчдын дундаас 2004 оны 08 сарын 23-ны / хх-06/ өдөр хүү Ж.Оч, 2013 оны 06 сарын 23-ны /хх-08/ өдөр охин Ж.Толун нар мэндэлж, эсэн мэнд бойжиж байгаа болох нь 2016 оны 06 сарын 20-ны өдрийн Хөтөл Сум дундын нэгдсэн эмнэлгийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

            Хариуцагч О.Жаргалсайхан нь 2000 оноос хойш архи ууж байгаа бөгөөд архи ууж согтуурсан үедээ гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж эхнэр Б.Чулуун-Эрдэнийг удаа дараа зодож  бие эрхтэнд нь гэмтэл учруулж байсан болох талаарх  нэхэмжлэгчийн “...2006 онд жимстэй хороололд байхдаа хэцүү байсан маш их зодуулдаг нөхөр ажлаас тараад ирэх болгондоо архи ууж ирдэг ямар ч шалтаг шалтгаангүй зоддог байсан... Тэгээд овоот хороололд амьдраад гайгүй амьдраад болоод байсан гэхдээ зодуур цөөхөн болсон ч гэсэн улам л ширүүн болоод байсан... Салах болсон гол шалтгаан зодуур архинаас л болсон... Хамгийн гол шалтгаан жимстэй хороололд жирэмсэн байхад зоддог байсан... Сүүлд байранд орсны дараа ээжийг байхгүй үед дандаа зоддог байсан...” гэж тайлбарласныг үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь  хариуцагч О.Жаргалсайхан “...хадам ээжийн янз бүрийн ярианаас болоод тиймэрхүү зүйл байсан...” гэж дээрх тайлбарыг зөвшөөрч байна. Дээрх байдал нь хэрэгт авагдсан Сайхан сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн жижүүр эмчийн:

2015 оны 12-р сарын 27-ны өдрийн үзлэгийн “...шөнө 00 цагийн үед гэртээ согтуу нөхөртөө зодуулсан... гэв, Толгой өвдөнө, баруун бугалга, гуяны орчим хөндүүрлэж өвдөнө...” гэх тодохойлолт /хх-9/,

            2016 оны 04-р сарын 26-ны өдрийн “...хүнд зодуулсан... гэх, толгой өвдөнө, зүүн гуя орчим өвдөнө...” гэх тодорхойлолт,

            Хүүхдийн биед үзлэг хийсэн талаар: “...2015 оны 12-р сарын 27-ны “...00 цагийн үед гэртээ согтуу аавдаа зодуулсан. Баруун гарын шуу, бугалга орчимд хосож өвдөнө...” /хх-н 10/ гэх тодорхойлолтуудаар давхар нотлогдож байна.

            Тухайн гэр бүлд хүчирхийлэлийн шинжтэй байдал байгаа гэж үзсэн тул  зохигчдод эвлэрүүллэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ. Иймд Дархчуул Очирбатын Жаргалсайхан, Харнууд Баян-Очирын Чулуун-Эрдэнэ нарын 2006 оны  11 сарын 17-ны өдрийн 162 дугаартай гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна.

            Хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар 2004 оны 08 сарын 23-ны / хх-06/ өдөр хүү Ж.Оч, 2013 оны 06 сарын 23-ны /хх-08/ өдөр охин Ж.Толун нарыг эх Б.Чулуун-Эрдэнийн асрамжид үлдээж, сар бүр эцэг О.Жаргалсайханаар тэтгүүлэх нь зүйтэй байна.

            Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Ж.Толуныг 11 нас,

Нэхэмжлэгч Б.Чулуун-Эрдэнийн гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болох Сайхан сумын 1 дүгээр багийн 12 дугаар байрны 14 тоот 2 өрөө орон сууцыг хуваах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. Учир нь тус 2 өрөө бүхий орон сууцыг 2012 оны 06-р сарын 21-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын харъяа Хөтөл тооцооны төвөөс 25 000 000 төгрөгийн зээл авч худалдаж авсан болохыг зохигчид нотлож байгаа бөгөөд тухайн байр нь тус банкны барьцаанд байгаа болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна. Хариуцагчийн зүгээс дээрх орон сууцыг хуваах тал дээр маргаагүй бөгөөд  тухайн эд хөрөнгийг худалдан борлуулах эрх нь Худалдаа хөгжлийн банкны мэдэлд байх тул энэ хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоох шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Жаргалсайханаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлэгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 47 664 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 12-21 дүгээр хуудаст байгаа орон сууцны зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ зээлийн дансны хуулга зэрэг нь нотариатаар гэрчлүүлээгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4, 14.5 дахь хэсгүүдэд зааснаар Дархчуул Очирбатын Жаргалсайхан, Харнууд Баян-Очирын Чулуун-Эрдэнэ нарын 2006 оны 11-р сарын 17-ны өдрийн 162 дугаартай гэрлэлтийг цуцалж, 2004 оны 08 сарын 23-ны өдөр хүү Ж.Оч, 2013 оны 06-р сарын 23-ны өдөр охин Ж.Толун нарыг эх Б.Чулуун-Эрдэнийн асрамжид үлдээж, сар бүр эцэг О.Жаргалсайханаар тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Ж.Толуныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 настай болтол амжиргааны доод түвшинийн хэмжээгээр сар бүр эцэг О.Жаргалсайханаар тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Ж.Очийг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 настай болтол амжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.Жаргалсайханаар тэтгүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах тухай нэхэмжлэгч Б.Чулуун-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулий 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зориулахыг эх Б.Чулуун-Эрдэнэд мэдэгдсүгэй.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт багтаан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газарын иргэний бүртгэлийн ажилтанд, гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дахь хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт тус тус хүргүүлсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Жаргалсайханаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Чулуун-Эрдэнэд олгож, хүүхдийн тэтгэлэгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 47 664 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр бүрэн эхээр бичигдсэнээс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                               ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                        А.НАРАНТУЯА