Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 291

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

 

Нэхэмжлэгч: Хасбанк /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8 дугаар баг, *******,******* /РД:*******/,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8 дугаар баг, *******,******* /РД:*******/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 3,826,374 төгрөг 36 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хасбанк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн ******* нь ХасБанктай 2013 оны 06 дугаар сарын 24-ны өдөр 1450002146 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өрхийн хэрэглээ зориулалтаар 6,500,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар өөрийн эзэмшлийн 4 ханатай гэр, гэрийн бүх тавилга, Марк 2 суудлын авто машин, 36 сарын тогтмол цалингийн орлогоо барьцаанд бариулан авсан. Барьцаат зээлийн гэрээний үүргийн дагуу зээл төлөх хугацаа 2015 оны 02 дугаар сарын 06-нд байсан. Зээлдэгч нь ХасБанктай байгуулсан дээрх барьцаат зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөлгүйгээр 2016 оны 05-р сарын 06-ны өдрийн байдлаар 455 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Барьцаат зээлийн гэрээний 1.2, 2.2.1, 2.2.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хэсэгчилсэн хугацааг зөрчсөн нь гэрээний үүргийн зөрчил болох бөгөөд ХасБанк нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхийг удаа дараа сануулж, шаардаж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй, санаатайгаар зугтан өдийг хүрсэн. Эдгээр нөхцөл байдал үүссэн тул ХасБанк барьцаат зээлийн гэрээний 3.4, 3.5 дахь заалтад заасан үндэслэлээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна.   

1450002146 тоот барьцаат зээлийн гэрээний 2016 оны 5-р сарын 6-ны өдрөөр төлбөл зохих үндсэн зээл 3,069,444.36 төгрөг, хүү 694,984 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,946 төгрөг, нийт 3,829,374.36 төгрөгийг *******, ******* нараас гаргуулах.

Барьцаат зээлийн гэрээний 3.4 дах заалтын дагуу зээлийн барьцаанд бариулсан барьцаа хөрөнгө болох Марк 2 суудлын автомашин, 4 ханатай гэр, тавилга эд хогшил болон зээлдэгчийн бусад эд хөрөнгөөр барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч *******, ******* нар 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Юра овогтой Болдбаатар, Мөнхөө овогтой Алтанзул бид хоёр 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 6,500,000 төгрөгийн зээлийг Хасбанкнаас авсан нь үнэн. Үлдэгдэл 3,826,374.36 төгрөгийг төлөх нь үнэн үнийн дүн дээр маргах зүйлгүй” гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, хариуцагчдын хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Хасбанк нь хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,826,374 төгрөг 36 мөнгийг гаргуулахыг шаарджээ.

 

Хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

         

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэгч Хасбанкны 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 18/289 тоот, 3,826,374.36 /гурван сая найман зуун хорин зургаан мянга гурван зуун далан дөрвөн төгрөг гучин зургаан мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хасбанкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,220 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Энхбат, Ц.Шижирмаа нараас 38,110 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 38,110 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хасбанкинд олгосугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР