Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 310

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Сэврэй сум, Сайншанд, 1 дүгээр багт оршин суух, ******* /РД:*******/,

Улсад ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Өмнөговь аймаг Барилга угсралтын контор тоосгоны үйлдвэрт нормчоор 1976 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир улсад ажилласан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1976 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь 1976 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын контор тоосгоны үйлдвэрт нормчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “1976 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн үед бид 2 цэргээс зэрэг халагдаж ирсэн. Тэгээд хэд хоног амраад би тоосгоны үйлдвэрт гагнуурчингаар, ******* нооромчингоор ажилд орсон. 1983 оныг хүртэл ажилласан байх ёстой. Он, сар, өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Дээрх хугацаанд ******* тасралтгүй ажилласан, дундуур нь ажлаас гарж, орж байсан зүйл байхгүй. Би Өмөнговь аймаг дахь Барилга угсралтын конторын харьяа тоосго шохойн үйлдвэрт 1976-1990 оныг хүртэл тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд бид хамт ажиллаж байсан. Нэг оны цэргүүд байсан учраас бид дотно байдаг байсан. Тийм учраас түүний ажиллаж байсныг гэрчлэж байна.” гэх мэдүүлэг,

2.Гэрч С.Батсайханы шүүхэд өгсөн: “Намайг 1976 онд Барилга угсралтын конторын тоосгоны үйлдвэрт ажиллаж байхад ******* нормчоор ажилд орж ирсэн. Сар өдрийг нь сайн санахгүй байна. Тэгээд 1977 онд би цэрэгт яваад 1981 онд халагдаад ирэхэд ******* ажиллаж л байсан. Энэ хугацаандаа тасралтгүй ажиллаж байгаад 1983 онд эхнэр хүүхдээ дагаад Сэврэй сум руу шилжсэнийг нь мэдэж байна. Би бага байхаасаа л тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан. Хамт нэг дор ажиллаж байсан, би нормчоор ажиллаж, 10 гаруй жил тоосгоны үйлдвэрт ажилласан учраас түүний ажилласныг сайн мэднэ.” гэх мэдүүлэг,

3.Нэхэмжлэгч *******гийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

4.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 290 тоот ******* нь Өмнөговь аймгийн Барилга угсралтын контор, тоосгоны үйлдвэрт 1976-1982 онд ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,

5.Өмнөговь аймаг дахь барилга угсралтын конторын даргын 1976 оны 09 дүгээр 27-ны өдрийн 148 дугаар тушаалын хуулбар,

6.Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторын даргын 1982 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тушаалын хуулбар,

7.Гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

 

Нэхэмжлэгч ******* нь 1976 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын контор, тоосгоны үйлдвэрт нормчоор ажиллаж байсан нь түүнтэй хамт тус үйлдвэрт ажиллаж байсан гэрч *******, ******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймаг дахь барилга угсралтын конторын даргын 1976 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 148 дугаар, 1982 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тушаалуудын хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 290 тоот ******* нь Өмнөговь аймгийн Барилга угсралтын контор, тоосгоны үйлдвэрт 1976-1982 онд ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч *******гийн хүсэлтийг хангаж, түүний 1976 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын контор, тоосгоны үйлдвэрт нормчоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******гийн 1976 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын контор, тоосгоны үйлдвэрт нормчоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          А.ЭНХТӨР