Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 2 дугаар баг, Гавилууд, бага булаг 4-1 тоотод оршин суух, Сөнөд Доной овогт Банзрагчийн Хэнмэдэхбаяр /РД:КМ74051011/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,  тоотод байрлах Оюутолгой” ХХК-д холбогдох урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг, хариуцагч “Оюутолгой” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Навчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Хэнмэдэхбаяр миний бие 2011 оноос эхлэн “Оюутолгой” ХХК-д операторын албан тушаалд ажилласан бөгөөд тус компани нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан юм. Ингээд тус компанид 5 жил тасралтгүй ажилласан. Ажиллах хугацаанд ээлжийн мастер н.Бямбадорж нь ажлын байрны дарамт шахалтыг удаа дараа гаргаж байсан. Ажлын цагаар архи авч ир, хоол хийж ир, борц аваад ир гэх мэтээр тушаана, үгэнд нь ороогүй хүнийг загнаж, хууль бус үйлдэл гаргадаг байсан, ажил хийхэд их төвөгтэй, дарамттай, ажлаа тайван хийх боломжгүй байсан. Энэ талаар удирдлагад хэлж гомдол гаргаж байсан боловч тогтоогдох боломжгүй гээд н.Бямбадоржид хариуцлага аваагүй.

2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0155/16 тоот захирлын тушаалаар намайг ажлаас үндэслэлгүйгээр халсныг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна. Учир нь уг тушаалд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Дээрх ажлаас халсан тушаалыг сахилгын буруу шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан гэж үзэж байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан тул урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Оюутолгой” ХХК-д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул түүнд “сануулах” хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Гэтэл Б.Хэнмэдэхбаяр нь өмнөх сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаанд  2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр LO-040 техник буюу шанагат экскаваторынг ажиллуулахын өмнө үзлэг шалгалтын дэвтэр дээр үзлэг шалгалтын үр дүнг тэмдэглээгүй зөрчил буюу хөдөлмөрийн зөрчлийг давтан гаргасан. Иймд дээрхийг үндэслэн “Оюутолгой” ХХК нь нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр цуцласан. Ийд нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаярын нэхэмжлэлийн шаардлагуудыг хангахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй орхин шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр RT50 ачааны машинаар ажилд гарахыг ээлжийн мастер Нэргүйгээс авсан. Машинд үзлэг хийх хооронд ээлжийн мастер Нэргүй нь хамт гарч байсан дохиочнийг өөр ажилд томилсон байсан. Машинд үзлэг хийгээд өрмийн талбай руу явсан. Өрмийн талбай дээр очоод газрын байдал,  тэгш ус, саад бартаа ихтэй байсныг ээлжийн мастер Нэргүйд станцаар хэлсэн. “Оюутолгой” ХХК-нь надад 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зөрчил гаргаж 1200 долларын хохирол учруулсан  гэж сүүлийн удаа сануулга өгсөн. 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр техникийг ажилуулахын өмнө үзлэгийн хуудас бөглөөгүй гэх үндэслэлээр миний гэрээг цуцалсан. Энэхүү 2 зөрчилийг нэг дор хянан хэлэлцээд миний гэрээг цуцалсан. Иймээс намайг үндэслэлгүй халсан гэж үзэж урьд байсан ажилд эргүүлэн томилж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд: “Сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан байгаа. Тийм учраас 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн сахилгын шийтгэлийн талаар ярих хэрэгтэй байна. Хөдөлмөрийн гэрээнд “Оюутолгой” ХХК-ийн ажил олгогчийн төлөөлж Эндрью вудле захирлын гарын үсэг байх байтал өөр хүний гарын үсэг зурагдсан байна. Нэгэнт албан үүргийг орлон гүйцэтгэхээр томилогдсон бол албан тушаалаа бичээд гарын үсэг зурах байсан. Харин Эндрью вудле гэх захирлын нэрний ард өөр хүний гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Хэнмэдэхбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэнмэдэхбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр сахилгын зөрчил гаргаж, 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулахаар захирлын тушаал гарсан. Дараа нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажилд гарахаас өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг үзэж бүртгэлийн дэвтэр бөглөөгүй зөрчил гаргаснаар хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан. 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тушаал гарсан. Иймд 2 зөрчил давтан гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг МУ-ын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас халсан. Иймээс Хэнмэдэхбаярын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Навчаа шүүх хуралдаанд “Шүүгч болон нэхэмжлэгч нэхэжлэлийн шаардлагыг танилцууллаа. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдээгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнтэй адил 2 дахь сахилгын зөрчилтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Ажлаас халсан шалтгаан нь сахилгын зөрчил давтан гаргасан тушаалтай холбогдуулж гаргасан. Эхний зөрчлийн асуудал ярих нь үндэслэлгүй юм” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Б.Хэнмэдэхбаяр нь ажлаас үндэслэлгүй халсан тул урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгүүлэх туахй нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна гэж үзэв. Учир нь.

“Оюутолгой” ХХК нь нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяртай 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан Б.Хэнмэдэхбаярыг операторын албан тушаалд авч ажиллуулжээ. /хх-ийн 3-5 дугаар тал/

Нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяр нь “ …2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр RT-050 ачааны тэргээр ЕХ-15 экскаваторыг ачихаар эргэх үед RT-050 ачааны тэргэнд гэмтэл учруулсан тул  Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн  “а” заалтад зааснаар бичгээр өгөх эцсийн сануулах шийтгэл”  хүлээсэн байна.

“Оюутолгой” ХХК 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №0155/16 тоот тушаалаар Ил уурхайн үйл ажиллагааны хэлтсийн Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор Б.Хэнмэдэхбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг  цуцлаж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 8 дугаар тал/

Б.Хэнмэдэхбаяр нь Оюутолгой ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн “б”, 10 дугаар зүйлийн 10.4.1.2 заалт, хөдөлгөөнт хүнд техникийн опероторын үүрэг хариуцлага стандарт ажиллагааны зааварчилгааны 3.3 дахь заалтуудыг зөрчсөн нь зохигчдын шүүхэд ирүүлсэн баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж үзэв.

            Оюутолгой ХХК-ний захирлын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №0155/16 тоот тушаалаар Ил уурхайн үйл ажиллагааны хэлтсийн Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор Б.Хэнмэдэхбаярын хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь  үндэслэлтэй байна.

            Иймд Оюутолгой ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаагийн 2016 оны 05 сарын 10-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбар нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

            Харин нэхэмжлэгч Б.Хэнмэдэхбаяр, түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нар  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар тогтоож,  хууль зүйн үндэслэл бүхий тайлбар хийж чадахгүй, “Оюутолгой” компаний гүйцэтгэх захирал Эндрью Вүдлейг албан ёсоор томилсон шийдвэр, гарын үсгийн албан ёсны баталгаа тус тус гаргуулан авах хүсэлт гарган авхуулсан хэдий ч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой ямар үйл баримтыг нотолж, үгүйсгэж байгаа талаараа тодорхой шаардлага, тайлбар гаргаагүй тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Иймд Б.Хэнмэдэхбаярын урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Б.Хэнмэдэхбаярын  Оюутолгой ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.4 дэх зааснаар Б.Хэнмэдэхбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                               Д.БАТТУЛГА