Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 1-р баг, Сийрст оршин суух Түмэд овогт Сосорын Хүүбаатар /РД:КН32061675/-ын нэхэмжлэлтэй,

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Хүүбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хүүбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.Хүүбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний авга ах Чогдовын Эрэндоо нь 1938 он 02 дугаар сард улс төрийн хилс хэргээр 10 жилийн хорих ял эдлэн нас барсан бөгөөд 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 181 дүгээр магадлалаар цагаатгагдсан юм. Одоо Ч.Эрэндоогийн ам бүлийн хүмүүс бүгд байхгүй, ач хүү болох 86 настай С.Хүүбаатар мөн болохыг нутгийн өндөр настан болон Өмнөговь дахь Сум дундын шүүхээр 2001 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаартай шийдвэрээр садан төрлийн холбоотой болохыг тогтоосон. Иймд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Чогдовын Эрэндоод холбогдох нөхөх олговрыг ач хүү Сосорын Хүүбаатарт олгож өгөх шийвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцсон прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чогдов овогтой Эриндоо улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Сосор овогтой Хүүбаатар нь хэлмэгдэгч Чогдов овогтой Эрэндоогийн ач хүү болох нь Өмнөговь аймгийн сум дундын шүүх тогтоосон. Хавтаст хэрэгт авагдсан архивын лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, шүүхийн тогтоол зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах хүсэлтэй байна гэв.” гэв.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Чогдовын Эриндоо нь 1938 оны 02 дугаар сарын 14-ний өдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн баривчлагдаж Онц бүрэн эрхт комиссын 1938 оны 03 дугаар сарын 11-ий өдрийн 09 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаартай шийдвэр болон нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбараар Түмэд овогт Сосорын Хүүбаатар нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Чогдовын Эриндоогийн ач буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоосон байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ч.Эриндоо цагаатгагдсан нь БНМАУ-ийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дугаартай магадлал, Үндэсний төв архивын газрын 2016 оны 04 сарын 05-ны өдрийн архивын лавлагаа, цагаатгасан тухай 5822 дугаартай цагаатгалын үнэмлэхийн хуулбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч С.Хүүбаатар нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ч.Эриндоогийн ач мөн бөгөөд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговор”-ыг нэхэмжлэх эрхтэй болох нь Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаартай шийдвэр, Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны 2016 оны 05 сарын 09-ний өдрийн 2/88 албан бичиг, Зууны мэдээ сонины 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №86 дугаар хэвлэлт, Улсын бүртгэлийн газрын иргэний баримтын архивын хэлтсийн 2016 оны 04 сарын 07-ны өдрийн 45/007109 дугаартай 1 дүгээр маягтын лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 04 сарын 19-ний өдрийн 02/1376 дугаартай архивын лавлагаа, Үндэсний төв архивын 1999 оны 03 сарын 18-ны өдрийн 1539 дугаартай Архивын магадлагаа зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Чогдог овогт Эриндоод ногдох нөхөх олговорт 1.000.000 /нэг сая/ төгрөгийг түүний ач хүү болох Түмэд овогт Сосорын Хүүбаатарт олгуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын төрийн сангийн хэлтсээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Чогдог овогт Эриндоод олгох нөхөх олговорт 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж, түүний ач хүү болох Түмэд овогт Сосорын Хүүбаатар /РД:КН32061675/-т олгосугай.

2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг авах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч С.Хүүбаатар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг мэдэгдсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.СОЛОНГО