Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 96

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо “Капитрон банк”-ны төв байр, /Утас:70535545/,  Капитрон банкны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3-р баг, Цагаан овоо, Ямаан хүрэн гудамжны 6-9 тоотод оршин суух Шанхай овогт Сэнгээгийн Жавзандулам /РД:КЮ80062465, утас:88052849/-д холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 4 569 249 төгрөг гаргуулах тухай Капитрон банкны нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитрон банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын иргэн Сэнгээгийн Жавзандулам нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр №3019-2013/161 тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан 6 500 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хавсралтаар баталсан цалингийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор зээлдэгч нь зээл хүүгийн төлбөрт сар бүр төлж байх ёстой байтал 2015 оны 01 дүгээр сараас эхлэн энэхүү үүргээ бүрэн биелүүлээгүй зөрчил үүсгэсэн.

Иймд зээлийн гэрээний 5.3 дугаар зүйл болон Иргэний хуулийн 225, 284, 451 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлийг бүрдүүлсэн тул банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлан 3019-2013/161 тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ний үүрэгт:

Үндсэн зээл – 4 569 249 төгрөг, Зээлийн хүү – 856 606 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү – 52 001 төгрөг, Нийт – 5 477 856 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт зээлдэгч С.Жавзандуламаас нэхэмжилж байгааг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү.

Тус банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26-р зүйлд заасан эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ. 

  Хариуцагч С.Жавзандулам шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие С.Жавзандулам  нь  2013 оны10 дугаар сарын 25-нд Капитрон банкнаас цалингийн зээл болох 6 500 000 төгрөг зээлж авсан нь үнэн болно. 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үлдэгдэл 5 477 856 төгрөгийг төлж барагдуулах болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитрон банкны нь хариуцагч С.Жавзандуламд холбогдуулан зээлийн үлдэгдэл нийт 5 477 856 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч С.Жавзандулам нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаараа бичгээр тайлбар гаргаж өгсөн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Капитрон банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 102 596 төгрөгийн тал хувь болох 51 298 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын Төрийн банк дахь 211000020815 тоот данснаас, мөн тал хувь болох 51 298 төгрөгийг хариуцагч С.Жавзандуламаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

            1.Капитрон банкны нэхэмжлэлтэй С.Жавзандуламд холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 5 477 856 /таван сая дөрвөн зуун далан долоон мянга найман зуун тавин зургаа/-н төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Капитрон банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 102 596 төгрөгийн тал хувь болох 51 298 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын Төрийн банк дахь 211000020815 тоот данснаас, мөн тал хувь болох 51 298 төгрөгийг хариуцагч С.Жавзандуламаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитрон банкинд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                        Д.БАТТУЛГА