Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2

 

Э.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул                                               

Шүүгчид                                           Б.Манлайбаатар

                                                          Ц.Амаржаргал    

Прокурор                                          С.Баттамир

Насанд хүрээгүй шүүгдэгч             Э.Э-

Насанд хүрээгүй шүүгдэгчийн

хууль ёсны төлөөлөгч                     С.Э-

Насанд хүрээгүй шүүгдэгчийн

өмгөөлөгч                                           И.Атарбямба

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-ын Э-д холбогдох эрүүгийн 201609000551 дугаартай, 171/2016/0229/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Насанд хүрээгүй шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эмэгтэй, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, Дархан дээд сургуулийн лицей 11-а ангид сурдаг, ам бүл 2, аавын хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын 7-1 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй Сартуул овогт Э-ын Э- /РД:ТА00280424/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Э.Э- нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан дээд” сургуулийн спорт заалны гадна О.О-г үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрч бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 211 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

-Шүүгдэгч Сартуул овогт Э-ын Э-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21-р зүйлийн 21.3, 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дэх хэсэгт зааснаар Э.Э-д засарч хүмүүжихийг 6 /зургаа/ сарын хугацаагаар даалгаж, эцэг С.Э-ын хяналтад өгч,

-Шүүгдэгч Э.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар иргэний хариуцагч Сэсээрийн Э- /РД:ТЕ67012398/-аас 450,000 төгрөг гаргуулж Дархан-Уул аймаг, Дархан сумын 5-р баг, 2-60-15 тоотод оршин суух Хонин овгийн Орхончимэгийн О- /РД: МЙ98061308/-д олгож, цаашид гарах эмчилгээнийхээ зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар Э.Э-д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус шийдвэрлэжээ.

Прокурор С.Баттамир давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:

“...Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э-г сургуулиас зохион байгуулсан тэмцээний үед илт бохир тоглосон үндэслэлээр маргалдаж харилцан бие биетэйгээ хүндэтгэлгүй хандсанаас, өөрөөр хэлбэл: хувийн таарамжгүй харьцаанаас болж дээрх хэрэг үйлдэгдсэн, шүүгдэгчийн хувьд эрээ цээргүй авирлаж, эргэн тойрны хүмүүсийг илтэд үл хүндэтгэж, бүдүүлэг үйлдэл гаргая гэсэн санаа зорилгогүй байсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн ба ийм хувийн таарамжгүй харьцаа үүссэн байсан гэдгийг нотлосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх хувийн таарамжгүй харьцаанаас болсон гэдэг үндэслэлээ нотлох баримтанд тулгуурлан дүгнээгүй байна.

Танхайрах үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй байдаг бол хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн тооцож төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж, үйлдлээ өөрөө хянаж, хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоодог зэрэг шинжээрээ яллагдах бөгөөд, шүүх хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй хэргийн зүйлчлэлийг хөнгөруүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 211 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан ...шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх, мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2-т заасан тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх зэрэг хуульд заасан шаардлагыг хангаагүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх заалтыг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэжээ.

Прокурор С.Баттамир давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Э- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Би тэмцээний үеэр танхайраагүй. Тухайн үед тэмцээний үеэр алдаа гаргаж хоёр баг бухимдсан байсан. Намайг түлхэхэд би унасан байсан, бүх хүүхдүүд адилхан зодолдсон болохоос би танхайраагүй” гэв.

Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 14-ний өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...хууль ёсны ба үндэслэлтэй...“ байх, мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2-т заасан “...тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх...” хуулийн шаардлагуудыг хангаагүй байна.

Прокуророос шүүгдэгч Э.Э-г 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан дээд” сургуулийн спорт заалны гадна О.О-г үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрч бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд ...шүүгдэгч Э.Э- нь хохирогч О.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, эрх чөлөөнд нь халдаж гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохироогүй... гэж дүгнээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Прокурорын газраас шүүгдэгч Э.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21-р зүйлийн 21.3, 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дэх хэсэгт зааснаар Э.Э-д засарч хүмүүжихийг 6 /зургаа/ сарын хугацаагаар даалгаж, эцэг С.Э-ын хяналтад өгч, иргэний хариуцагч Сэсээрийн Э-аас 450,000 төгрөг гаргуулж хохирогч О.О-д олгож, цаашид гарах эмчилгээнийхээ зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, түүнд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад анхан шатны шүүхээс хэргийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүгдэгч, хохирогч нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд ямар нэг эргэлзээтэй зүйлгүй, Э.Э- нь үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрч хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдсон, хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэх боломжтой байхад хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн, түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгчийг танхайраагүй, хувийн сэдэлттэйгээр бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж дүгнэсэн атлаа хэргийг шийдвэрлэхэд ямар эргэлзээтэй зүйл байгааг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэж заалгүйгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтыг хэрэглэсэн нь ойлгомжгүй болжээ.

Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 317.1.4, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 319.1.4, 321 дүгээр зүйлийн 321.1.2, 321.1.3, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Шүүгдэгч Э.Э-д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүгдэгч Э.Э- нь хохирогчид 450.000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргаж өгснийг дурдсугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

                                                                ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                                ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                              Ц.АМАРЖАРГАЛ