Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 107

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би,

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Ханбогд сум, 4-р баг, Баян /РД:ЕЕ86011008/-т оршин суух Чу овогт Гэрэлчулуугийн Одонцэцэгийн нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 4-р баг, Баян, Шар довын 10-12 тоотод Цэрэнжид овогт Отгондүүгийн Баярсайхан /РД:КЙ88121177, утас:88800675/ - д холбогдох 4 600 000 /дөрвөн сая зургаан зуун мянга/-н төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Одонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Одонцэцэг миний бие нь 2009 оноос эхлэн О.Баярсайхантай хамтран амьдрах болсон юм. О.Баярсайхан нь өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан учраас бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. Ингээд бид хоёрын дундаас охин О.Номин-Эрдэнэ 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн. Бид хамт 7 жил амьдарсан. О.Баярсайхан нь хоёулаа машин авьъя, би зээлтэй болохоор зээл авах боломжгүй байна. Чи зээл аваад миний зээлийг хаачих, би дахин зээл аваад хот явж машин авцгаая гэж хэлэхээр нь би түүнд итгээд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хаан банкнаас 7 000 000 төгрөгийн цалингийн зээл авч тухайн өдөр Хаан банкны 5595119943 тоот дансанд 4 606 244,69 төгрөгийг шилжүүлэн зээлийг нь хаасан. Гэвч О.Баярсайхан нь надаар өр, зээлээ хаалгуулаад манайд ирэхгүй, утсаа ч авахгүй алга болсон. Сураг сонсоход тус суманд өөр эмэгтэйгийнд амьдрах болсон байна. Иймд миний бие О.Баярсайханаас 4 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргуулж байна.” гэжээ.                                         

 

Хариуцагч О.Баярсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г.Одонцэцэгийн 4 606 244 төгрөгийн зээлийг сар бүрд төлж барагдуулах болно. Компаний гэрээ сунгагдсан тохиолдолд Баярсайхан миний бие нь үлдэгдэл болох мөнгөө бэлнээр нь төлөх болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Одонцэцэг нь хариуцагч О.Баярсайханд холбогдуулан зээлүүлсэн 4 600 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч О.Баярсайхан нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаараа бичгээр тайлбараа гаргаж өгсөн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч Г.Одонцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 69350 төгрөгийн тал хувь болох 44 275  төгрөгийг  Ханбогд  сумын  орон  нутгийн төсвийн орлогоос, мөн тал хувь болох 44275 төгрөгийг хариуцагч О.Баярсайханаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Одонцэцэгт олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

            1.Г.Одонцэцэгийн нэхэмжлэлтэй О.Баярсайханд холбогдох 4 600 000 төгрөг  гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Г.Одонцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 88 550 төгрөгийн тал хувь болох 44 275 төгрөгийг  Ханбогд  сумын  орон  нутгийн төсвийн орлогын Төрийн банк дахь 211000020815 тоот данснаас, мөн тал хувь болох 44 275 төгрөгийг хариуцагч О.Баярсайханаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Одонцэцэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

ШҮҮГЧ                                        Д.БАТТУЛГА