Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Баян-Овоо сум, Налих багт оршин суух Хуурч овогт Отгондоржийн Нарантуяа /РД:КБ66011901/-ийн нэхэмжлэлтэй,

            Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Нарантуяа, нарийн бичгийн даргаар Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч О.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...О.Нарантуяа би 1981 оны 10 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажилласан. Гэтэл миний  хөдөлмөрийн дэвтэрт дутуу бичигдсэнээс 54 сараар хохироод байна. Архивын газраас шүүлгэхэд огт байхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил дутаад байгаа учир намайг 1981 оны 10 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарыг дуустал “Говийн хөгжил” нэгдэлд 9 жил 2 сар малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 598 дугаартай лавлагаа, 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 38 дугаартай тушаал, 1985 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 44 дугаартай тушаал, гэрч Д.Мандаасүрэн, Л.Эрдэнэбилэг нарын мэдүүлэг зэрэг хэрэгт байгаа бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Нарантуяа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

О.Нарантуяа нь 1981 оны 10 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 598 дугаартай лавлагаа, 1985 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 44 дугаартай тушаал, 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 38 дугаартай тушаал, гэрч Д.Мандаасүрэнгийн ”...1980 оноос эхлэн миний бие Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдэлийн Налих бригадад малын эмчээр ажиллаж байсан. Тухайн үед О.Нарантуяа нь 1981 оны 10 дугаар сарын 01-нээс өөрийн хүсэл санаачилгаар аав ээжийн хамт үхэр маллахаар илгээлт авч ажилласан. Бид нэг дор ажиллаж байсан нь үнэн болно. Би 1980 оноос тухайн бригадад малын эмчээр “Говийн хөгжил” нэгдэл татан буудах хүртэл ажиллаж байсан учир сайн мэдэж байна”, гэрч Л.Эрдэнэбилэгийн “...Миний бие Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдэлийн Налих бригадад 1977 оноос 1991 оныг дуустал намын хэсгийн зохион байгуулагч, тоо бүртгэгчээр ажиллаж байсан. О.Нарантуяа нь 1981 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн аав ээжийн хамт үхэр маллахаар илгээлт аван ажиллаж эхэлсэн. О.Нарантуяа би хоёр нэг дор өссөн нутаг усны хүмүүс учир хаана ямар ажил хийж байсныг сайн мэдэж байна. Би тухайн үед Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдэлийн Налих бригадад 1977 оноос 1991 оныг дуустал намын хэсгийн зохион байгуулагч, тоо бүртгэгч ажиллаж байсан учир сайн мэдэж байна.” гэсэн тайлбарууд зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хуурч овогт Отгондоржийн Нарантуяаг 1981 оны 10 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Налих бригадын “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА