Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3-р баг, Жавхлант оршин суух Их өлзийт овогт Түглийн Түвшин /РД:КЙ67081374/-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Түвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Түглий овогтой Түвшин миний бие 1984-1987 оныг хүртэл “Галбын хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1987 оны 10 сараас 1989 оны 10 сар хүртэл цэргийн алба хаасан. Тэгээд 1990-1991 оныг дуустал “Галбын хөгжил” нэгдэл малчин, 1992 онд “Галбын говь” ХХК-д малчнаар ажиллаж байсан. Тухайн үедээ хөдөлмөрийн дэвтрийг нягтлан бодогч алга болгож үрэгдүүлсэн.

Иймд надад өөр өгөх баримт байхгүй. Намайг 1984 оны 6 сараас 1992 оны 12 сарыг дуустал “Галбын хөгжил” нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү. Хамт ажиллаж байсан 2 хүнийг гэрчээр асууж өгнө үү.

  1. Д.Цээсүрэн хаяг: Хөөврийн 8-2 тоот утас 88778862
  2. Б.Бэгзсүрэн хаяг: Бага булаг 10-1 тоот утас 88745455” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон цахим үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2015 оны 07 сарын 02-ны өдрийн 334 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 5 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн Ханбогд сум “Галбын говь” ХХК-ийн захирлын 1992 оны 12 сарын 15-ны өдрийн №32 дугаартай тушаал /хх-ийн 07 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 11 сарын 25-ны өдрийн №07 тогтоол /хх-ийн 08 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 1984 оны 06 сарын 08-ны өдрийн №14 тоот тушаал /хх-ийн 09 дүгээр хуудас/, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн засаг даргын 2016 оны 06 сарын 21-ний өдрийн №488 тодорхойлолт /хх-ийн 6 дугаар хуудас/, гэрч Д.Цээсүрэн, Б.Бэгзсүрэн нарын мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Түвшин нь 1984 оны 06 сараас 1987 оны 10 дугаар сарыг хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдэлд хоньчиноор,

1987 оны 10 дугаар сараас 1989 оны 10 дугаар сар хүртэл Цэргийн албанд,

1990 оны 01 дүгээр сараас 1991 оны 11 дүгээр сарын 25-ийг хүртэл Ханбогд  сумын “Галбын хөгжил” нэгдэлд малчинаар,

1991 оны 12 сараас Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын говь” ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Д.Цээсүрэн, Б.Бэгзсүрэг нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 1984 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №14 дугаартай ерөнхий боловсролиын сургуулийн 8-р ангий төгсөгчдийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хуваарилах тухай тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 334 дугаартай архивын лавлагаа, 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Галбын хөгжил” нэгдлийг үйл ажилагааг зогсоох тухай №07 тушаалын хуулбар, 1992 оны 12 сарын 15-ны өдрийн №32 дугаартай “малчдыг компаниас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Т.Түвшингийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Их Өлзийт овогт Түглийн Түвшинг

1984 оны 06 дугаар сараас 1987 оны 10 дугаар сар хүртэл  Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдэлд хоньчиноор,

1987 оны 10 дугаар сараас 1989 оны 10 дугаар сар хүртэл Цэргийн албанд,

1990 оноос 1991 оныг хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдэлд малчнаар,

1991 оноос 1992 оныг дуустал Өмнөговь аймгийн Ханбогд сум “Галбын говь” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.СОЛОНГО