Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 2 дугаар баг, тоотод оршин суух, Сөнөд Доной овогт Базарын Даваахүү /РД:КМ74051011/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Ханбод  сумын Засаг даргын тамгын газарт холбогдох 17 984 200  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Даваахүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дашдооров, хариуцагчийн төлөөлөгч Ц.Чинбат, гэрч Г.Үнэнбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ундрах дэм” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2015 оны 06 дугаар сард орсон хүчтэй аадар борооны улмаас сумын айлуудын жорлон, бохирын нүхний бохир ус үерийн усаар туугдан хальж, төвийн айл өрх, нийтийн эзэмшлийн талбайг хамран бохирдуулан халдварт өвчин гарах аюултай нөхцөл байдал үүссэн учир өвчнөөс урьдчилан сэргийлж, халдваргүйтгэл хийсэн ажлын хөлсний дутуу 17 984 200 төгрөгийг Ханбогд сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан өгч манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.                                            

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Чинбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр сумын төвд ширүүн мөндөр, аадар бороо орсны улмаас уулын үерийн ус бууж, айлын гэр, байгууллага, аж ахуйн нэгжийн барилга байшин, гудамж талбай усанд автаж байгалийн гэнэтийн аюул бий болсон. Энэ үеэр сумын Засаг дарга, тамгын газрын хамт олон шөнийн бүтэжн идэвхитэй ажиллаж, үерийн ус тогтож цаашаа явахгүй ус ихээр хуримтлагдаж байгаа хэсгийг хувь хүний экскэватор дайчлан ажиллуулж, далан саадыг сэтлүүлж үерийн аюулыг богино хугацаанд багасгаж арилгасан. Үерийн улмаас айлуудын жорлон, бохирын цооногууд усаар дүүрч гудамж, нийтийн зам, талбайг бохирдуулсан тул зуны халуун дулааны улиралд элдэв төрлийн халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сум дундын эмнэлгийн эрхлэгч Ж.Наранцэцэгтэй утсаар ярьж бохирдсон нийтийн зам талбай, гудамж, айлуудын жорлон бохирын цооногуудыг хэрхэн яаж ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэг талаар зөвлөгөө авахад аймагт “Ундрах дэм” гэж ариутгал, халдваргүйжилт хийдэг мэргэжлийн байгууллага байдаг гэж Даваахүү гэдэг хүний утсыг надад өгсөн. Уг утсаар залгаж Даваахүү гэдэг хүнтэй дээрх нөхцөл байдлаа танилцуулахад манай байгууллага очиж хийж өгье. Хир хэмжээний талбай, айл өрхийн жорлон, бохирын цооног ариутгах юм гэж асуухад үерт өртсөн зам талбай, гэр хорооллынхоо талаар хэлж өгсөн. Тэгээд үнэ өртөг нь ямар байх талаар асуухад 1 мкв талбайг 200 төгрөгөөр хийдэг юм. Бид сайн чанарын бодисоор ариутгалыг хийж өгнө гэсэн. Их газар ариутгал, халдваргүйжилт хийх учир энэ үнэ чинь өндөр байна. Өшөө бууруулаач гэхэд 120 төгрөгөөр хийе гэсэн. Тэгээд утсаар хэд хэдэн удаа ярилцаж хийлгэхээр болсон. Гэрээний загварыг и-майл хаягаар явууллаа гэсэн боловч миний и-мэйл хаягаар ирээгүй тул сүүлд Даваахүү гуай өөрөө гэрээг хийж ирүүлсэн. Ариутгалын ажлыг сумын эмнэлэгтэй хамтарч хийхээр төлөвлөгөө гарган Засаг даргаар батлуулан ажилласан. 6-р сарын 18-ны өглөө “Ундрах дэм” ХХК-ний хүсүүс ирсэн. Энэ өдрөөс эхлэн үерийн усанд их өртсөн Дөрөлж, Цаг уур гэр хорооллын айлуудын хашааны газар, жорлон, бохирын цооногуудыг ариутгаж эхэлсэн. Энэ ажилд “Хангүрд” ХХК-ний гудамж талбай усалдаг 25 тн-ын багтаамжтай усны 46-73 УНГ автомашиныг авч ажиллуулсан боловч айлын хашаанд ариутгал хийлгэхэд хашаан дотор эргэж тойрч багтахгүй байсан тул Тамгын газрын МЭҮТ-ийн автомашиныг гаргаж, 1 тн-ийн усны сав тавьж, хүний машин угаадаг насосыг, шаланктай нь авчирч байгаль хамгаалагч Г.Үнэнбатыг 4 хоног, С.Гантөмөр, Ө.Ууганбаяр, Р.Цэндсүрэн нарыг тус бүр нэг хоног хамт ажиллуулж, ариутгал хийхэд ашигласан усны 282000 төгрөг, автомашины бензин шатанхууны зардал 136000 төгрөгийг Тамгын газраас гаргаж шийдвэрлэсэн. Нэг айлын хашааны газар дунджаар 75 мкв гээд 120 төгрөгөөр үржихэд 90000 төгрөг болж байсан тул ийм мөнгө төлөөд ариутгал хийлгүүлэх айл байхгүй тул багасгаж, хашааны газрыг 30000 төгрөг, жорлон, бохирын цооногийг 19000 төгрөг, нийт 49000 төгрөгөөр ариутгал хийлгүүлж, төлбөрийг айлуудын ихэнх нь бэлэн мөнгөөр хийсэн. Энэ компанийн хүмүүс Дөрөлж, Цаг уурын хорооллын үерийн усанд их автсан 16 айлуудын хашааны газрыг ариутгасан. Бусад айлуудын зөвхөн жорлон бохирын цооногуудаа ариутгасан.

Тус компаний ажилчин нийт 638 айлд очсон боловч 300 айл нь ариутгал хийлгүүлээгүй, 224 айл эзэнгүй байсан, 114 айлд ариутгал хийсний 72 айлын жорлон, бохирын цооногт ариутгал хөлс 1368000 төгрөг, 14 айлын хашаа, бохирын цооногт ариутгал хийж 686000 төгрөг, нийт 2054000 төгрөгийг айлуудаас бэлэн мөнгөөр тооцоо хийж авсан байна. нийт 41 айлын жорлон, бохирын цооногт, 2 айлын хашаанд 839000 төгрөгний ариутгалын ажил хийгээд төлбөрөө аваагүй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй 4, өндөр настан 1, нийт 5 айл үнэ төлбөргүй /95000 төгрөг/ хийсэн байна.

Сумын төвийн гудамж, засмал замын ариутгалыг “Хангүрд” ХХК-ний гудамж, талбайг усалдаг 25 тн-ын багтаамжтай усны автомашинаар 5 удаа явж ариутгал халдваргүйжилт хийсэн. Энэ ажилд эдний компаниас хийсэн ажил нь машины усны саванд дээшээ гарч 2 сав ариутгалын бодис хийхээс өөр үйлдэл огт хийгдээгүй. Энэ машин нь өөрөө усаа цацруулаад явчихдаг болохоор ариутгал хийхэд ямар ч ажиллагаа ороогүй. Иймд гудамж, замыг ариутгахад ажлын ямар ч хөлс тооцогдох үндэсгүй.

Эдний компани нь энэ ажлын цалин хөлсийг тооцож нийт 22974179 төгрөг нэхэмжилсэн. Энэ мөнгө нь манай сумын Засаг даргын жилийн нөөцийн зардлаас давсан хөрөнгө тул манайх ийм зардал гаргах үндэслэлгүй гэж үзээд хийсэн ажлынх нь тооцоог ажилчдын 11 өдөр ажилласан ажлын хөлс, илүү цагийн хөлс 2365452 төгрөг, “Хангүрд” ХХК-ний жолоочийн ажлын хөлс 78000 төгрөг, ариутгалын бодисны үнэ зэргийг тооцоод 5000000 төгрөг олгохоор Засаг даргатай ярилцаж шийдвэрлэсэн.

“Ундрах дэм” ХХК ажилчдынхаа ажлын хөлсөө бодохдоо хэвийн бус нөхцлийн нэмэгдэл, онцгой байдлын гамшгйн нөхцөлд ажилласан гэж ажлын хөлсөө 3 дахин үржүүлж үндэслэлгүй тооцоолсон байна. 2015 онд улс орон санхүүгийн хямралд орж Сангийн яам бүх гүйлгээг хяналтандаа авч зөвхөн зайлшгүй шаардлагатай зүйлд санхүүжилтийн эрхийг нээж өгч ажиллласнаар 11-р сарын 21-ний өдөр 1 сая төгрөгийг шилжүүлж, үлдсэн 4 сая төгрөгийг онд нь багтааж шилжүүлж чадаагүй. Тэгээд он гараад санхүүгийн алба хуучин оны гэрээгээр мөнгө шилжүүлэх боломжгүй гэсэн тул гэрээний төлбөрт өөрчлөлт оруулах гэрээг хийж 2016 оны 2, 3-р сард 2 удаа 2 сая төгрөгийг шилжүүлж өгсөн.

Компанийн захирал Даваахүү гуайн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг талаас нь хандсан асуудал бидний зүгээс огт гаргаагүй. Энэ бол тухайн хүний хувийн бодол байх.

Иймд тус компанийн гаргасан 17984200 төгрөгний нэхэмжлэлийг дараах үндэслэлээр манай тамгын газар төлөх боломжгүй байна. Үүнд:

1.Ундрах дэм ХХК-ний ажилчдын ажилласан хоногийн цалингийн тооцоог ажлын хөлс, илүү цагийн хөлсийг оруулаад тооцоход 2365452 төгрөг, дээр нь “Хангүрд” ХХК-ний жолоочийн ажлын хөлс 78000 төгрөг, ариутгал хийлгээд мөнгөө өгөөгүй 41 айлын зардал 839000 төгрөгийг оруулаад тооцоход нийт ажлын хөлс 3282452 төгрөг гарч байна.

2.Эдний компани ажлын хөлсөө гамшгийн үед ажилласнаар тооцож ажлын хөлсөө 3 дахин, 7 хоногийн амралтын өдрийг 2 дахин өсгөж бодсон нь Гамшгийн тухай хуулийн 33.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 51.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж тооцсон байна.

3.Сумын нийтийн гудамж, замын ариутгалд “Ундрах дэм” ХХК-ний ажилчид зөвхөн автомашины усанд хэдэн литр ариутгалын бодис хийснээс өөр ажил хийгээгүй байж нийтийн эзэмшлийн гудамж, замын ариутгал халдваргүйжилт хийсэн ажлын хөлс гэж нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй зардал байна. “Хангүрд” ХХК-ний усны автомашин нь усаа өөрөө цацдаг тул нийтийн эзэмшлийн гудамж, замыг ариутгахад өөр хүн ажиллаж шаардлагагүй, ажлын хөлс тооцогдох үндэслэлгүй болно” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд үерт автсан айлууд болон төв талбайд халдваргүйжүүлэлт хийсэн. Машинаар хийсэн халдваргүйжүүлэлтийн хувьд 700.000 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийнэ гэсэн боловч 191.535 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийсэн. Энэ нь их газар учир гараар шүрших боломж байхгүй байсан. Тиймээс машин захиалан халдваргүйжүүлэлт хйисэн. Машинаар шүрших нь даралт бага учир зөвхөн газрын өнгөн хэсгийг норгож байсан. Иймээс 1 тн усанд 1гр бодисыг шингээж хийсэн. Ариутгалын явцад явган дагаж шалгаж, мөн жолоочийн дэргэд ажилтанаа суулгаж зааварчилгаа өгч байсан. Иймд бидний ажил мэргэжилийн ур чадвар орсон. 1см2 талбайд 1-2 гр бодисыг шингээж хийх ёстой. 1 л бодис 8800 төгрөгний үнэтэй. Гэрээгээр 1 м2-ыг 120 төгрөгөөр ариутгахаар тооцож хийсэн. 191.535 м2 талбайг 120 төгрөгөөр үржүүлэхэд 22.984.200 төгрөг болж байгаа. Үүнээс 5.000.000 төгрөгийг өгсөн. Одоо би 17.984.000 төгрөг дээр нэмж гэрээ ёсоор алданги тооцон нийт 34.349.822 төгрөг нэхэмжилж байна. Анх ярихдаа гамшиг болсон гэж ярьсан. Би гамшиг гэх ойлголтыг сайн мэдэхгүй учир гамшиг болсон гэж ойлгож байсан. Би Онцгой байдлын хэлтэс, Цаг уурын газраас гамшигийн талаарх мэдээллийг олж авсан. Гамшиг болоогүй байсан” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дашдооров шүүх хуралдаанд: “2 тал тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний үүргээ биелүүлсэн. Тухайн бодсыг хүн болгон найруулдаггүй. Мэргэжилийн хүмүүс стандартад нийцүүлэн хийх ёстой учир нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Гэрээ хийхдээ гамшиг гэж заасан байдаг. Гамшиг болоогүй үерийн улмаас айлуудын бохир дүүрч нийтийн эзэмшилийн газар талбай бохирдсоний улмаас халдварт өвчин үүсч болох бодит байдал бий болсоны үндсэн дээр ариутгал хийлгэх болсон байна. Ажилчидын хөлс нэхэмжилж байгаа зүйл биш бодисны үнийг нэхэмжилж байна” гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр богино хугацаанд хүчтэй мөндөр орсон. Үүний улмаас сумын төвийн айлуудын бохир дүүрч гудамж талбайд бохирдолд үүссэн учир халдварт болохоос урьдчилан сэргийлж халдваргүйжүүлэлт хийлгэх зохилгоор сумын эмнэлгийн эмч Наранцэцэгт санал тавьсан. Наранцэцэг эмч “Ундрах дэм” гэх тусгай ариутгал хийдэг байгууллага байдаг гээд Даваахүү гэдэг хүний утасны дугаарыг өгсөн. Даваахүүтэй утсаар ярьж тохиролцсон. Ингээд 1 м2 талбайг 120 төгрөгөөр тохиролцож ариутгал хийлгэхээр болсон. 06 дугаар сарын 18-ны өдөр ариутгал хийх хүмүүс ирсэн. Эхний өдөр ариутгал хийхэд би хамт явж хийлцсэн . Манай ажилтан Үнэнбат 5 өдөр хамт явж ариутгал хийлцсэн. Айлын хашаан дотор ариутгал хийхэд том машин эргэж тойрч болохгүй байсан. Манай тамгын газраас мал эмнэлэгийн фермэрээр ариутгал хийж эхэлсэн. Том машинаар нийтийн эзэмшлийн гудамж талбайд ариутгал хийсэн. Нийтийн эзэмшилийн газрыг “Ундрах дэм” компани бүгдийг ариутгаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Айлуудын хашаа бохирыг ариутгасан. 1 айлын 00-ыг 19000, хашааг 30.000 ариутгахаар болсон. Нийт 110 айлд ариутгал хийсэн. Үүнээс 14 айлын 00, хашааг бүхэлд нь ариутгасан. Нийт 2.540.000 төгрөгний ариутгал хийсэн байдаг. Ханбогд суманд гамшиг болоогүй. Засаг даргын тамгын газраас халдварт өвчин үүсгэхгүйн тулд халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулсан. 25 тн усанд 25 л уусмалыг хийхээс өөр ажил байгаагүй. Жолооч машинаар явж ариутгал хйисэн. Даваахүү зааварчихлгаа өгсөн.  Гэхдээ бүх газраас явж зааварчилгаа өгөөгүй. Тухайн бодис нь эмийн санд байдаг. Дараа ариутгал хийх тохиолдолд өөрсдөө хийх боломжтой. Иймд 120 төгрөгөөр үнэлэх боломгүй. Засаг даргын нөөц хөрөнгөнд их хэмжээний мөнгө байдаггүй. Манай буруутай үйлдэл нь хугацаа хэтрүүлсэн явдал юм. Бүх тооцоог судлаад нийт 5.000.000 төгрөг “Ундрах дэм” компанид өгсөн гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Даваахүү нь өвчнөөс урьдчилан сэргийлж, халдваргүйтгэл хийсэн ажлын хөлсний дутуу 17 984 200 төгрөгийг Ханбогд сумын Засаг даргын тамгын газраас гаргуулах тухай нэхэмжлэлийг  шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна гэж үзэв. Учир нь.

Нэхэмжлэгч Б.Даваахүү нь 1мкв талбайг 120 төгрөгийн үнэтэйгээр нийт 191535 мкв талбайд ариутгал хийхээр Ханбогд сумын засаг даргын тамгын газартай харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. Тэгэхдээ нийтийн эзэмшлийн талбайг ариутгасны хөлсийг Ханбогд сумын засаг даргын тамгын газар төлөх, айл өрхийн хашааны талбай, 00-ийн устгалын бодисын үнийг иргэн хүн өөрөө хариуцаж төлөхөөр тохиролцсон байна.

            Гэвч нэхэмжлэгч тал нь нийтийн эзэмшлийн хэдий хэмжээний талбайд ариутгал хийсэн талаараа нотлох баримтаар нотлож чадахгүй байна. Өөрөөр хэлбэл ямар үндэслэлээр 17 984 200 төгрөг нэхэмжилж байгаагаа тодорхой илэрхийлж чадахгүй байна.

            Мөн нийтийн эзэмшлийн талбайд ариутгал хийсэн гэж байгаа боловч хариуцагч тал сумын төвийн гудамж, засмал зам буюу нийтийн эзэмшлийн талбайд “Хангүрд” ХХК-ний 25 тн-ийн багтаамжтай усны автомашинаар 5 удаа явж ариутгал хийсэн, ариутгал хийхэд нэхэмжлэгч талаас машин дээр гарч усанд бодис хийхээс өөр ажил хийгээгүй тул ажлын ямарч хөлс тооцогдох үндэсгүй гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч Б.Даваахүү нь тухайн ариутгал, халдваргүйтгэлийг гамшгийн нөхцөлд ажилласан гэж үзэн ажлын хөлсөө 3 дахин нэмэгдүүлсэн бөгөөд тухайн нөхцөл байдал буюу 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ханбогд суманд буусан аадар бороо болон үер нь гамшгийн хэмжээнд хүрээгүй болох нь Өмнөговь аймгийн Онцгой байдлын улсын байцаагчийн мэдэгдлээр тогтоогдож байх тул гамшгийн нөхцөлд ажилласан гэж үзэх боломжгүй юм. Ажлын хөлсийг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

            Хариуцагч талаас ажлын хөлс болон ариутгалын бодисны үнэд 5000000 төгрөг төлсөн нь гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Б.Даваахүүгийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газарт холбогдох 17 984 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №286 тоот захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                               Д.БАТТУЛГА