Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 129

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, дунд тасган 7-69 тоотод оршин суух Ш.Оюундэлгэрийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 5 дугаар баг Журмын хашаанд оршин суух, Хоньчин овогт Наранхүүгийн Сэргэлэнбат /РД:КЖ80113011/-д холбогдох,

1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ш.Оюундэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:         “...Оюундэлгэр би 2009 онд Мандал-Овоо сумын цагдаа Н.Сэргэлэнбатад 1,000,000 төгрөг зээлсэн. Тухайн үед би Мандал-Овоо суманд бизнес эрхэлдэг байсан. Бид хоорондоо аман гэрээ хийсэн. Гэтэл одоо болтол элдэв шалтаг хэлж өгөхгүй байгаа тул Н.Сэргэлэнбатаас 1,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

            Хариуцагч Н.Сэргэлэнбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа:   

            “...Өмнөговь аймгийн Ханбогд суманд оршин суух Н.Сэргэлэнбат би Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, дунд тасган 7-69 тоотод оршин суух Ш.Оюундэлгэрийн нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Н.Сэргэлэнбат би уг мөнгийг ар гэрийн боломж бололцоогүй улмаас өдийг хүртэл өгөх боломжгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулах болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ш.Оюундэлгэр нь хариуцагч Н.Сэргэлэнбатад холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Н.Сэргэлэнбат нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Оюундэлгэрт бүхэлд ньтөлнө хэмээн хүлээн зөвшөөрч байх ба энэ зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Ш.Оюундэлгэрийн нэхэмжлэлтэй, Н.Сэргэлэнбатад холбогдох 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Н.Сэргэлэнбат нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 28,550 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн банкны 211000020815 тоот данснаас 14,275 төгрөгийг, мөн хариуцагч Н.Сэргэлэнбатаас 14,275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ш.Оюундэлгэрт олгосугай.

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА