Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 146/ШШ2016/00126

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

            Өвөрхангай аймаг, Хархорин сум, Эрдэнэтолгой баг, Усжуулахад оршин суух, “Хархорин тур” ХХК-д холбогдох 429.327 төгрөг гаргуулахыг хүссэн Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон багт оршин суух, “Мобиком” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30774763 тоот гэрээ байгуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 429.327 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжинд 13.530 төгрөг төлсөн болно...” гэжээ.

    Хариуцагч “Хархорин тур” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:

          “...Мобиком корпорацийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1/3921 дугаартай нэхэмжлэлтэй 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Хариуцагчийн зүгээс тус байгууллагатай 30774763 тоот гэрээ байгуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн нь үнэн. Төлбөр болох 429.327 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ энэхүү төлбөр нь “Хархорин тур” ХХК-д ямар ч хамааралгүй бөгөөд энэхүү бүтээгдэхүүнийг тухайн үед авч ашигласан ажилтан нар 2016 оны 06 дугаар сарын 20-ны дотор барагдуулах саналыг тавьж итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонбаяр миний бие “Мобиком” корпорацийн салбарын менежир Ц.Нэргүйтэй 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр харилцан тохирч уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж эвлэрлийн гэрээ байгуулан 2016 оны 06 дугаар сарын 20-ны дотор тооцоог бүрэн дуусгахаар тохиролцоонд хүрсэн болно. Иймд байгууллагын хоорондын тохиролцсныг харгалзан үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч “Хархорин тур” ХХК-аас 429.327 төгрөг гаргуулахыг нэхэмжилснийг хариуцагч “Хархорин тур” ХХК төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 429.327 төгрөг /дөрвөн зуун хорин есөн мянга гурван зуун хорин долоо/ төгрөгийг хариуцагч “Хархорин тур” ХХК төлөхөөр хүлээн зөвшөөрснийг хүлээн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч “Хархорин тур” ХХК-аас 6765, орон нутгийн төсвийн орлогоос 6765 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ““Мобиком корпораци” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13530 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

       3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

         4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                             Ц.ДАГИЙМАА