Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00835

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг Залууус хотхон 22-33 тоотод оршин суух Лхамсүрэн овогтой Хандсүрэнгийн /УС-41040549 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Надежда хотхоны 21-45 тоотод оршин суух Боржигон овгийн Цэдэнсодномын Энхболдод /ХЕ-67021674 / хариуцагдах 880,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Хандсүрэн, хариуцагч Ц.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч Л.Хандсүрэн  хариуцагч Ц.Энхболдод холбогдуулан 880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Л.Хандсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Зэст баг 1-6-63 тоот дэлгүүрийг ажиллуулж байсан.Энхболд, Эрдэнэзул нарын хүсэлтээр 2013 онд 280,000 төгрөг, 2014-2015 онд 270,000 төгрөгийн хүнсний бараа, утасны нэгж зэргээр мөнгө зээлдүүлж одоо болтол авч чадаагүй.Бүгд 550,000 төгрөгөөс 1 жилийн хугацаатай 5 хувийн алданги 330,000 төгрөг,  нийт 880,000 төгрөгийг нэхэмжилж байна  гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.2010 оноос Энхболдтой танилцсан.Манай дэлгүүрээр байнга үйлчлүүлж орж гарч найзалсан.Бид итгэж хүнсний бараа утасны нэгж зэргээ зээлээр авах болсон.Өр нь 1 сая гаруй төгрөг болсон байсан.500,000 төгрөг нэг удаа 150,000 төгрөг нэг удаа өгсөн.Үлдсэн нь 550,000 төгрөг.Ноднин хүүгийн жолооны эрхийг ахиулж өгнө гээд 100,000 төгрөг,нэмж  30,000 төгрөг авсан.Их олон удаа нэхсэн.Байнга худлаа ярьдаг.Би өөрийн хар дэвтэртээ бүртгэдэг,харин гарын үсэг зуруулж байгаагүй.550,000 төгрөгөө алданги 330,000 төгрөгний хамт нийт 880 000 төгрөг нэхэмжилж байна.1-6-р байрнаас нүүгээд 1-4-р байранд орсон.Ирээд л юм авдаг байсан.Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа манай охин Түвшинжаргалтай утсаар ярьж өрөө хүлээн зөвшөөрч байна,өргөдлөө буцаагаад аваач гэж ярьсан байгаа гэжээ.

Хариуцагч Ц.Энхболд шүүхэд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Л.Хандсүрэн надаас 880,000 төгрөг нэхэмжилсэн байна.Миний бие болон эхнэр Эрдэнэзул нар энэ хүнд ямар ч өр төлбөр байхгүй болно.Манайх 1-6-р байрнаас нүүгээд 3,5 жил болж байна.Иймд бидний дунд ямар ч өр төлбөрийн асуудал байхгүй. Хүүхдэд нь би жолооны үнэмлэх авч өгсөн.Өөр тайлбар үгүй болно гэжээ.

Хариуцагч Ц.Энхболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.Дэлгүүрээс нь юм авдаг байсан.500,000 төгрөг шилжүүлж өгсөн.150,000 өгсөн.Төлбөрийг төлж дууссан.Жолооны үнэмлэх ахиулна гэж мөнгө аваагүй.Манайх 1-6-р байрнаас нүүгээд 3 жил болж байна.Гайхаж байна.Ийм төлбөр байхгүй.Эмээгийн охин Түвшинжаргал над руу залгаж ярьсан.Гэхдээ би мөнгийг цувуулж төлнө гээгүй.Миний дуу хоолой биш байна гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад         

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Л.Хандсүрэн нь хариуцагч Ц.Энхболдоос зээлээр авсан барааны үнэ,зээлсэн мөнгө,алданги нийт 880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

          Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар дуу бичлэгийн хуурцаг хэрэгт хавсаргасан.Хариуцагч тайлбар гаргаж оролцсон.

          Зохигчдын тайлбараар,хариуцагч Ц.Энхболд нь нэхэмжлэгч Л.Хандсүрэнгийн хувийн дэлгүүрээр 2010 оноос эхлэн үйлчлүүлж,танилын итгэлцсэн харилцаатай болж хүнсний болон бусад бараа болон мөнгө зээлээр авч төлбөрийг дараа нь төлж, дахин авах зэргээр үйлчлүүлдэг байсан болох нь тогтоогдож байна.

           Нэхэмжлэгчийн “...Төлбөрөө цувуулж төлж байгаад 550 000 төгрөг үлдсэн” гэх шаардлага тайлбарыг хариуцагч баримтаар няцааж чадахгүй байна.Харин нэхэмжлэгч, шүүх хуралдаанд дуу бичлэгийн хуурцагт бичигдсэн Ц.Энхболд,өөрийн охин Түвшинжаргал нарын утсаар ярьсан бичлэгийг уншуулж судлуулсан.

          Хариуцагч Ц.Энхболд уг бичлэгийн талаар “Эмээгийн охин Түвшинжаргал над руу залгаж ярьсан. Гэхдээ би мөнгийг цувуулж төлнө гээгүй.Миний дуу хоолой биш байна”гэж тайлбарласан.Уг бичлэгт “мөнгийг цувуулж өгнө, боломж болохгүй байна” гэсэн утгатай яриа бичигдсэн ба хариуцагч, нэхэмжлэгчийн охин Түвшинжаргалтай утсаар ярьсан болохоо хүлээсэн тул уг бичлэгийг хэрэгт ач холбогдолтой,хамааралтай баримт гэж шүүх үнэлэв.Түүнчлэн, хариуцагч “би төлбөрөө дуусгасан” гэх тайлбараа нотлоогүй.

        Иймд зээлээр авсан барааны үнэ,зээлж авсан мөнгө нийт 550 000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй,нэхэмжлэгч Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1,281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэв.

         Харин алданги 330,000 төгрөг нэхэмжилсэн нь хуулийн үндэслэлгүй байна.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “Анзын гэрээг бичгээр хийнэ” гэж,232.7-д “...анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй...” гэж заасан тул  нэхэмжлэгч алданги/анз/ хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхгүй.Зохигчид бичгээр гэрээ байгуулаагүй байна.Дээрхи үндэслэлээл нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

        Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилж заалаа.

     

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:         

             1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1,281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Ц.Энхболдоос 550,000 төгрөг гаргуулан Л.Хандсүрэнд олгосугай.

          2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 330,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 25670 төгрөгийг төрийн санд үлдээж,хариуцагч Ц.Энхболдоос 17150 төгрөг гаргуулан Л.Хандсүрэнд олгосугай.

          4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон , аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АРИУНЦЭЦЭГ