Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/0128

 

Б.М-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн

татварын улсын байцаагч Д.С-д холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                              Ц.Цогт             

Танхимын тэргүүн, шүүгч             Ч.Тунгалаг                 

Шүүгчид:                                               Х.Батсүрэн

                                                                 П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                                  М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2021/0232 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15ы өдрийн 302 дугаар магадлал,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 139 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор,

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдлын шаардлага:

1. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0173606 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай;

Хэргийн нөхцөл байдал:

2. Б.М нь 2020 оны Улсын Их Хурлын Сонгуулийн 29 дүгээр тойрогт “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшсэн бөгөөд сонгуулийн зардлын нэг данс нээлгэж, зардлын тайландаа “Акпар аудит” ХХК-аар хөндлөнгийн аудит хийлгэн, дүгнэлт гаргуулж, Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0173606 дугаар шийтгэлийн хуудсаар Б.М-ийг Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийг зөрчиж, сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний Аудитын газарт бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр 10,000,000 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

3. Гомдол гаргагч Б.М-ээс “... миний эрхийг хангаагүй, шууд шийтгэлийн хуудас ирүүлсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй ..., ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх зорилгоор менежерээ явуулъя гэдэг хүсэлт тавьсан, ... Өмгөөлөгч авах эсэх, улс төрийн зорилго байгаа юу, дараагийн сонгуульд нэр дэвшихгүй байх үр дагавар үүсэх эсэхийг судалж байх үед хариуцагч 2 удаа надтай холбогдсон, ... ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон, ... хөл хориотой байсан учраас очих боломжгүй байсан. Би очихгүй гэж огт хэлээгүй, ... албадан дуудахгүй, ирж мэдүүлэг авалгүй, шалтгаан нөхцөлөө хэлж байхад шууд шийтгэл ногдуулж байгаа нь процесс зөрчсөн ...” гэж;

4. Хариуцагчаас “... иргэн Б.М-ийг ирж уулзан холбогдогчийн мэдүүлэг өгөх талаар удаа дараа ажиллагаа хийсэн, ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан эрхээ эдлэх боломж бүрэн байсаар байтал өөрийн буруутай үйлдэл, үл тоосон байдал, хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс болж гомдол гаргаж байгааг зөвтгөх хууль зүйн үндэслэл байхгүй, … Утсаар удаа дараа холбогдон холбогдогчийн мэдүүлгийг өөрөө заавал өгөх ёстой гэж хэлэхэд Б.М нь менежерээ явуулъя, ийм ажилд цаг зарцуулмааргүй байна гэж үл тоосон байдлаар хандсан. Дараа нь дахин холбогдоход би очиж чадахгүй та нар албадлагын арга хэмжээгээ авбал аваарай гэсэн. Бид удаа дараа шаардлагаа тавьсан. Энэ нь ковид-19 цар тахлын хөл хориотой, хөл хориогүй үед ч таарч байсан …” гэж маргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

5. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.М-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0173606 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2021/0232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-гээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч;

8. “... а/ Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. 2020 оны УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшигч Б.М-т Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 49.3-т “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна гэж заасныг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно ... гэсэн заалтыг үндэслэн 10,000,000.00 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан.

9. Гомдол гаргагч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй байсан гэтэл энэ үүргээ биелүүлээгүй гэдгээ нэхэмжлэлийн тайлбар, шүүх дээр гаргасан тайлбар зэрэгтээ дурдсан байдаг. Анхан шатны шүүх хурал дээр уг асуудал дээр гомдол гаргагч маргаагүй. Үүнийг давж заалдах шатны шүүх ч зөвшөөрсөн байдаг. Бүртгэлжүүлэх эрх бүхий байгууллага нь Б.М-ийг МУИХСтХ-ийн 51 дүгээр зүйлийн 51.4, 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй талаар гэрчилж, холбогдох мэргэжилтнээр гэрчийн мэдүүлэг өгүүлсэн нь баримтаар нотлогддог. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсгийг зөрчсөн зөрчлийг нэр дэвшигчийн Үндэсний аудитын газарт хүргүүлсэн сонгуулийн зардлын дансны хураангуй, Акпар аудит ХХК-ийн аудитын тайлан зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна, мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах” журмын дагуу үзэл баримтлал, зорилгод нь нийцэж байх тул зөрчил үйлдээгүй хэмээн үзсэн нь үндэслэлгүй юм.

10. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж заасан. Хуульд маш тодорхойгоор дансны зардлын хураангуй, аудитын тайлан өгөхөөс өмнө хуулийн хугацаанд эрх бүхий байгууллагад дансны мэдээлэл буюу дансны нэр, дугаарыг өгч хуулийн дагуу нээлгэсэн тэрхүү дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах үүрэгтэй гэдгийг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч нь зөвхөн төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлсэн зардлын дансаар мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж зарцуулах үүрэгтэй байсан ч хуульд заасан энэ үүргээ биелүүлээгүй. Тиймээс Зөрчпийн тухай хуулийн дээр дурдсан заалтыг зөрчсөн учир шийтгэлийн хуудас бичсэн нь үндэслэлтэй хэмээн үзэж байна. Хууль тогтоогч хуулийн зүйл заалтад хэрэгжүүлвэл зохих нөхцөлийг тогтоож өгсөн. Уг нөхцөл хангагдсан эсэхийг эрх бүхий этгээд шалгаж тогтоосон. Гэтэл хуулиар тогтоосон нөхцөлийг хангахгүй байсан ч цаад зорилго нь зөвтгөгдөнө хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах” журмын зорилгыг үндэслэл болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

11. б/ Гомдол гаргагчид зөрчил шалган шийдвэрлүүлэх ажиллагааны эрхийг эдлүүлээгүй байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэн Б.М нь шүүхэд гаргасан гомдолдоо эрх бүхий албан тушаалтан Д.С нь зөрчил шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, ямар ч мэдүүлэг, тайлбар авалгүй, хуульд заасан эрхийг эдлүүлэхгүйгээр шийтгэл оногдуулсан гэх тайлбарыг үндэслэлтэй хэмээн шүүх үзсэн.

12. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-т “Холбогдогч дараахь үүрэгтэй: З.1.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх; 3.2.шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх гэж заасан үүргийг биелүүлээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Холбогдогчийг дуудах хуудсаар, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудаж болно” гэж заасан байдаг. Б.М-ийг ирж уулзан, холбогдогчийн мэдүүлэг өгөх талаар дараах байдлаар удаа дараа ажиллагаа хийсэн. Үүнд: 1/ 2020 оны 12 сарын 14, 15-нд утсаар хэлж мэдэгдсэн боловч “Менежерээ явуулъя, би өөрөө ийм ажилд цаг зарцуулмааргүй байна. Очиж чадахгүй” гэсэн хариулт өгсөн. 2/ 2020 оны 12 сарын 16-ны өдөр хуулийн зөвлөх Ч.Нямсүрэн Б.М-ийн утас руу залгаж өмгөөлөгчтэйгээ ирж холбогдогчийн мэдүүлэг өгөх талаар ярьсан боловч мөн очиж чадахгүй гэсэн. 3/ 2020 оны 12 сарын 17-ны өдөр 11 цаг 35 минутад 2 удаа залгахад утсаа аваагүй. 4/ 2020 оны 12 сарын 21, 22-ны өдөр 6 удаа залгахад утсаа аваагүй. 5/ 2020 оны 12 сарын 24-ний өдөр залгахад эхний удаа утсаа аваагүй, дахин залгахад (19 цаг 04 мин) утсаа авч холбогдогчийн мэдүүлгээ даруй ирж өгөхийг шаардахад “Очиж чадахгүй ээ, албадлагын арга хэмжээгээ авбал аваарайгэж хариулсан. 6/ 2020 оны 12 сарын 28-ны өдөр 17 цаг 12 минутад залгахад утсаа аваагүй. 7/ 2021 оны 01 сарын 05, 06, 07, 08, 11-ний өдөр залгахад утсаа аваагүй байдаг.

13. Эндээс үзвэл гомдол гаргагчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан эрхээ эдлэх боломж бүрэн байсаар байтал өөрийн буруутай үйлдэл, үл тоосон байдал, хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс болж гомдол гаргаж байгааг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс гомдол гаргагчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдогчийн эрхийг эдлүүлэх бүрэн нөхцөл боломжийг олгосон ... үүргээ гүйцэтгээгүй байж эрхээ эдлээгүй гэж гомдож байгаа нь өөрөө логикгүй юм. Ямар зөрчилд холбогдсон тухайг нь мэдэгдэж зөрчлийн хэрэгтэй танилцах, өөрийгөө өмгөөлж тайлбар мэдүүлэг өгөхийг удаа дараа хүссэн баримт нь тэмдэглэл хэсэг дээр баталгаажин хэрэгт авагдсан байгаа болно. Эрх бүхий этгээд хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

15. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй”, 49.3-т “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна”, 58 дугаар зүйлийн 58.4-т “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус зааснаар сонгуульд оролцож буй нэр дэвшигчийн хувьд сонгуулийн зардлын гагцхүү нэг л данс нээлгэж, тухайн дансыг эрх бүхий байгууллагад мэдэгдэн урьдчилж бүртгүүлэх бөгөөд мөн тухайн бүртгүүлсэн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах гэсэн өөр төрлийн үүрэг болгосон диспозицийг хууль тогтоогч ялгамжтай заажээ.

16. Энэхүү үүрэг зөрчигдөхөөс сэргийлж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэж заахдаа мөн л тусдаа үйлдлээр зөрчилд тооцогдохоор нарийвчлан зохицуулсан байна.

17. Тодруулбал, сонгуулийн зардлын данс нээлгэж бүртгүүлэх, уг дансанд зөвшөөрөгдсөн хэмжээний мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх, зориулалтын дагуу зарцуулах нь нэр дэвшигчид санхүүгийн хувьд харьцангуй тэгш байдалтай сонгуульд өрсөлдөх, хууль бус санхүүжилтийг хязгаарлах, сонгуулийн явцад хууль бус сурталчилгаа болон үйл ажиллагаанд мөнгөн хөрөнгө зарцуулахаас урьдчилан сэргийлэх, цаашилбал Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3-т заасан “шударга ёсыг сахих” зарчмыг хангах цогц эрх зүйн харилцаа мөн. Гэхдээ дээрх хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаас үзэхэд, сонгуулийн зардлын дансыг эрх бүхий байгууллагад урьдчилан бүртгүүлэх нь зөвхөн сонгууль дууссаны дараа зарцуулалт (хандив, зардлын дээд хэмжээ, зориулалт)-ыг тайлагнахад хамаарах бус, харин сонгуулийн явцад зарцуулалтыг хэрхэн хэрэгжүүлж буйд зэрэгцээ хяналт тавих агуулгатай, эрх зүйн хэм хэмжээний бүтэц талаасаа тус бүрдээ бие даасан эхлэл, төгсгөлтэй эрх зүйн үйлдэл (эс үйлдэхүй)-г тодорхойлсон зан үйлийн горим буюу энгийн диспозици (нийлмэл буюу хэд хэдэн зан үйл нэгдэж илэрхийлэгдэхээс өөр) байна.

18. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж зааснаар  материаллаг хууль тогтоомжоор тогтоосон тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүй буюу биелүүлэх талаар арга хэмжээ хэрэгжүүлээгүй, тусгай ангид заасан бие даасан үйлдэл (эс үйлдэхүй)-ийн шинжийг хангасан бол зөрчил гэж үзэж, хариуцлага тооцох нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан “... шударга ёсыг тогтоох ...” зарчмаас үүдэлтэй. Нэгэнт хууль тогтоогч Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх”, “зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах” гэсэн хоёр үйлдэл (эс үйлдэхүй)-г таслалаар зааглан өөр өөр төрлийн эхлэл, төгсгөлтэй бие даасан зөрчил болохыг тодорхойлсон энэ тохиолдолд, нийлмэл агуулгатай, аль нэг шинж нь хангагдаагүй бол зөрчилд тооцохгүй гэж тайлбарлах боломжгүй юм.

19. Тиймээс, хэдийгээр гомдол гаргагч нь 2020 оны Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн 29 дүгээр тойрогт “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшихдээ сонгуулийн зардлын нэг данс нээлгэж, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “Акпар аудит” ХХК-аар өөрийн сонгуулийн зардлын тайланд хөндлөнгийн аудит хийлгэн, дүгнэлт гаргуулж, мөн өдөр Үндэсний аудитын газарт хүргүүлсэн нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан зохицуулалтын хувьд зөрчилгүй боловч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг үндэсний аудитын байгууллагад бүртгүүлээгүй нь бие даасан зөрчлийн шинжийг хангаж байх тул “... нэр дэвшихдээ сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй ...” зөрчил гаргасан гэж үзэж, татварын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0173606 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь дээрх хуульд нийцжээ.

20. Гэтэл шүүхүүд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэж, “... гомдол гаргагч Б.М сонгуулийн зардалд ашиглахаар нээсэн дансаа бүртгүүлээгүй боловч Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн дагуу нэг данс ашигласан, хуульд заасан хугацаанд алдаа дутагдалгүйгээр тухайн зардлын тайланг гаргаж, сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулсан талаар тайлагнах хуулийн зорилго, шаардлагыг хангасан болох нь ... тогтоогдож ... байх тул гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2-т заасан сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэх шинжийг агуулаагүй байна гэж үзлээ …” гэсэн дүгнэлтийг хийж, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу; энэ талаар “... дансны зардлын хураангуй, аудитын тайлан өгөхөөс өмнө хуулийн хугацаанд эрх бүхий байгууллагад дансны мэдээлэл буюу дансны нэр, дугаарыг өгч хуулийн дагуу нээлгэсэн тэрхүү дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах үүрэгтэй ... хуульд заасан энэ үүргээ биелүүлээгүй ...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдол үндэслэлтэй.

21. Гомдол гаргагч Б.М-ээс “... холбогдогч миний эрхийг хангаагүй, шууд торгуулийн хуудас ирүүлсэн, ... миний байгаа газарт ирж мэдүүлэг авч болох байсан, гэтэл албадан дуудахгүй, ирж мэдүүлэг авалгүй, шалтгаан нөхцөлөө хэлж байхад шууд шийтгэл ногдуулж байгаа нь процессыг зөрчсөн, тухайн үед ковидын нөхцөл байдалтай байсан ...” гэж; хариуцагчаас “... эрхээ эдлэх бүрэн боломж байсаар байтал өөрийн буруутай үйлдэл, үл тоосон байдал, хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс болж гомдол гаргаж байгааг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй ...” гэж тус тус тайлбарлаж байгаа ч энэхүү зөрчлийн хувьд, анх хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.С нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Ерөнхий аудиторын ирүүлсэн албан бичгийг үндэслэн зөрчлийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нээсэн, улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч Б.М-ээс тайлбар мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд “... менежерээ явуулъя, би өөрөө ийм ажилд цаг зарцуулмааргүй байна, очиж чадахгүй, ... утсаа авахгүй байсан ...”[1] гэх; анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 910 дугаар тэмдэглэлд “... Утсаар яриагүй гэдэгтэй маргахгүй, ... огт очихгүй гэж хэлээгүй, би очно, асуудлыг судалж байна гэж хэлснийг эрх бүхий албан тушаалтан мэдэж байгаа ...”[2] гэх тайлбар зэргээс үзэхэд гомдол гаргагч Б.М нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1-д “шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх”, 3.2-т “шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх” гэж заасныг зөрчсөн, тэрээр хуульд заасан эрхээ эдлэх боломжоо өөрөө эдлээгүй байх тул хариуцагчийг Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

22. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдол гаргагч Б.М-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2021/0232 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 302 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсгийг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, гомдол гаргагч Б.М-ийн “Хан -Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0173606 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.ЦОГТ

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                               Ч.ТУНГАЛАГ

             ШҮҮГЧИД                                                                       Х.БАТСҮРЭН

                                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                         М.БАТСУУРЬ

 

[1] хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас

[2] хавтаст хэргийн 60-61 дугаар хуудас