Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00888

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч : Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 6-р хороо,6-р хороолол, 66-р байр 17 тоотод оршин суух Бэсүд овгийн Жаргалын Баярмаагийн /АР-82092723 / нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг баруун задгай 16-16 тоотод оршин суух Янсан овогтой Отгонбаярт /ГЮ-82091110 / хариуцагдах эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Баярмаа хариуцагч Я.Отгонбаярт холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Ж.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Баярмаа би 2007 оны 01 сард Я.Отгонбаяртай танилцаж мөн оны 5 сараас эхлэн өөрийн төрсөн эгч Ж.Байгалмаагийн хажуугийн өрөөнд амьдарч эхэлсэн.Бидний дундаас хүү Б.Суубилэг нь 2008-02-15-ны өдөр төрсөн.Хүүхдээ төрүүлээд 3 сар болсоны дараа өөрийн төрсөн аав, ээж дээр очиж 2 сар болоод ирэхэд Я.Отгонбаяр нь салсан эхнэртэйгээ хамт амьдарч байгаа нь тогтоогдсон.Үүнээс хойш Я.Отгонбаяр нь өөрийн хүү бид 2-ыг хаяад явсан.2008 оны 07 сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд миний бие өөрийн хүү Б.Суубилэгийг өсгөн хүмүүжүүлж, асран хамгаалж, хамт амьдарч байна.Я.Отгонбаяр надаас салсанаас хойш хугацаанд хүү Б.Суубилэгээ 1 ч удаа эргэж ирээгүй бөгөөд ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлж байгаагүй.Миний хүү Б.Суубилэг нь одоо Галакси ЕБС-ийн 3-р ангид сурдаг.Хүү Б.Суубилэг нь миний асрамжид хүмүүжиж байгаа болно.Иймд хүү Б.Суубилэгийн төрсөн эцэг мөн болохыг тогтоож, олгогдоогүй хугацааны хүүхдийн тэтгэлэгийг нөхөн гаргуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Баярмаа нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна. 2008 оны 7 сараас хойш Отгонбаяртай уулзаагүй.Хүү Суубилэгийн эцгээр тогтоолгох,өмнөх хугацааны тэтгэлэг нөхөн гаргуулах,цаашид тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй гэв.

Шүүх хэргээс холбогдох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Баярмаа  Я.Отгонбаярт холбогдуулан хүүхдийн эцэг,тэтгэлэг нөхөн гаргуулах,тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн нэг хувийг хүлээн авсан боловч хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдааны мэдэгдэл хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж,42 дугаар зүйлийн 42.4-д “ Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус заасныг баримтлан хариуцагч Я.Отгонбаяр 2015 онд төрсөн хүү Суубилгийн эцэг мөн болохоо, тэтгэлэг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

Зохигчид 2007 онд танилцан хамтран амьдарч байгаад 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүү Б.Суубилэгийг төрүүлсэн, хүүхэд одоо эхийн асрамжинд эрүүл энх өсөж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 014/015029 дугаартай хүүхдийн төрсөний бүртгэлийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн 6-р хорооны засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

          Хариуцагч хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг үндэслэн 2008-02-15-ны өдөр төрсөн хүү Б.Суубилэгийн  эцэг Я.Отгонбаяр мөн болохыг тогтоож, хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

         Харин Гэр бүлийн тухай хуулийн дагуу тогтоогоогүй тэтгэлэгийг нөхөн гаргуулах эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас тэтгэлэг нөхөн гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагч хариуцан төлөх тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,2000 төгрөгийг төрийн санд үлдээж хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заасан болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                           ТОГТООХ нь:

        

           1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2008-02-15-ны өдөр төрсөн хүү Б.Суубилэгийн эцэг Я.Отгонбаяр  мөн болохыг тогтоосугай.

        

           2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д зааснаар О.Суубилэгийг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 %иар,16 нас хүртэл/ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Я.Отгонбаяраас тэтгэлэг тогтоон тэжээн тэтгүүлсүгэй.

       

          3.Нэхэмжлэлийн шаардлагаас тэтгэлэг нөхөн гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болгосугай.

          

        4. Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэйг заасугай.         

           

          5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Төрийн банкны Улаанбаатар Занабазар салбарт /130000801681 тоот дансанд/ 2016 оны 09 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Я.Отгонбаяраас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

         6. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ