Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 134/ШШ2016/00090

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: М.Б нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн З

 

ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нийт 12 106 632 төгрөг тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, түүний өмгөөлөгч Э.Схариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н түүний өмгөөлөгч Э.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бат-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч М.Б миний бие Аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/03 тоот захирамжаар Музейн захирлын албан тушаалаас халагдаж 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Сум дундын 6 дугаар шүүхийн 83 дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдож, шүүхийн шийдвэрээр 2014 оны 02 дугаар сарын 01-нээс 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх цалин нөхөн олговрыг 10 183 026 тооцож хянан шийдвэрлэсэн болно. Аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар Музейн захиралын албан тушаалд эгүүлэн томилогдсон. 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Засгын газрын “Төрийн зарим албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” 75 тогтоолоор Соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг өөрчлөн тогтоосон ба тус тогтоолын хавсралт 1-ийн ТҮСТ-8-ийн 5 дугаар шатлалаар Музейн захирлын цалин 711 230 болсон ба  тогтоолыг 2014 оны 08 дугаар сараас эхлэн мөрдсөн. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

 

          1.2014 оны 02 дугаар сарын 01-ээс 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны ур чадварын нэмэгдэл 463 872 төгрөг, Засгийн газрын 90 дүгээр тогтоолын нэмэгдэл 10 хувь 1 121 584 төгрөг, унааны зардал 309 000 төгрөг, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл 1 314 790 төгрөг, нийт 3 209 246 төгрөг,

 

         2.Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 83 дугаар шийдвэрээр миний цалин олговрыг тооцохдоо Засгийн газрын тогтоолын хавсралт ёсоор нэмэгдсэн цалин, нөхөн олговроор тооцоогүй юм. Засгийн газрын тогтоол мөрдөгдөж эхэлсэн 2014 оны 08 дугаар сараас 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хүртэл нэг сарын цалингийн зөрүү 92 769 төгрөг болж байгаа ба нийт 10 сар 10 хоногийн цалингийн зөрүү 971 866 төгрөг,

 

           3.2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс аймгийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоосон Б/04 дугаар захирамж гарсан. 2016 оны 02 дугаар сарын 08 өдөр хүртэлх үндсэн цалин 5 176 174 төгрөг, Засгийн газрын 90 дүгээр тогтоолын нэмэгдэл 10 хувь 517 617 төгрөг, ур чадварын нэмэгдэл 248 608 төгрөг, унааны зардал 154 000 төгрөг, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал 641 676 төгрөг, үр дүнгийн урамшуулал 1 187 445 төгрөг, нийт 7 925 520 төгрөг, бүгд 12 106 632 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

        

Нэхэмжлэгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 7 900 000 төгрөгийг хариуцагч тал төлөхөөр хүлээн зөвшөөрсөн учраас анхны нэхэмжлэлийн шаардлага болох 12 106 632 төгрөгийг багасгаж, эвлэрч байна гэв.

 

Хариуцагч Говьсүмбэр аймгийн З П.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлд дурьдсан мөнгөн дүн бүхэлдээ урьд өмнө нь шүүхээр хянагдах явцад шүүхийн шийдвэрээр дутуу буюу буруу тооцсон, тооцогдоогүй гэх мөнгөн дүнгүүд байна. Энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоол байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Говьсүмбэр аймгийн З П.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.Б-ын нэхэмжлэлийн шаардлага болох 12 106 632 төгрөгнөөс 7 900 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Зохигчид хоорондоо: ...Нэхэмжлэгч М.Б нь анхны нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нийт 12 106 632 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 7 900 000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч тал төлөхөөр хүлээн зөвшөөрч зохигчид тохиролцсон тул энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б нь Говьсүмбэр аймгийн З холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нийт 12 106 632 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч М.Б нь анхны нэхэмжлэлийн шаардлагаа 4 206 632 төгрөгөөр багасгаж, 7 900 000 төгрөг нэхэмжилсэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон П.Н нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Уг эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Энэхүү нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагч Говьсүмбэр аймгийн З талуудын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 70 675 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч М.Б нь ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, нийт 12 106 632 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 7 900 000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Говьсүмбэр аймгийн З нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, зохигчид хоорондоо эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Говьсүмбэр аймгийн З улсын тэмдэгтийн хураамжинд 70 675 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.НАРАНЧИМЭГ