Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 249

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 07 сарын 01                             Дугаар 249                                        Баруун-Урт

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р баг, “Талын-Худаг” гэх газар нутаглах Орлой овогт Гончигдоржийн Оргойгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Г.Оргой нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Оргой шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1970 оны 07-р сарын 01-ээс Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1974 онд 3 жилийн хугацаатай цэргийн албанд явсан. 1977 оноос 1983 он хүртэл Дорнод аймгийн Мах комбинатад мал тууж 1983.06.01-ээс Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд худаг усны гражийн манаачаар 1986 он хүртэл ажиллаж байгаад 1986 оноос 1988 он хүртэл уурын зууханд ажиллаж, 1988-1990 оны 05-р сар хүртэл Нийтийн ахуй үйлчилгээний Уулбаян сум дахь салбарын дизель станцад цахилгаанчин засварчнаар ажиллаж байгаад 1990 оны 05-р сараас Нийтийн аж ахуй үйлчилгээний эрчим хүчний үйлдвэрт шилжиж 1993 оны 06-р сар хүртэл ажиллаж байгаад орон тооны цомхотголоор ажлаас гарсан. Гэтэл энэ бүгд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учир  ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Орлой овогт Гончигдоржийн Оргой нь 1970 оны 07-р сарын 01-ээс 1974 оны 05-р сарын 17-ыг хүртэл, 1977 оны 08-р сарын 01-ээс 1983 оны 03-р сарын 01-ийг хүртэл, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар, 1983 оны 03-р сарын 01-ээс 1985 оны 03-р сарын 01-ийг хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн “Баян” бригадад малчнаар, 1986 оны 01-р сарын 01-ээс 1987 оныг дуустал Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн уурын зуухны галчаар, 1988 оны 01-р сарын 01-ээс 1993 оны 04-р сарын 03-ыг хүртэл Уулбаян сумын дизель уурын зууханд дизельчнээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2014 оны 08-р сарын 19-ний өдрийн 15/269 тоот, 2016 оны 06-р сарын 13-ны өдрийн 150/15 тоот цалингийн лавлагаанууд, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатар зам” нэгдлийн даргын 1977 оны 07-р сарын 29-ний өдрийн 33 тоот тушаалын хуулбар /цэргээс халагдаж ирсэн хүмүүсийг ажилд хуваарилах тухай хавсралтын 6 дугаарт Гончигдорж овогтой Оргойг “Баян” бригадад гэх, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатар зам” нэгдлийн даргын 1985 оны 02-р сарын 27-ны өдрийн 18 тоот тушаалын хуулбар /Г.Оргойг ажлаас чөлөөлөх тухай/, Сүхбаатар аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 05-р сарын 25-ны өдрийн 74 тоот тушаалын хуулбар /зохион байгуулалтын өөрчлөлтөөр шилжиж ирж байгаа ажилтныг ажилд авах тухай/, гэрч Д.Чимэдцэеэгийн шүүхэд өгсөн: Г.Оргой нь 1974 онд цэргийн албанд татагдаж, 1977 онд цэргээс халагдаж ирж байсан. Г.Оргой нь цэргээс халагдаж ирээд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн туслах үйлдвэрлэлд ажиллаж байсан. Аавтайгаа хамт мал тууж байсан. Нэгдлийн худаг усны гражид манаач, сумын Нийтийн ахуй үйлчилгээний Уулбаян суман дахь салбарын дизель станцад цахилгаанчин, засварчнаар 1993 он хүртэл ажилласан. Г.Оргой бид хоёр нэг нутаг усны нэг дорын улсууд болохоор түүний ажиллаж байсан байдлыг мэднэ. Би 1968 онд 8-р анги төгсөөд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1973 он хүртэл малчнаар ажиллаж байсан. 1976 онд цэргээс халагдаж ирээд Барилга материалын үйлдвэрийн баазад цахилгаанчнаар ажиллаж байсан. Оргойн аав, ээж нь манай аав ээжтэй хамт нэг дор, нэг нутаг усанд хамт нутаглаж байсан. Өвөл, зуны амралтаараа ирээд аав, ээж дээрээ очиж хийж байгаа ажилд нь тусалж амардаг байлаа. Тэгээд Оргойтой нэг үеийн улс болохоор найзалж нөхөрлөж, хаана ямар ажил хийж байсныг ч мэдэж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Г.Оргойгийн 1970 оны 07-р сарын 01-ээс 1974 оны 05-р сарын 17-ыг хүртэл, 1977 оны 08-р сарын 01-ээс 1983 оны 03-р сарын 01-ийг хүртэл, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар, 1983 оны 03-р сарын 01-ээс 1985 оны 03-р сарын 01-ийг хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн “Баян” бригадад малчнаар, 1986 оны 01-р сарын 01-ээс 1987 оныг дуустал Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн уурын зуухны галчаар, 1988 оны 01-р сарын 01-ээс 1993 оны 04-р сарын 03-ыг хүртэл Уулбаян сумын дизель уурын зууханд дизельчнээр тус тус ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Г.Оргойгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Орлой овогт Гончигдоржийн Оргойгийн 1970 оны 07-р сарын 01-ээс 1974 оны 05-р сарын 17-ыг хүртэл, 1977 оны 08-р сарын 01-ээс 1983 оны 03-р сарын 01-ийг хүртэл, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар, 1983 оны 03-р сарын 01-ээс 1985 оны 03-р сарын 01-ийг хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн “Баян” бригадад малчнаар, 1986 оны 01-р сарын 01-ээс 1987 оныг дуустал Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн уурын зуухны галчаар, 1988 оны 01-р сарын 01-ээс 1993 оны 04-р сарын 03-ыг хүртэл Уулбаян сумын дизель уурын зууханд дизельчнээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2.Нэхэмжлэгч Г.Оргойгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

 4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.БОЛОРМАА