Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 251

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 07 сарын 01                           Дугаар 251                                       Баруун-Урт

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багт байрлах “Уран-Хайч” оёдлын салонд холбогдох уран бүтээлчдийн хувцасны төлбөрт илүү төлсөн 300000 /гурван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06-р сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад 

 

 ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон эвлэрлийн гэрээндээ: 2015 оны 10-р сард “Уран-Хайч” оёдлын салонтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан уран бүтээлчдийн хувцас оёулсан. Гэрээний дагуу оёдлын хөлс 2450000 төгрөг байсан ба төлбөрийг эхний ээлжинд 11 сарын эхний хагаст 1000000 төгрөгийг ХААН банкны мобайлаар, 12-р сарын 04-ний өдөр 300000 төгрөгийг бэлнээр, 12-р сарын 18-нд 1750000 төгрөгийг төрийн сангийн шилжүүлгээр тус тус шилжүүлсэн. Төлбөр төлсөн баримтаар нийт төлбөрийг нэмэхэд 3050000 төгрөг төлсөн байгаа. Гэрээний дүнгээс 600000 төгрөгийг “Уран-Хайч” салонд илүү шилжүүлсэн. Тухайн үед төрийн санд мөнгө байхгүй байсан учраас уран бүтээлийн орлогоос хувцасны төлбөрийг төлсөн. Илүү шилжүүлсэн гэдгийг “Уран-Хайч” оёдлын салоны ахлагч Н.Төрцэцэг мэдэж байгаа, буцаан авах талаар ч харилцан тохиролцсон байсан. Үүнээс 300000 төгрөгийг манай руу буцаан олгосон боловч үлдэгдэл 300000 төгрөгийг буцааж шилжүүлэхгүй байгаа юм. Иймд “Уран-Хайч” оёдлын салоноос уран бүтээлчдийн хувцасны төлбөрт илүү төлсөн 300000 /гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Н.Төрцэцэгтэй харилцан ярилцаж тохиролцон 300000 төгрөг авахаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулж, асуудлаа шийдвэрлүүлэхээр болсон тул энэ гэрээний дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Уран-Хайч” оёдлын салоны менежер Н.Төрцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон эвлэрлийн гэрээндээ: Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театраас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Н.Төрцэцэг би уран бүтээлчдийн хувцасны төлбөрт илүү төлсөн 300000 төгрөгийг Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрт төлөхөөр,  Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театр нь 300000 төгрөгийг авахаар эвлэрч асуудлаа шийдвэрлүүлэхээр болсон тул энэ гэрээний дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театр нь хариуцагч  “Уран-Хайч” оёдлын салоны менежер Н.Төрцэцэгээс уран бүтээлчдийн хувцасны төлбөрт илүү төлсөн 300000 /гурван зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театр нь уран бүтээлчдийн хувцасны төлбөрт илүү төлсөн 300000 төгрөгийг авахаар, хариуцагч “Уран-Хайч” оёдлын салоны менежер Н.Төрцэцэг нь буцаан шилжүүлэхээр хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрын нэхэмжлэл нь төсөвт байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Уран-Хайч” оёдлын салонаас 300000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 9650 төгрөгний тал хувь 4825 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

        Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театр  нь хариуцагч “Уран-Хайч” оёдлын салоны менежер Н.Төрцэцэгээс 300000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагын хүрээнд зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрын нэхэмжлэл нь төсөвт байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч Уран-Хайч” оёдлын салонаас 300000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 9650 төгрөгний тал хувь 4825 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   П.БОЛОРМАА