Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 4495

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Арвит 18-Б-1 тоотод  байрлах, регистрийн дугаар 2361779, Монум Хадгаламж Зээлийн Хоршооны нэхэмжлэлтэй 

 

 Хариуцагч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны  өргөн чөлөө гудамж 46 дугаар байрны 9 тоотод  оршин суух, эрэгтэй, регистрийн  дугаар ЧЕ 65010733, Доржийн Болд

 

Хариуцагч:Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Шинэ зуун хотхон 24-А байрны 47 тоотод  оршин суух, эмэгтэй, регистрийн  дугаар УУ 72060608, Бадамжавын  Уранчимэг нарт  холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 122 041 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Баасандорж, түүний өмгөөлөгч Г.Батбаяр,  хариуцагч Д.Болдын төлөөлөгч Д.Жигмэд, хариуцагч Б.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Монум  Хадгаламж Зээлийн Хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Монум Хадгаламж Зээлийн хоршоо хариуцагч иргэн Д.Болдтой 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр  13/132 тоот “Зээлийн эрх нээх гэрээ” байгуулж 60,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатайгаар, жилийн 42.0 хувийн,  сарын 3.5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн нөхцөлд жилийн 8.4 хувийн, сарын 0.7 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр зээлсэн.Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг иргэн Б.Уранчимэг батлан даахаар харилцан тохиролцож Монум ХЗХ-той 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр №13/132 тоот “Зээлийн батлан даалтын гэрээ” байгуулж өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаа хороо, 4 дүгээр хороолол /16063/, Амарсанаагийн гудамж 38 дугаар байрны 707 тоот орон сууцны зориулалтай 93.3 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаанд тавьсан.Зээлдэгчтэй байгуулсан Зээлийн гэрээнд Зээлдэгчийн хүсэлтээр нэмэлт өөрчлөлт оруулж 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр13/132-А тоот Зээлийн нэмэлт гэрээ байгуулж хугацааг сунгасан. Улмаар Зээлдэгч Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд Зээлийн гэрээний хавсралтанд заасан үндсэн зээл, хүүгээ хуваарийн дагуу хугацаанд нь төлөөгүй, удаа дараа үүргээ зөрчиж нэхэмжлэл гаргаж өгөх өдрийн байдлаар:Үндсэн зээлд:60 000 000 төгрөг, хүү 47 350000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 691600 төгрөгийн өр төлбөрийг төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 112 041 600 төгрөг, хууль зүйн туслалцаа, үйлчилгээний хөлсөнд 10 000 000 төгрөг, нийт 122 041600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа үл хөдлөх хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Баасандорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манайх нэхэмжлэлийн шаардлагын 10 000 000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 116 126 400 төгрөгийг хариуцагч Д.Болд 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө бүрэн төлж барагдуулах, тохирсон хугацаандаа төлөөгүй нөхцөлд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 хороолол, 38 дугаар байрны 707 тоотын 935 м2 орон сууцыг худалдан борлуулж үүргийг хангахаар тохиролцож байх тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Болдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жигмэд шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчтэй эвлэрэн хэлэлцэж 116 126 400 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө бүрэн төлж барагдуулах, тохирсон хугацаандаа төлөөгүй нөхцөлд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 хороолол, 38 дугаар байрны 707 тоотын 935 м2 орон сууцыг худалдан борлуулж үүргийг хангахаар тохиролцон эвлэрч байна гэв.

 

Хариуцагч Б.Уранчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Монум Хадгаламж Зээлийн Хоршоо хариуцагч Д.Болд, Б.Уранчимэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 126 126 400 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Монум Хадгаламж Зээлийн Хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 10 000 000 төгрөгөөс татгалзаж,  үлдсэн 116 126 400 төгрөгийг хариуцагч Д.Болд 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 38 дугаар байрны 707 тоотод  байрлах, 935 метр квадрат талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулжээ.

 

Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй нөхцөлд зохигчдын хооронд хийгдсэн барьцааны гэрээнд дурдсан хөрөнгөөр хангуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 849 928төгрөгийн  50 хувь болох 424 964 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 424 964 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Болдоос зохигчдын эвлэрсэн шаардлагын хүрээнд ногдох 738 582 төгрөгийн 50 хувь болох 369 291 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

 

1.Нэхэмжлэгч Монум Хадгаламж Зээлийн Хоршооны Д.Болд, Б.Уранчимэг нараас зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 126 126 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 10 000 000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 116 126 400 төгрөгийг хариуцагч Д.Болд 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулах, энэ хугацаанд төлөгдөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөнөөр хангуулахаар зохигчид эвлэрч байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 849 928 төгрөгөөс 424 964 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 424 964 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Болдоос 369 291 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгосугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Болд төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны гэрээнд дурдсан Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 38 дугаар байрны 707 тоотод  байрлах, 935 метр квадрат талбайтай орон сууцыг захирамжийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН