Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 0202

 

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багт оршин суух Хатиган овогт Бямбын Эрдэнцэцэгийн хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Бямбаа овогтой Эрдэнэцэцэг миний бие 2006 оноос хойш гэр бүл болон амьдарч 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүү Мөнхтулгыг төрүүлсэн. Бид Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг Номгон тосгонд амьдарч байсан ба нөхөр Лувсандоржийн Төмөрбаатар маань өвчний учир 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нас барсан юм. Хүү Мөнхтулга тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтооолгох гэтэл гэрлэлтийн баталгаа байсан учир хамтын амьдралтай  байснаа тогтоолгоод ир гэсэн юм. Иймд Л.Төмөрбаатар бид хоёрыг хамтын амьдралтай байсныг минь тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанд бичмэл нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь :

            Иргэн Б.Эрдэнэцэцэг нь Лувсандоржийн Төмөрбаатартай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтуудаас үзэхэд:

            Иргэн Б.Эрдэнэцэцэг нь Л.Төмөрбаатартай хамтын амьдралтай байсан нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон, 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэн Т.Алтангэрэлийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэн П.Алтантуяагийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхэд гаргасан тодорхойлолт, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Л.Төмөрбаатарыг нас барснаас хойш 2 сарын дараа буюу 2016 оны 04-р сарын 27-ны өдөр төрсөн  Э. Мөнхтулгын 4331000083 тоот  төрсний гэрчилгээ зэргээр нотлогдож байна гэж шүүх үзлээ.

            Иймд иргэн Б.Эрдэнэцэцэгийг иргэн Л.Төмөрбаатартай хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Хатиган овогт Бямбын Эрдэнэцэцэгийг Тавнан овогт Лувсандоржийн Төмөрбаатартай хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш Б.Эрдэнэцэцэг 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.САРАНТУЯА