Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 161

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо Жуулчин гудамж,, Капитал центр оффис,  6 давхар 601 тоот “Фанфорест” ХХК  /УБД:9011051013,/, /РД:5011132/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13 087125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Фанфорест” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас №1/268 гэрээ байгуулах санал ирсэний дагуу манай “Фанфорест” ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 02-ны Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн албатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээнд Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны ажилчдын байрны бодит байдалд үзлэг хийж буулгах, буулгалтын дараа барилгаас ашиглаж болох материалыг аж ахуйн хашаанд зөөх, буулгах ажлыг гүйцэтгэсний хөлсөнд 13 087125 /арван гурван сая наян долоон мянга нэг зуун хорин таван төгрөг/ байхаар тохиролцсон. Манай “Фанфорест” ХХК нь гэрээнд заасны дагуу ажил  үүргийг чанар, стандартын дагуу хийж гүйцэтгэсэн ба үүнийг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэрээт ажлыг хүлээж авсан тухай №1/451 тоот баримт бичиг үйлдэж баталгаажуулсан. Энэхүү албан бичигт санхүүжилтийг 2013 оны 12 дугаар сарын 15-ны дотор багтаан хийж дуусгана гэсэн боловч одоог хүртэл санхүүжилт хийгдээгүй байна. Иймээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13 087125 /арван гурван сая наян долоон мянга нэг зуун хорин  таван төгрөг/-г Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус алба нь “Фанфорест” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаагүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Фанфорест” ХХК нь хариуцагч Дорноговь аймаг, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13 087125 төгрөг гаргуулах гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба нь нэхэмжлэлийн шаардлага болох 13 087125 төгрөг төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар нэхэмжлэгч “Фанфорест” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13 087125 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  Дорноговь аймаг, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224 000 төгрөгийн 50 хувь болох 112 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын татварын тасгийн 061400995 тоот данснаас  буюу улсын орлогоос 112 000 төгрөгийг, хариуцагч Дорноговь аймаг, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас 112 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Фанфорест” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Дорноговь аймаг, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ