Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 162

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 3 дугаар баг, Нефтийн 4-1 тоотод оршин суух, Ноёнцорост овогт Нацагдоржийн Санж-Очир /РД:ПЮ89070811/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 2 дугаар баг, Мобикомын 2-7 тоотод байрлах “Элсэн далай” ХХК-ийн захирал Баянбогд овогт Гүзээтогоогийн Алтанзаяа /РД:ЕК78081469/-д холбогдох,

Барааны үнэ 6 700000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Н.Санж-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Санж-Очир миний бие нь 2016 оны 02 дугаар сарын 01-нээс эхлэн ах С.Мөнхбаяр түүний эхнэр А.Алтанчимэг нартай зөвшилцөн Г.Алтанзаяад 100 хайрцаг Golden mink хуурай сүү,  1 хайрцагандаа 12 ширхэг буюу 1 ширхэг нь 1 кг-аар савлагдсан 38 хайрцаг зөв аарцны ундаа, 1 хайрцгандаа 12 ширхэг буюу 1 ширхэг нь 1 литрээр савлагдсан барааг итгэлцлээр зарж нийлүүлсэн. Ингэхдээ Golden milk 1 ширхэг нь 5800 төгрөг, зөв аарцны ундаа 1 ширхэг нь 1980 төгрөг гэж тус тус тохирч нийлүүлсэн. Нийт барааны үнэ 7,862,880 төгрөг болсноос  6,700,000 төгрөгийн үлдэгдэлтэй хүлээлцсэн. Үлдсэн тооцоог 2016 оны 02 сард төлж дуусгахаар тохирсон боловч Г.Алтанзаяа нь барааг зарж борлуулж дууссан ч Н.Санж-Очир миний мөнгөнийг өгөхгүй байгааг өнөөдрийг хүртэл залилсан гэж шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.  

            Хариуцагч Г.Алтанзаяа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Н.Санж-Очирын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Санж-Очир нь хариуцагч Г.Алтанзаяад холбогдуулан барааны үнэ 6 700000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Алтанзаяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 6 700000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Санж-Очирын барааны үнэ  6 700000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Алтанзаяа нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122 150 төгрөгийн 50 хувь болох 61 075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын татварын тасгийн 061400995 тоот данснаас 61 075 төгрөгийг, хариуцагч Г.Алтанзаяагаас 61 075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Сан-Очирт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Г.Туяацэцэг нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ       Л.БАТЖАРГАЛ