Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 64-27 тоотод оршин суух, Бээлийн хошуу овогт Авирмэдийн Долгормаагийн /РД: ИЮ71062509/ нэхэмжлэлтэй

Боржигон овогт Нэргүйн Шижирбаатарыг /РД:ТЗ76012576/ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч А.Долгормаа нар оролцов                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Долгормаа нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 08 сарын 14-нд Н.Шижирбаатараас 75-70 УНН улсын дугаартай камаз маркийн автомашиныг худалдан авсан, бичиг баримтаа шилжүүлж авъя гэхэд нотариатаар ороод гэрээ хийе гэсэн. Тэгэхэд нь ямар нэг асуудал байхгүй биз гэхэд ямарч асуудал байхгүй гэхээр нь нотариат дээр гэрээ хийж 6,500,000 төгрөг бэлнээр өгсөн. Маргааш нь Дорноговь аймаг дээр очоод өөрийн нэр дээр шилжүүлж авах гэтэл бичиг баримтын зөрчилтэй байна, чиргүүлийн бичиг баримт хуурамч байна гэсэн. Энэ талаар Шижирбаатар руу ярьж хэлэхэд янзалж өгнө гэсэн боловч сураггүй алга болсон. Хотын хаягаар нь очсон боловч энэ хаяг дээрээ байхгүй байгаа юм. Одоо ямарч ашиглах боломжгүй тээврийн хэрэгсэл байна. Н.Шижирбаатартай сүүлийн 1 жил холбоо барих боломжгүй байсан. Иймд эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэв. Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.Долгормаа нь Н.Шижирбаатараас 2014 оны 08 сарын 14-ний өдөр 75-70 УНН улсын дугаартай Камаз  маркын автомашиныг 6,500,000 төгрөгөөр худалдан авсан байх ба Н.Шижирбаатар нь эрхийн зөрчилтэй буюу бичиг баримтын зөрчилтэй тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид худалдсаны улмаас түүний хууль ёсоор өмчлөх эрх зөрчигдсөн байна.

Нэхэмжлэгч А.Долгормаа нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Н.Шижирбаатарт холбогдуулан нэхэмжлэл гаргах үүднээс түүний оршин суух хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.

Дээрхээс үзэхэд Н.Шижирбаатар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх тул хуульд заасан журмын дагуу түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзэв.                                                                                                             

Боржигон овогт Нэргүйн Шижирбаатар нь / РД:ТЗ76012576/ 94945945 гэсэн дугаарын утас эзэмшдэг, иргэний үнэмлэхэд Улаанбаатар хот, Баянгол  6-р хороо 10-р хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 64-р байр, 67 тоотод гэсэн хаяг тэмдэглэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар А.Долгормаагийн хүсэлтээр Боржигон овогт Нэргүйн Шижирбаатарыг / РД:ТЗ76012576/ эрэн сурвалжилсугай.

2. Н.Шижирбаатарыг эрэн сурвалжилж, олох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

3. Н.Шижирбаатарыг хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч А.Долгормаад /99554108, 99358684/ нэн даруй мэдэгдсүгэй.

4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

ДАРГАЛАГЧ     А.ЦЭРЭНХАНД