Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 137/2016/0123/И |
Дугаар | 166 |
Огноо | 2016-06-10 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 6 дугаар хэсэг, 1-35 тоотод оршин суух, хуваариа хөдөлмөр эрхэлдэг Боржигон овогт Базарын Алтанхуягийн /РД: ЕТ69072205/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 9 дүгээр хэсэг, 132 дугаар байрны 25 тоотод оршин суух, Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын харъяа Дорноговь аймаг дахь газарт хяналтын улсын байцаагч ажилтай Бөө овогт Цог-Очирын Болортольд /РД: ЕЮ87010605/ холбогдох зээлийн гэрээний үүрэг 17,440,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч Б.Алтанхуяг, хариуцагч Ц.Болортоль, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтанхуяг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оын 04 сарын 13-нд Болортоль нөхрийн төслийн мөнгө дараа сард орж ирнэ сарын хугацаатай мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу Б.Алтанхуяг би өөрийн дүү болох Б.Алтантуулд хэлж түүний байрны урьдчилгаа гэх 6,000,000 төгрөгийг Болортольд хэлсэн. Болортоль 2 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлэх хүсэлт тавьсан. Б.Алтанхуяг би / дүү Замын-Үүдэд амьдардаггүй/ дүүг төлөөлж Ц.Болортольтой гэрээ байгуулж хүүг сар бүр тооцохоор тохиролцсон. Ц.Болортоль өөрийн нэр дээрх Замын-Үүд 2-р баг ШНБ-ийн 60 айл 09 тоотод орших 3 өрөө байрны лизингтэй гэрчилгээний хуулбарыг 3 түлхүүрийн хамт өгсөн. 2015 оны 05 сарын 13-нд хүү төлсөн/ дансаар/ 2015 оны 06 сарын 12- Болортоль хүүг төлөлгүйгээр / та 100.000 төгрөг нэмж өгөөд/ үндсэн мөнгийг 7.000.000 төгрөгөөр тооцож зээлийг цааш үргэлжлүүлэх хүсэлт тавьсан. Өнөөдрийн байдлаар уг зээл нь Болортолийн хүсэлтээр 1 жил гаран болж байна. Жилийн хугацаанд 5 сар, 7 сараас бусад бүх сард сар бүр хүү төлөх боломжгүй байна, сар бүр төлөөгүй хүүний мөнгөө үндсэн мөнгө рүү шилжүүлэн тооцож барагдуулна гэсэн Болортолийн хүсэлтээр үргэлжилж явсан. Жилийн хугацаанд Болортоль нь ердөө 3.000.000 төгрөгийг цувуулан хүүнд төлсөн. Жич: 2015 оны 05 сарын 13-нд 900.000 төгрөг, 2015 оны 07 сарын 13-нд 1.050.000 төгрөг, 2015 оны 08 сарын 13-нд 50.000 төгрөг, 2016 оны 01 сарын 12-нд 500.000 төгрөг, 2016 оны 03 сарын 31-нд 500.000 төгрөг, 3.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн… Болортоль нь 2016 оны 03 сарын 31-ний өдөр зээлийг бүтэн жилээр бус 2016 оны 02 сарын 13-наар дуусгавар болгож нийт 17.440.000 төгрөгийг төлж барагдуулна гэж бид харилцан тохиролцсон. Уг 17.440.000 төгрөгөнд Болортолиос жилийн хугацаанд авсан 3.000.000 төгрөгийг хасаж тооцсон болно…Ц.Болортоль, Б.Алтанхуяг бидний энэхүү зээлийн асуудлыг мөн 2016 оны 03 сарын 31-нд Болортоль, Алтанхуяг бидний харилцан тохиролцсоноор нийт 17.440.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Ц.Болортоль шүүхэд гаргасан татгалзал тайлбартаа: Би Алтанхуягаас 2015 оны 04 сарын 13-ны өдөр нотариат дээр зээлийн гэрээ байгуулж 6,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлсэн. Уг гэрээний дагуу нэг сарын хүүнд 900,000 төгрөгийг 2015 оны 05 сарын 13-нд төлсөн. Дараа нь 2015 оны 7 сарын 13-нд 1,050,000 төгрөг, 2015 оны 08 сарын 13-нд 50,000 төгрөг, 2016 оны 03 сарын 31-нд 500,000 төгрөг, 2016 оны 04 сарын 15-нд 165,000 төгрөг буюу нийт 3,165,000 төгрөг төлсөн. Зээлийн хүүг зээлдүүлэгч өөртөө ашигтайгаар тооцож сард 15 хувийн хүү авна гэж байгаа нь зээлдэгч надад хэт өндөр хохиролтой байдлаар хийгдсэн бөгөөд сард 800,000 төгрөгийн цалинтай, амьдрал ахуй хэрэгцээнээс илүү гарахгүй болохоор 1,050,000 төгрөгийг сар бүр төлж чадахгүй байхад Алтанхуяг нь байнга дарамт шахалт үзүүлж, барьцаа хөрөнгө нэмж өг, машины гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүл, байранд маань өөрийн жолоочийн эхнэр хүүхдийг үнэ төлбөргүйгээр удаа хугацаагаар амьдруулахыг шаардаж, зээлийн хэмжээг үндэлэлгүйгээр нэмж өсгөж хүүгээ үндсэн зээлрүү оруулж, хүүнээс хүү тооцож ирсэн болно. Иймд 2015 оны 04 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 6,000,000 төгрөгийг 1 сарын 15 хувийн хүүгийн хамт 6,900,000 төгрөгийг төлнө. Уг мөнгөнөөс өөрийн төлсөн 3,165,000 төгрөгийг хасуулж, 3,765,000 төгрөгийг төлнө гэжээ.
Нэхэмжлэгч Б.Алтанхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Болортоль нь 2015 оны 04 сарын 12-нд мөнгөний хэрэг байна, мөнгө зээлээч гэж хүссэн юм. Энэ үед дүүгийн мөнгө байсан учраас 04 сарын 13-нд 2 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй 6,000,000 төгрөг зээлүүлж, гэрээ хийсэн юм. Ингээд Болортоль нь 05 сарын 13-нд зээлийн хүү болох 900,000 төгрөгийг төлсөн, дараа сарын буюу 6 дугаар сарын хүүг төлж чадахгүй нь 100,000 төгрөг нэмж аваад 7,000,000 төгрөгийн гэрээг шинээр хийе гэж хүсэлт гаргасаны дагуу би Мандухайгаар гэрээр хийлгэсэн юм. Түүнээс хойш Болортоль надад 4,700,000 төгрөгийг төлсөн. Зээлийн хугацааг сунгах, хүүг тооцох талаар Болортоль өөрөө л надад хүсэлт гаргасны дагуу сунгаж явсан. Хэрэв ийм байдлад хүрэх байсан бол би зээлийн хугацааг сунгахгүй байх байсан. Миний хувьд Болортолийг дарамталсан, шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Мандухайгаар хийлгэсэн гэрээгээр болохгүй гэдгийг сүүлд мэдсэн. Эхний хийсэн гэрээ хүчин төгөлдөр байгаа учраас тэр гэрээний дагуу зээл, зээлийн хүү нийт 17,440,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Ц.Болортоль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Алтанхуяг эгчээс 2015 оны 04 сарын 13-нд 6,000,000 төгрөгийг 2015 оны 06 сарын 13-нд төлж дуусгахаар сарын 15 хувийн хүүтэй гэрээ байгуулж зээлж авсан юм. Ингээд эхний сарын хүү 900,000 төгрөгийг 5 сарын 13-нд төлсөн юм. Түүнээс хойш төлөх боломжгүй болоод хүүг нь төлж чадаагүй юм. Мандухайтай байгуулсан 7,000,000 төгрөгийн гэрээний хувьд гэвэл хүү төлж чадаагүй учраас хийсэн юм, гэхдээ би тэр 7,000,000 төгрөгийг аваагүй. Энэ хугацаанд би Алтанхуяг эгчид эхний сарын хүү 900,000 төгрөгтэй нийлээд нийтдээ 4,700,000 төгрөг төлсөн. Одоо 05 сарын 13-наас 06 сарын 13-ныг хүртэл хүү 900,000 төгрөгийг үлдсэн зээлтэй хамт нийт 3,100,00 төгрөг төлнө. Алтанхуяг эгчээс хэрэгт өгсөн гэрээ дээр бичигдсэн зүйлүүдийг би бичээгүй, би бас ийм байдлаар хүү төлнө гэж хэлээгүй гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтанхуяг нь хариуцагч Ц.Болортольд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 17,440,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг шүүх зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндслэл нь :
Хариуцагч Ц.Болортоль нь нэхэмжлэгч Б.Алтанхуягаас 2015 оны 04 сарын 13-ны өдөр 6,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй зээлж авсан үйл баримт зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хх-ийн 8 дугаар хуудсанд авагдсан зээлийн гэрээ зэргээр тогтоогдсон байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч Б.Алтанхуяг нь дээрх гэрээг одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа гэж үзэж зээлийн гэрээний үүрэгт 17,440,000 төгрөг хариуцагчаас шаардаж байгаа хэдий боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “ хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасан байх ба хх-ийн 8 дугаар хуудсанд авагдсан зээлийн гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч нь 2015 оны 04 сарын 13-ны өдрөөс 2015 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэлх 2 сарын хугацааны хүүг хариуцагчаар төлүүлэхээр шаардах эрхтэй ба харин түүнээс хойшхи хугацааны зээлийн хүүг шаардах эрхгүй байна.
Хариуцагч Ц.Болортоль нь нэхэмжлэгчээс 2015 оны 04 сарын 13-ний өдөр зээлийн гэрээгээр зээлж авсан 6,000,000 төгрөгийн үүрэгт эхний нэг сарын буюу 04 сарын 13-наас 05 сарын 13-ны өдрийг хүртэлх хүүд 900,000 төгрөгийг төлж, түүнээс хойш үндсэн зээлд 3,800,000 төгрөг нийт 4,700,000 төгрөг төлж барагдуулсан байх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас 4,700,000 төгрөгийг хүлээн авсанаа зөвшөөрсөн, энэ талаар тэдний хооронд маргаан гараагүй болно.
Түүнчлэн нэхэмжлэгч 2015 оны 06 сарын 12-ны өдөр Мандухайгаар өөрийгөө төлөөлүүлж харуицагч Ц.Болортольтой 7,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулсан гэх боловч Мандухай гэгч нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж гэрээ байгуулсан талаар нотлох баримт буюу нэхэмжлэгчийн зүгээс тухайн гэрээг хийлгэхээр Мандухай гэгчид олгосон итгэмжлэл хэрэгт байхгүй байх тул уг гэрээг үндэслэн харуицагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй юм. Түүнчлэн уг гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжээгүй болох нь хариуцагчийн тайлбар болон Б.Мандухайгийн шүүхэд гаргасан тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Иймд хариуцагч Ц.Болортолиос үндсэн зээл болох 6,000,000 төгрөгөөс төлсөн 3,800,000 төгрөг, 2 сарын хүү 1,800,00 төгрөг төлөхөөс эхний сарын хүүд төлсөн 900,000 төгрөг нийт 4,700,000 төгрөг төлсөнийг хасч тооцон, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээл 2,200,000 төгрөг, 2015 оны 05 сарын 13-наас 06 сарын 13-ны өдрийг хүртэлх 1 сарын хүү 900,000 төгрөг нийт 3,100,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Алтанхуягт олгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс зээлийн хүү хэт өндөр байгаа учраас хүүг бууруулж тооцуулах талаар хүсэлт гаргаж байгаа боловч арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага гэх мэт зээл олгох эрх бүхий үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын хүүгийн талаар тогтоосон нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй болно.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Ц.Болортолиос /РД: ЕЮ87010605/ зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээл 2,200,000 төгрөг, зээлийн хүү 900,000 төгрөг нийт 3,100,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Алтанхуягт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 14,340,000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 245,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 64,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Алтанхуягт олгосугай.
3. Хариуцагч Ц.Болортоль нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД