Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 168

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар:         

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Эрдэнэ сум, 1 дүгээр багт оршин суух, Тангад овогт Чойжамцын Энхнарангийн /РД:ЕН87060600/-ийн нэхэмжлэлтэй,             

Хариуцагч: Дорноговь аймаг, Эрдэнэ сум Заваг дэлгэрэх гэх газар нутагладаг  Буян овогт Эрдэнэжавын Гантулга /РД:ЕК75100574/-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ...., нэхэмжлэгч Ч.Энхнаран  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:   

Нэхэмжлэгч Ч.Энхнаран нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:… Миний бие нь нөхөр болох Э.Гантулгатай 2007 онд танилцаж 2008 онд ууган хүү болох Ганхөлөгийг, 2010 онд бага хүү Тарвачомбо нарыг төрүүлж бусдын адил жаргал зовлонгоо хуваалцаж амьдарч ирсэн. Бид хоёр амьдарч эхэлснээс хойш нөхөр маань үе, үе хардаж зоддог байсан. Архи ууж агсан тавина. Ингээд 2012 оноос хойш ааш зан нь улам хурц болж сүүлдээ эрүүл гар хүрч мөн ах дүү нартай маргаж муудах нь энүүхэн болсон. Ингээд 2015 оноос  тусдаа амьдарч эхэлсэн. Сэтгэл санаа болон биед маань байгаа сорив их, ийм учир гэр бүлийг маань цуцалж өгнө үү. Мал хуй, эд хөрөнгийн маргаангүй. Хоёр хүүхдээ өөрөө асарч хамгаална . Гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Э.Гантулга нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Э.Гантулга миний бие нь Ч.Энхнарангийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2 хүүхдээ эх Ч.Энхнарангийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйл алга. 2016.06.14-ний өдөр болох шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Энхнаран нь хариуцагч Ч.Гантулгаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Зохигчид нь 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болж 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүү Г.Ганхөлөг, 2010 оны 06 дугаар сарын 11-нд хүү Г.Тарвачомбо нарыг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн өрхийн эмчийн тодорхойлолт, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Зохигчид нь хувийн таарамжгүй харилцааны улмаас 2015 оноос тус тусдаа амьдарч байгаа нь зохигчдын тайлбар мэдүүлэг, эвлэрүүлэн зуучлал дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул зохигчдын гэрлэлтийг цуцлахаар тогтов.       

Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй бөгөөд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна. Хариуцагч Э.Гантулга нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, өөрийг нь шүүх хуралдаанд  оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг  эзгүйгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчид нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон эд хөрөнгийн маргаан гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Буян овогт Эрдэнэжавын Гантулга, Тангад овогт Чойжамцын Энхнаран нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 02 дугаар сарын 15-нд төрсөн хүү Г.Ганхөлөг, 2010 оны 06 дугаар сарын 11-нд төрсөн хүү Г.Тарвачомбо нарыг эх Ч.Энхнарангийн асрамжинд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Энхнарангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Гантулгаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4. Зохигчид нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон эд хөрөнгийн маргааны нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаагүй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Цэрэндуламд даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид,  түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ    Л.БАТЖАРГАЛ