Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 172

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3-р баг Далан 14-р байр 31 тоотод оршин суух Боржигон овогт Бараадуузын Батаа /РД: КЮ72070878/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар баг Өгөөмөрийн 2-7 тоотод оршин суух Боржигон овогт Цэрэндоржийн Мягмарсүрэн  /РД: КЮ81051978/-д холбогдох

“Гэм хорын хохирол 10,000,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Батаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Батаа миний бие нь 2012 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өөрийн өмчлөлийн 52-97 ӨМА улсын дугаартай Тоёота Ланд крузер 80 маркийн автомашиныг иргэн Ц.Мягмарсүрэнд 10 сая төгрөгөөр тодорхой хугацааны дараа буюу 1 сарын дараа мөнгийг нь өгч авалцахаар тохиролцсон болно. Иргэн Ц.Мягмарсүрэн нь тохиролцсон хугацаанд автомашины үнийг төлөөгүй, өөрөөр хэлбэл иргэн Б.Батааг залилан мэхлэж автомашиныг нь авсан, хохирогч иргэн Б.Батаа уг асуудлаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан бөгөөд Цагдаагийн байгууллага нь иргэн Ц.Мягмарсүрэнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 27 тоот прокурорын тогтоол гарсан. Уг тогтоолын тогтоох хэсэгт “...Ц.Мягмарсүрэн нь 2016 оны 01 дүгээр сарын 30, 03 дугаар сарын 10-ны өдрүүдэд өгсөн мэдүүлэгтээ үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүнд холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэж, мөн тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт “... гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөхгүй тул хохирогч, иргэний нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай” гэжээ. Иймд гэм хор учруулсан хохирол 10,000,000 төгрөгийг гаргуулж иргэн Б.Батааг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.Мягмарсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.Батаагийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг бүрэн төлж дуусгах болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Б.Батаа нь хариуцагч Ц.Мягмарсүрэнд холбогдуулан гэм хорын хохирол 10,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн ба тайлбартаа уг мөнгийг бүрэн төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч Б.Батаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлнө гэж зөвшөөрч байх тул түүнийг тэмдэгтийн хураамжид 10,000,000 төгрөгөнд төлөх хувиас 50 хувь хөнгөлж 87,475 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Батаагийн нэхэмжлэлийн шаардлага 10,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Мягмарсүрэн нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 061400995 тоот дансанд 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлсөн  174,950 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч Б.Батаад олгож, хариуцагч Ц.Мягмарсүрэнгээс 87,475 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ     Б.НАРМАНДАХ