Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 177

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Анхтуяа, Э.Дашдулам нарт  холбогдох гэм хорын хохирол 9,728,942 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Анхтуяа нь УБТЗ-ын Тээш худалдааны төвийн харъяа “Ган зам” сүлжээ дэлгүүрийн 1069 дүгээр зөрлөгт байрлах салбар дэлгүүрт 2014 оны 05 дугаар сараас 2015 оны 05 дугаар сарын хооронд худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 3,717,739 төгрөгийн, Э.Дашдулам нь тус дэлгүүрт 2015 оны 05 дугаар сараас 06 дугаар сарын хооронд худалдагчаар ажиллах хугацаандаа 6,011,203 төгрөгийн дутагдал гаргаж нийт 9,728,942 төгрөгийн хохирол учруулсан.

Р.Анхтуяа, Э.Дашдулам нар нь эрүүгийн хуулийн 150.2 дах хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн энэ гэмт хэргийн улмаас манай байгууллагад учруулсан 9,728,942 төгрөгийг нөхөн төлөхөө тус бүр бичгээр илэрхийлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хохирлоо барагдуулаагүй болно. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 9,728,942 төгрөгийг Р.Анхтуяа, Э.Дашдулам нараас гаргуулж өгнө үү гэжээ.   Нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Р.Анхтуяа нийт 3,717,739 төгрөгийн хохирлыг “УБТЗ” ХНН-т учруулсан. Тэрээр дээрх төгрөгийг дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрсөн ба 2016 оны 07 дугаар сарын 20-ноос эхлэн сар бүр 30,000 төгрөгийг байгууллагын дансанд хийж хохирлыг бүрэн барагдуулах тухай баталгаа бичиж тайлбар өгсөн. Нөхцөл бололцоо бүрдсэн үед тогтоосон мөнгөн дүнг ахиулан хийнэ гэж мэдэгдсэн тул манай байгууллагын зүгээс энэхүү хүсэлтийг хүлээн авч байна.

Э.Дашдулам нь “УБТЗ” ХНН-т 6,011,203 төгрөгийн хохирол учруулсан. Тэрээр өөрийн учруулсан дээрх төлбөрийг хүлээн зөвшөөрсөн тухайгаа бичгээр өгсөн ба сар бүр 100,000 төгрөгийг манай байгууллагын дансанд хийж хохирлыг бүрэн барагдуулна гэсэн. Цалингийн зээл болон нөхцөл бололцоо бүрдсэн үед мөнгөн дүнг ахиулах тухайгаа бичгээр мэдэгдсэн тул энэхүү хүсэлтийг хүлээн авч байна. Иймд эвлэрлийг баталж шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү   гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн  Замын-Үүд сум Нартын хошуу зөрлөгт оршин суух Боржигон овогт Рэнцэнгийн Анхтуяа /РД: ЕО71042561/ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Амьжиргааны баталгаажих түвшин доогуур орлоготой ХНН-ийн Замын-Үүд дэх салбарт ажиллаж байх хугацаандаа 3,717,739 төгрөгний өр дутагдал гаргасан нь үнэн. 2016 оны 07 сарын 20-ноос сар бүр 30,000 төгрөгийг хийж хохирлыг барагдуулах хүсэлт гаргаж байна. Миний бие эрхэлсэн ажилгүй өөрийн гэсэн орлогогүй тул хүүхдийн 40,000 төгрөгнөөс хийж байна. Нөхцөл бололцоо бүрдсэн үед тогтоосон мөнгөн дүнг ахиулан хийж байна. Өр дутагдлыг 2016 оны 07 сараас эхлэн 2017 оны  дуустал төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн  Замын-Үүд сум 1-р баг, 13-2а тоотод оршин суух Монгол овогт Эрдэнэхуягийн Дашдулам /РД: ТА89072608/ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... 2015 оны 05 сараас Ган зам сүлжээ дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа дутагдал гаргасан нь үнэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие бага насны жил дараалсан хоёр хүүхэдтэй ба цалингийн өндөр зээлтэй. Нэхэмжлэлийн дагуу мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд сар бүр тогтсон хугацаанд 2017 оны 07 сарыг дуустал сар бүр 100,000 төгрөгийг тус байгууллагын дансанд хийж байна. Нөхцөл бололцоо бүрдсэн үед мөнгөн дүнг ахиулан хийх болон цалингийн зээлийн нөхцөл үүссэн үед бүрэн барагдуулах болно. Иймд нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь хариуцагч Р.Анхтуяа, Э.Дашдулам нарт холбогдуулан гэм хорын хохирол 9,728,942 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Р.Анхтуяа нь УБТЗ-ын Тээш худалдааны төвийн харъяа “Ган зам” сүлжээ дэлгүүрийн 1069 дүгээр зөрлөгт байрлах салбар дэлгүүрт 2014 оны 05 дугаар сараас 2015 оны 05 дугаар сарын хооронд худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 3,717,739 төгрөгийн, Э.Дашдулам нь тус дэлгүүрт 2015 оны 05 дугаар сараас 06 дугаар сарын хооронд худалдагчаар ажиллах хугацаандаа 6,011,203 төгрөгийн дутагдал гаргасан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Анхтуяа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 3,717,739 төгрөгийг 2016 оны 07 сараас эхлэн сар бүр 30,000 төгрөгөөр төлж барагдуулан 2017 оныг дуусахад бүрэн төлж барагдуулахаар, хариуцагч Э.Дашдулам нь  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 6,011,203 төгрөгийг 2016 оны 07 сараас эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр төлж барагдуулан 2017 оны 07 сар гэхэд дуусахад бүрэн төлж барагдуулах талаар тайлбар ирүүлснийг, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд дээрх нөхцөл байдал нь  хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Анхтуяа, Э.Дашдулам нарт  холбогдох гэм хорын хохирол 9,728,942 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Р.Анхтуяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,717,739 төгрөгийг, хариуцагч Э.Дашдулам нь  нэхэмжлэлийн шаардлага болох 6,011,203 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж,  хариуцагч Р.Анхтуяагаас 3,717,739 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь 37,217 төгрөгийг, хариуцагч Э.Дашдуламаас 6,011,203 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 55,565 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого  болгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ   А.ЦЭРЭНХАНД