Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 182

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Самбуугийн гудамж-47 байрлах “Мобиком корпораци” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг ШАА-ийн байр Улаанбаатар төмөр замын Замын-Үүд Шилжүүлэн ачих ангид холбогдох,

“Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 341,350 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний  өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Улаанбаатар төмөр замын Замын-Үүд шилжүүлэн ачих анги нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22873958 тоот гэрээ байгуулан 99063887 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт IPhone болон гар утас зээлээр худалдан авах нэмэлт гэрээ байгуулан IPhone 5S 16 GB утсыг зээлээр авч ашиглаж эхэлсэн. Улаанбаатар төмөр замын Замын-Үүд шилжүүлэн ачих анги нь харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2–т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоосон. Төлбөрийн үлдэгдэлийг төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймээс хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 341,350  төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн гаргасан хариу тайлбартай танилцлаа. Хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Мобиком корпораци ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг бүрэн зөвшөөрч байгаа ба манай ажилтан Г.Эрдэнэ-Очир нь дээрх нэхэмжилсэн төлбөрийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Улаанбаатар төмөр замын Замын-Үүд шилжүүлэн ачих ангид холбогдуулан дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 341,350 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн ба тайлбартаа уг нэхэмжилсэн төлбөрийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны дотор барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,891 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч болон төрийн сангаас тус бүр 5,446 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 341,350 төгрөгийг хариуцагч Улаанбаатар төмөр замын Замын-Үүд шилжүүлэн ачих анги нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 061400995 тоот дансанд 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлсөн  10,891 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Улаанбаатар төмөр замын Замын-Үүд шилжүүлэн ачих ангиас 5,446 төгрөгийг, төрийн сангаас 5,446 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-нд олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ      Б.НАРМАНДАХ