Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 183

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 10 дугаар хороолол Голдон парк хотхонд оршин суух Аюушийн Сүрэнжавын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Дорноговь аймгийн Өргөн сумын 4-р баг Цагдаагийн байранд оршин суух Ганбатын Доржрагчаа /РД: ЛЕ89041415/-д холбогдох,

 “1,350,000 төгрөг” гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Сүрэнжав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.Сүрэнжав миний бие нь Москва хотноо суралцаж байх хугацаандаа 2015 оны 06 дугаар сарын сүүлчээр 400,000 төгрөгний үнэ бүхий 2 хором, 550,000 төгрөгний үнэ бүхий1 хором зэргийг Доржрагчаагаар заруулахаар эгчээрээ дамжуулан хүргүүлсэн юм. Тухайн үед өөрөө зарж өгөх боломжтой талаар санал тавьсан, хэлсэн байдаг юм. Дээрх хоромны үнийг одоог хүртэл төлөөгүй байгаа тул нийт 1,350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 Хариуцагч Г.Доржрагчаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Дорноговь аймгийн Өргөн сумын 4-р багийн иргэн Г.Доржрагчаа би 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр танай байгууллагад нэхэмжлэл гаргасан А.Сүрэнжавын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд иргэн А.Сүрэнжавын гаргасан нэхэмжлэлийг сар бүр 200,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч А.Сүрэнжав нь хариуцагч Г.Доржрагчаад холбогдуулан 1,350,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн ба тайлбартаа уг мөнгийг сар бүр 200,000 төгрөгөөр төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

 Нэхэмжлэгч А.Сүрэнжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч  болон төрийн сангаас тус бүр 18,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Нэхэмжлэгч А.Сүрэнжавын нэхэмжлэлийн шаардлага 1,350,000 төгрөгийг хариуцагч Г.Доржрагчаа нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

 2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 061400995 тоот дансанд 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төлсөн  36,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Доржрагчаагаас 18,275 төгрөг, төрийн сангаас 18,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Сүрэнжавт олгосугай.

 3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ