Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 184

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Алтанширээ суманд 1960 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд оршин суух Чандмана овогт Самдангийн Сугаррагчаагийн /РД: ЕБ60062918/ хүсэлтээр           

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Сугаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Сугаррагчаа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн барилгын бригадад 1975 оны 08 сарын 15-нд анх барилгачинаар ажилд ороод 1978 оны 06 сарын 08 хүртэл ажилласан. Тэгээд 1978 оны 06 сард цэргийн албанд яваад 1981 оны 06 сард ирээд 1981 оны 07 сарын 01-нээс 1981 оны 12 сарын 20 хүртэл Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн Зараа багт хоньчиноор ажиллаж байгаад жолооны курсэд явсан. Тэгээд жолооны курсээс ирээд 1982 оны 09 сарын 08-наас 1983 оны 04 сарын 05 хүртэл Саруул зам нэгдэлд туслах ажилтнаар, 1983 оны  04 сарын 05-наас 1988 оны 06 сарын 26 хүртэл Саруул зам нэгдлийн Зараа багийн эмчилгээ тэжээлийн цэгийн жолоочоор, 1988 оны 06 сарын 26-наас 1989 оны 04 сарын 24 хүртэл Саруул зам нэгдлийн Хаяа багт худагт моторчиноор, 1989 оны 04 сарын 24-нөөс 1990 оны 07 сарын 18 хүртэл тус багтаа эд хариуцсан аж ахуйчаар,  1990 оны 07 сарын 19-нөөс 1995 оны 03 сарын 20 хүртэл Дорноговь аймгийн Алтанширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангийн эд хэрэглээний хоршоонд жолоочоор ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү. Ажилласан хугацаа маань хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичигдээгүй учраас тэтгэвэрт гарахад ажилласан жил хүрэхгүй байгаа юм. Мөн тухайн үеийн зарим нэг тушаалууд дээр миний нэрийг Сугиррагчаа гэж бичсэн нь тухайн бичиг хэрэг боловсруулж, хөтөлж байсан бичиг хэргийн ажилтан нарын бичиглэлийн алдаанаас болж бичигдсэн байх. Иймд Дорноговь аймгийн Саруул зам нэгдэлд дээрх ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж,  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь :

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд нэхэмжлэгч С.Сугаррагчаа нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1975 оны 08 сарын 15-наас 1978 оны 06 сарын 08 хүртэл барилгачинаар, 1981 оны 07 сарын 01-нээс 12 сарын 20 сар хүртэл хоньчиноор, 1982 оны 09 сарын 08-наас 1983 оны 04 сарын 05 хүртэл  туслах ажилтнаар, 1983 оны 04 сарын 05-наас 1988 оны 06 сарын 26 хүртэл тус нэгдлийн Зараа багийн эмчилгээ тэжээлийн цэгийн жолоочоор, 1988 оны 06 сарын 26-наас 1989 оны 04 сарын 24 хүртэл тус нэгдлийн Хаяа багт худагийн моторчиноор, 1989 оны 04 сарын 24-нөөс 1990 оны 07 сарын 18 хүртэл Хаяа багт эд хариуцсан аж ахуйчаар,  1990 оны 07 сарын 19-нөөс 1995 оны 03 сарын 20 хүртэл Дорноговь аймгийн Алтанширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангийн эд хэрэглээний хоршоонд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь:

нэхэмжлэгч С.Сугаррагчаагаас ирүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан “ Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн даргын 1978 оны 07 сарын 20-ны өдрийн “ ардын цэргийн албанд явах болсон Самдангийн Сугаррагчааг 1978 оны 07 сарын 01-ны өдрөөс барилгачины ажлаас чөлөөлсүгэй” гэсэн 24 тоот тушаалын хуулбар,

- Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн даргын 1981 оны 08 сарын 18-ны өдрийн “ Самдангийн Сугиррагчааг  Зараа баригадад 1981 оны 07 сарын 01-нээс хоньчиноор  ажиллуулсугай” гэсэн 44 тоот тушаал,

- Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн даргын 1985 оны 07 сарын 06-ны өдрийн ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай 47 тоот тушаалын хуулбар,

- Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн даргын 1987 онэы 05 сарын 30-ны өдрийн “ Самдангийн Сугиррагчааг Хаяагийн эмчилгээ тэжээлийн цэгт жолоочоор томилсугай” гэсэн 51 тоот тушаалын хуулбар,

- Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн даргын 1988 оны 07 сарын 14-ны өдрийн “ Хаяагийн худгийн моторчиноор томилсугай” гэсэн 64 тоот тушаалын хуулбар,

- Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн даргын 1989 оны 04 сарын 24-ны өдрийн “ худгийн моторчин Самдангийн Сугаррагчааг  4 сарын 15-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэсэн 39 тоот тушаалын хуулбар,

-Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын  тасгийн 2015 оны 12 сарын 08-ны өдрийн Самдангийн Сугиррагчаагийн цалингийн тодорхойлолт /1975 оны 08 сараас 1990 оны 6 сар хүртэлх /

-1975 оны 08 сарын 15...Саруул зам нэгдлийн барилгын бригадад баригачинаар авч ажилуулав...1978 оны 7 сарын 20-ны өдрийн 24 тоот тушаалаар барилгачинаас чөлөөлөв...1981 оны 8 сарын 18-ны өдрийн 44 тоот тушаалаар хоньчиноор ажилуулав...1981 оны 12 сарын 20-ны өдрийн 56 тоот тушаалаар хоньчноос чөлөөлж, авто жолооны курсэд шилжүүлэв... 1982 оны 09 сарын 08-ны өдрийн 23 тоот тушаалаар  Саруул зам нэгдэлд шилжүүлэв... 1990 оны 07 сарын 18-ны өдрийн 98 тоот тушаалаар АДХ-ны гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлэв... 1990 оны 07 сарын 19-ний өдрийн 10 тоот тушаалаар эд хэрэглээний  хоршооны  жолоочоор ажиллуулав... хоршооны даргын 1995 оны 03 сарын 20-ны өдрийн 9 тоот тушаалаар жолоочийн ажлаас чөлөөлж, тамгын газрын мэдэлд шилжүүлэв” гэсэн тэмдэглээ бүхий нэхэмжлэгч С.Сугаррагчаагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-гэрч Ш.Буяндэлгэрийн шүүхэд өгсөн “ Сугаррагчаа нь Дорноговь аймгийн Алтанширээ суманд Саруул зам нэгдэлд 1975 онд нэгдлийн туслах ажилтнаар ажиллаж байгаад цэрэгт явж ирээд Саруул зам нэгдэлд 2-р брагидад хоньчиноор ажиллаж байгаад, эмчилгээ тэжээлийн цэгийн жолооч хийдэг байсан хэдэн оныг нь санахгүй байна, бас 2-р бригадад худгийн моторчин хийж байсан. Ер нь бол жолооч хийж байхыг нь сайн мэдэж байна. Би 1972 оноос хойш 2000 он хүртэл Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд ажиллаж байсан, С.Сугаррагчаа бид нар нэг байгууллагад хамт ажиллаж байсан. С.Сугаррагчаа нь өөр газар ажиллаж байгаагүй, Саруул зам нэгдэл нь Саруул зам хоршоо болж өөрчлөгдөхөд Сугаррагчаа жолоочоор ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг

-гэрч Д.Сугарын шүүхэд өгсөн “ Би 1975 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд нэгдлийн туслах ажилтнаар С.Сугаррагчаатай хамт ажиллаж байсан. Би 1976 оны 3, 4 сарын үед сумаас гарч хөдөө мал маллахаар хөдөө гарсан. Тэрнээс хойш С.Сугаррагчаа машин бариад хөдөө айл нүүлгэнэ гээд явж байдаг байсан. С.Сугаррагчаа нь 1978 он хүртэл нэгдэлд туслах ажилтан хийж байгаад цэрэгт явсан. Тэгээд цэрэгт явж ирээд мал маллаж байгаад нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгийн жолоочоор ажиллаж байсан. Би яг хэдэн он гэдгийг нь санахгүй байна. Би 1979 оны 10 сараас 1989 оны 11 сар хүртэл Алтанширээ сургуульд ажиллаж байхад С.Сугаррагчаа нь Саруул зам нэгдэлд жолоочоор ажиллаж байсан. Саруул зам нэгдэл тарж Шинэ Саруул зам хоршоо болж өөрчлөгдөхөд намайг малчин байхад С.Сугаррагчаа нь хоршооны жолоочоор ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг,

-гэрч П.Даримаагийн шүүхэд өгсөн “1983 оноос хойш Сугаррагчааг мэднэ. Өмнө нь Сугаррагчаа Саруул зам нэгдэлд ажиллаж байсан гэж сонссон. Би 1984 онд сургууль төгсөж ирээд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдлийн Зараа багийн эмчилгээ тэжээлийн цэгд мал эмчилдэг хүн байсан. Тэгэхэд Сугаррагчаа нь жолооч байсан. Би тэгээд 1986 оноос хойш малчин болсон. Тэрнээс хойш ямарч байсан С.Сугаррагчаа нь нэгдэлд жолооч хийж байсан. Ер нь жолоочоос өөр юм хийгээгүй байх гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.Сугаррагчаагийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн зарим нэг тушаал дээр Сугиррагчаа гэж бичсэн байх ба энэ нь тухайн үед техникийн алдаа гаргасан, эсхүл тухайн бичиг хэрэг боловсруулж, хөтөлж байсан бичиг хэргийн ажилтан нарын бичиглэлийн алдаанаас болж бичигдсэн талаар нэхэмжлэгч тайлбарладаг болно.

Иймд нэхэмжлэгч С.Сугаррагчаа нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1975 оны 08 сарын 15-наас 1978 оны 06 сарын 08 хүртэл барилгачинаар, 1981 оны 07 сарын 01-нээс 12 сарын 20 сар хүртэл хоньчиноор, 1982 оны 09 сарын 08-наас 1983 оны 04 сарын 05 хүртэл  туслах ажилтнаар, 1983 оны 04 сарын 05-наас 1988 оны 06 сарын 26 хүртэл тус нэгдлийн Зараа багийн эмчилгээ тэжээлийн цэгийн жолоочоор, 1988 оны 06 сарын 26-наас 1989 оны 04 сарын 24 хүртэл тус нэгдлийн Хаяа багт худагийн моторчиноор, 1989 оны 04 сарын 24-нөөс 1990 оны 07 сарын 18 хүртэл Хаяа багт эд хариуцсан аж ахуйчаар,  1990 оны 07 сарын 19-нөөс 1995 оны 03 сарын 20 хүртэл Дорноговь аймгийн Алтанширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангийн эд хэрэглээний хоршоонд жолоочоор ажиллаж байсныг тус тус тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлүүдийг дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар нэхэмжлэгч С.Сугаррагчаа нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Саруул зам нэгдэлд 1975 оны 08 сарын 15-наас 1978 оны 06 сарын 08 хүртэл барилгачинаар, 1981 оны 07 сарын 01-нээс 12 сарын 20 сар хүртэл хоньчиноор, 1982 оны 09 сарын 08-наас 1983 оны 04 сарын 05 хүртэл  туслах ажилтнаар, 1983 оны 04 сарын 05-наас 1988 оны 06 сарын 26 хүртэл тус нэгдлийн Зараа багийн эмчилгээ тэжээлийн цэгийн жолоочоор, 1988 оны 06 сарын 26-наас 1989 оны 04 сарын 24 хүртэл тус нэгдлийн Хаяа багт худагийн моторчиноор, 1989 оны 04 сарын 24-нөөс 1990 оны 07 сарын 18 хүртэл Хаяа багт эд хариуцсан аж ахуйчаар,  1990 оны 07 сарын 19-нөөс 1995 оны 03 сарын 20 хүртэл Дорноговь аймгийн Алтанширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангийн эд хэрэглээний хоршоонд жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйл 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ    А.ЦЭРЭНХАНД