Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 189

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Д.Бадамгаравын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Оюунгэрэлд холбогдох зээл, зээлийн хүү 2.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:          

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг, 139-р байрны 30 тоотод оршин суух Боржигон овогт Дашзэвэгийн Бадамгарав /РД: ЕЮ71032427/ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2014 оны 04 сарын 12-нд Замын-Үүд сумын төвд амьдардаг Г.Оюунгэрэлд 2.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 12 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Одоо болтол өгөөгүй, зээлийн хүүд 300.000 төгрөг нийт 2.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Бадамгарав шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь хариуцагч Г.Оюунгэрэлийн гаргасан хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч Г.Оюунгэрэлийн нэхэмжилсэн 2.800.000 төгрөгийг 2016 оны 08 сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулна гэсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг, 6-р хэсэг, 96-р байрны 01 тоотод оршин суух Тэлмэн овогт Гончигдоржийн Оюунгэрэл /РД: ЧЖ71092364/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь иргэн Бадамгараваас 2014 оны 04 сард 2.500.000 төгрөгийг 12 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн болно. Иргэн Бадамгаравын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү 2.800.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 08 сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Бадамгарав нь хариуцагч Г.Оюунгэрэлээс зээл, зээлийн хүү нийт 2.800.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Г.Оюунгэрэл нь нэхэмжлэгч Д.Бадамгараваас 2014 оны 04 сард 2.500.000 төгрөгийг 12 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж аваад, буцааж төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Оюунгэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зээл, зээлийн хүү 2.800.000 төгрөгийг 2016 оны 08 сарын 25-ны дотор төлж барагдуулна гэсэн тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч Д.Бадамгарав зөвшөөрсөн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Бадамгаравын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Оюунгэрэлд холбогдох зээл, зээлийн хүү 2.800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч Г.Оюунгэрэл нь нэхэмжлэлийн шаардлага 2.800.000 төгрөгийг 2016 оны 08 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урдьчилан төлсөн 59.750 төгрөгийн 50 хувь болох 29.875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 29.875 төгрөгийг, хариуцагч Г.Оюунгэрэлээс 29.875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Хариуцагч Г.Оюунгэрэл нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Э.БОЛОРМАА