Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч  Л.Батжаргал даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар        

Нэхэмжлэгч: Н.Нарантуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Алтанхуягийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн, нэхэмжлэгч Н.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Замын-Үүд сумын 3 дугаар баг Модны 4-09 тоотод оршин суух Мянгад овогт Наранхүүгийн Нарантуяа /РД: РЭ82031409/ миний бие 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд Д.Алтанхуягаас 3 400000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс Д.Алтанхуяг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Замын 3-14 тоот хаяг дээр оршин суудаггүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шүүгчийн захирамж гарсан. Иймд Д.Алтанхуягийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан  хүсэлтийг  хангаж шийдвэрлэх  үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:  

Д.Алтанхуяг нь Н.Нарантуяагийн дэлгүүрт ээлжийн худалдагчаар ажилладаг байсан бөгөөд Д.Алтанхуягийн ээлжин дээрээс бараа тоолоход дутсан бөгөөд урьд нь мөн өртэй байсан байна. Энэ мөнгөө төлөхгүй оршин суугаа хаяг дээрээ байхгүй, гар утсаа салгаж, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байгаа нь 2016 оны 06 дугаар сарын  09-ний өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн  572 тоот шүүгчийн захирамжаар  тогтоогдож байна.

Д.Алтанхуяг нь Н.Нарантуяагийн дэлгүүрийн барааны үнэ төлөхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрын хаягыг нь тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Д.Алтанхуяг нь Замын-Үүд сумын 3-р баг, Замын 3-04 тоотод оршин сууж байсан. Холбоо барих утас нь 88754741. Уг хаяг дээрээ ээж, дүү нарын хамт оршин суудаг,  Д.Алтанхуягийг Турк улс руу явсан гэх зэргийг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Шорвог овогт  Дашдондогийн Алтанхуягийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Алтанхуягийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч,  түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Л.БАТЖАРГАЛ