Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт 1986 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 6 дугаар хэсэг, 151 дүгээр байрны 6 тоотод оршин суух, Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст цагдаа ажилтай Хайрхан овогт Батжаргалын Оргилсайханы хүсэлтээр

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Оргилсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Оргилсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сургууль төгсөж ирээд Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын 2010 оны 09 сарын 23-ны өдрийн А/45 тоот тушаалаар цагдаагийн ажилд томилогдсон. Намайг томилогдсон цагаас хойш Дорноговь аймгийн цагдаагийн газарт ажиллуулалгүй Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст очиж ажиллах үүрэг өгсөний дагуу Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст одоог хүртэл тасралтгүй 6 жил цагдаагаар ажиллаж байна. Намайг Замын-Үүд дэхь цагдаагийн хэлтэст ирж ажиллах үед энд томилсон тушаал гаргаагүй бөгөөд  дөрвөн жилийн дараа буюу 2014 оны 5 дугээр сарын 15-ны өдрийн Цагдаагийн газрын даргын 44-р тушаалаар Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст багийн цагдааrаар тушаал гаргасан юм. Миний бие нь Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу суманд тасралтгүй 5 жил ажилласан тул Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам”–ын дагуу” мөнгөн урамшуулал авах эрх надад үүссэн юм. Ингээд 2015 оны 11-р сард энэхүү урамшуулалын авах тухай хүсэлтийг гаргасан боловч аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 жил ажилласан нь тушаалаар тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр хүлээж аваагүй буцаасан юм. Иймд намайг 2010-09-23-наас 2014-05-15 хооронд Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажилласныг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж,  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь :

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд нэхэмжлэгч Б.Оргилсайхан нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 2010 оны 09 сарын 23-ний өдрөөс эхлэн 2014 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд цагдаагаар ажиллаж байсан болох нь:

нэхэмжлэгч Б.Оргилсайханы шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан “ Дорноговь аймгийн  Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын  даргын 2010 оны 09 сарын 23-ны өдрийн “ Батжаргалын Оргилсайханыг 2010 оны 09 сарын 27-ны өдрөөс  эргүүлийн цагдаагаар томилж, цагдаагийн дэд ахлагч цол олгосугай” гэсэн А/45 тоот тушаалын хуулбар,

- Дорноговь аймгийн  Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын  даргын 2014 оны 05 сарын 15-ны өдрийн “... Б.Оргилсайханыг Замын-Үүд сум дахь Сум дахь цагдаагийн хэлтсийн багийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагчаар” томилсон 44 тоот тушаалын хуулбар, /хавсралтын хамт/

-нэхэмжлэгч Б.Оргилсайханы Замын Үүд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст ажиллаж байх хугацаандаа авсан цалин, хөлсний талаарх 2010 оны 10 сараас 2016 оны 3 сар хүртэлх цалингийн карт

-нэхэмжлэгч Б.Оргилсайханы Замын Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны архивын лавлагаа  /2010 оны 10 сараас 2014 оны 12 сарыг дуустал хугацааны шимтгэл төлсөн байдлыг хүснэгтээр харуулсан/

-2011 оны 07 сарын 08-нд “Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойн хүндэт тэмдэг”-ээр, 2012 оны 09 сарын 17-ны өдөр “            Цэргийн алдар “ медиалаар, 2014 оны 12 сарын 08-ны өдөр “Тэргүүний залуу алтан медаль”-аар тус тус шагнуулсан талаарх үнэмлэхийн хуулбарууд

-гэрч Ж.Явуухулангийн шүүхэд өгсөн “ Б.Оргилсайхан нь 2010 оны 10 сард аймгийн цагдаагийн газраас Замын-Үүд сум дах сум дундын цагдаагийн хэлтэст захиргааны зөрчлийн тоо бүртгэгчээр шилжиж ирээд захиргааны зөрчлийн тоо бүртгэгч, 2014 оны 05 сараас хойш багийн цагдаагаар одоог хүртэл ажиллаж байна. 2010 оноос хойш ахлагч Б.Оргилсайхан нь ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг ханган биелүүлж ажиллаж дээд шатны байгууллагын шагнал урамшууллаар шагнагдаж байсан манай байгууллагын сайн ажилтны нэг юм. Одоо тасралтгүй 6 жил ажиллаж байна” гэсэн мэдүүлэг,

-гэрч Д.Болормаагийн шүүхэд өгсөн “ Би Замын-Үүд дэх цагдаагийн хэлтэст 18 дахь жилдээ ажиллаж байна. 2007 оноос мэдээлэл судалгааны байцаагчийн ажил хийж эхэлсэн. 2010 онд цагдаагийн байгууллагын мэдээлэл технологийн бүтцэд өөрчлөлт ороод үүний улмаас тус хэлтэст захиргааны зөрчлийн тоо бүртгэгчийн ажлын орон зайлшгүй шаардлага бий болсон юм. 2010 оны 10 дугаар сард Дорноговь аймгийн Цагдаагийн газраас эргүүлийн цагдаа цагдаагийн дэд ахлагч Б.Оргилсайханыг тус орон тоон дээр ажиллуулахаар томилсон. Оргилсайхан захиргааны зөрчлийн тоо бүртгэгч, миний бие гэмт хэргийн тоо бүртгэлийг хариуцан хамтран ажиллаж байсан. 2014 оны 05 сард Цагдаагийн ерөнхий газраас цагдаагийн байгууллагын бүтцийг шинэчилснээр захиргааны зөрчлийн тоо бүртгэгчийн орон тоо байхгүй гээд ахлагч Б.Оргилсайханыг тус хэлтсийн багийн цагдаагаар томилсон юм. 2010 оноос хойш ахлагч Б.Оргилсайхантай одоог хүртэл 6 дахь жилдээ нэг хэлтэст хамт ажиллаж байна” гэсэн мэдүүлэг

-гэрч Ц.Байгалмаагийн шүүхэд өгсөн “2010 оны 10 сард Б.Оргилсайхан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дах сум дундын цагдаагийн хэлтэст захиргааны зөрчлийн тоо бүртгэгчээр ирж ажиллаж байгаад Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэст багийн цагдаагаар томилогдон ажилласан.  Ер нь Б.Оргилсайхан бол 2010 оноос хойш одоог хүртэл надтай хамт ажиллаж байгаа юм” гэсэн мэдүүлэг зэргээр батлагдан тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Б.Оргилсайханыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 2010 оны 09 сарын 23-ний өдрөөс эхлэн 2014 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд цагдаагаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлүүдийг дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар нэхэмжлэгч Хайрхан овогт Батжаргалын Оргилсайханыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 2010 оны 09 сарын 23-ний өдрөөс эхлэн 2014 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд цагдаагаар ажиллаж байсан болох ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйл 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ    А.ЦЭРЭНХАНД