Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Төрийн банкны /УБД:9016001011, РД:2693321/-ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум 1-р баг 45 байрны 01 тоотод оршин суух, Бажиг овгийн Дэлэггомпилын Байгалмаа /РД: ЕЮ66092229/,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум 1-р баг 45 байрны 01 тоотод оршин суух, Мандал овгийн Дашзэвэгийн Гомбо /РД: ЕЮ64121014/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 58.269.688,26 төгрөг, нотариатын зардал 19.000 төгрөг бүгд 58.288.688,26 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний  нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Оюунцэцэг, хариуцагч Д.Байгалмаагийн өмгөөлөгч О.Үүрцайх, хариуцагч Д.Гомбын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:          

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Гомбо, хамтран зээлдэгч Д.Байгалмаа нар нь 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЗГ94/02 тоот гэрээгээр Хадгаламж банкны салбараас 100.000.000 төгрөгийг сарын 1,8 хувь, жилийн 21,6 хувийн хүүтэй, 60 сар /5 жил/-ийн хугацаагаар хөрөнгө оруулалтын зээл авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш сар бүр төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүй бөгөөд төлбөр хийхийг зээлдэгчээс удаа дараа шаардаж мэдэгдэл өгсөн. Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүйгээс зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2016 оны 05 сарын 02-ны өдрийн байдлаар 58.269.688,26 төгрөг болон хуримтлагдсан. Иймд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу төлбөрийн хуваарь зөрчсөний улмаас зээлийн үндсэн төлбөрийн өр 52.663.315,68 төгрөг, зээлийн хүүгийн өр 5.518.406,69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 87.965,89 төгрөг, нотариатын зардал 19.000 төгрөг, бүгд 58.288.688,26 төгрөгийг Дашзэвэг овогтой Гомбоос гаргуулж, гэрчилгээний 000085818 дугаартай, улсын бүртгэлийн Y-0714001896 дугаартай Дорноговь аймаг, Замын-Үүд сум 1-р баг, 4 хэсэг 45 байрны 01 тоотод байрлах барьцаа хөрөнгө, гэрчилгээний 000066182 дугаартай, улсын бүртгэлийн Y-0713000139 дугаартай Дорноговь аймаг Сайншанд сум 2-р баг 3-р 58 айл 1-1 тоотод оршин байрлах барьцаа хөрөнгө, гэрчилгээний 000421311 дугаартай, Дорноговь аймаг, Замын-Үүд 1-р багт байрлах үйлчилгээний зориулалттай газар мөн 14-15 ДГО улсын дугаартай хүнд даацын Норд Бенз автомашин зэрэг тус тус барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Зээлдэгч Д.Гомбо, хамтран зээлдэгч Д.Байгалмаа нарыг Төрийн банк ХХК-тай байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3Г94/02 дугаартай зээлийн гэрээ болон 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн БГҮ/94/02 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ мөн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн БГХ/94/02 дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, зээлийн үлдэгдэл төлбөр болох 58.288.688,26 төгрөгийг төлүүлэх, хэрэв Зээлдэгч 2016 оны 01 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүгээ төлөөгүй тул дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-0417001896 дугаартай Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1-р баг, 4-р хэсэг, 45-р байрны 01 тоот хаягт орших үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-0713000139 дугаартай Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, 3-р 58 айл 1-1 тоот хаягт орших үл хөдлөх хөрөнгө, гэрчилгээний 000421311 дугаартай, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1-р баг хаягт орших үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар, мөн 14-15 ДГО улсын дугаартай, хүнд даацын HORTHBENZ автомашин зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтийг гapracaн. Анхан шатны шүүхийн хурал зарлагдаж, шийдвэр гартал тодорхой хугацаа шаардагддаг тул нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь уг зээлийн хүүгийн өр, нэмэгдүүлсэн хүүг 5-р сарын хуанлийн 31 хоногоор дараах байдлаар тооцож нэхэмжилсэн болно. Нийт нэхэмжилсэн 58.288.688,26 төгрөгийн задаргаа 2016 оны 05 сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 52.663.315,68 төгрөг, хүү 4.552.287,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61.005,5 төгрөг нийт 57.283.481 төгрөг. 31 хоног нэмж хуримтлуулсан дүн зээлийн хүү 966.119,34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26.960,39 төгрөг нийт 986.206,41 төгрөг. Бусад зардал нотариатын зардал 19000 төгрөг нийт үндсэн зээл 52.663.315,68 төгрөг, зээлийн хүү 5.518.406,69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87.965,89 төгрөг, нотариатын зардал 19.000 төгрөг нийт 58.288.688,26 төгрөгийг хариуцагч  нарын барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Д.Байгалмаа, Д.Гомбо нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Д.Гомбо миний биеээс зээлийн төлбөр хүү алданги бусад зардалд нийт 58.288.688.26 төгрөгийг гаргуулах ,гэрчилгээний 000085818 дугаартай улсын бүртгэлийн Ү0714001896 дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 4-р хэсэг 45-р байр 01 тоотод байрлах барьцаа хөрөнгө ,гэрчилгээний 000066182 дугаартай улсын бүртгэлийн Ү0713000139 дугаартай Дорноговь аймаг Сайншанд сум 2-р баг 3-р 58 айл 1-1 тоотод байрлах барьцаа хөрөнгө ,гэрчилгээний 000421311 дугаартай Дорноговь Замын Үүд 1-р багт байрлах үйлчилгээний зориулалттай газар мөн 14-15 ДГО улсын дугааартай хүнд даацын Nort benzмаркийн автомашин зэрэг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Энэ нэхэмжлэлээс үзэхэд 58.288.688.26 төгрөгийн зээлийг төлүүлээд дээр нь нэмж барьцаа хөрөнгүүдийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Бид гэрээний дагуу уг зээлийг тооцож үзэхэд 2016.05.02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 52,663,315.68 зээлийн хүүгийн төлбөр 4.487.780.19 нэмэгдүүлсэн хүү торгууль 87.965.62 төгрөг нийт 57.239.061.49 төгрөг болж байна. Гэтэл 58.269.688,26 гаргуулахыг нэхэмжилсэн байна үүнийг зөвшөөрөхгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

            Хариуцагч Д.Гомбын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 58.288.688,26 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгө болох Сайншанд сумын Д.Мөнхжаргалын орон сууцаар үүргийг хангуулахыг зөвшөөрөхгүй. Барьцаанд тавсан Сайншанд сумын, 2-р баг, 3-р 58 айл 1-1 тоот орон сууц нь өөр хүний өмчлөлийн орон сууц учир үүргийн гүйцэтгэлээс чөлөөлж өгнө үү гэв. 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Д.Байгалмаа, Д.Гомбо нараас ЗГ94/02  дугаар зээлийн гэрээний үүрэг зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 58.269.688,26 төгрөг, нотариатын зардал 19.000 төгрөг бүгд 58.288.688,26 төгрөгийг   барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Гомбын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа, хариуцагч Д.Байгалмаагийн өмгөөлөгч О.Үүрцайх нар нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал 58.288.688,26 төгрөг дээр маргаагүй, харин уг үүргийг хариуцагч нарын барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага дээр маргаж Д.Мөнхжаргалын өмчлөлийн Сайншанд сум, 2-р баг, 3-р 58 айл 1-1 тоот орон сууцыг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлүүлэхийг хүсчээ. Учир нь Д.Мөнхжаргалын хариуцагч Д.Байгалмаад олгосон итгэмжлэл нь 3 жилийн хугацаатай хийх итгэмжлэл иймд 2012 оны 04 сарын 12-ны өдөр хийгдсэн итгэмжлэлийн хугацаа дууссан тул үүргийг энэ үл хөдлөх хөрөнгөөр хангах үндэслэлгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн.

 Хариуцагч Д.Гомбо, Д.Байгалмаа нар нь 2012 оны 12 сарын 11-нд Хадгаламж банкнаас хөрөнгө оруулалтын зээл авсан боловч 2013 оны 07 сарын 22-ны өдрийн ЗГ/94/02/28250000179 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу хариуцагч нарт холбогдох ЗГ94/02 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг Төрийн банкинд шилжүүлсэн нь ЗГ/94/02/28250000179 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээгээр батлагдаж байна. Иймд Төрийн банк нь хариуцагч Д.Гомбо, Д.Байгалмаа нарт холбогдох Хадгаламж банкны ЗГ94/02 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч Д.Гомбо, Д.Байгалмаа нар нь 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЗГ94/02 тоот гэрээгээр Хадгаламж банкны салбараас 100.000.000 төгрөгийг сарын 1,8 хувь, жилийн 21,6 хувийн хүүтэй, 60 сар /5 жил/-ийн хугацаагаар хөрөнгө оруулалтын зээл авсан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-0417001896 дугаартай Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1-р баг, 4-р хэсэг, 45-р байрны 01 тоот хаягт орших 19 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-0713000139 дугаартай Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, 3-р 58 айл 1-1 тоот хаягт орших 18 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, гэрчилгээний 000421311 дугаартай, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1-р баг хаягт орших үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй 96 м2 талбай бүхий газар, мөн 14-15 ДГО улсын дугаартай, хүнд даацын HORTHBENZ автомашин зэргийг барьцаалсан нь зохигчдын тайлбар, ЗГ 94/02 тоот зээлийн гэрээ, БГҮ/94/02 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, БГХ/94/02 дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна. Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хугацааг 177 хоногоор хэтрүүлсэн нь мөн талуудын тайлбараар батлагдсан. Зохигчид зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн зээлийн хүү, нотариатын зардал нийт 58.288.688,26 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Үл хөлдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний барьцаалбар болох Д.Мөнхжаргалын өмчлөлийн Сайншанд сумын 2-р баг 3-р 58 айлын 1-1 тоот 18 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Д.Байгалмаа нь 2012 оны 04 сарын 12-ны өдрөөс 5 жилийн хугацаанд хүчинтэй байх Д.Мөнхжаргалын итгэмжлэлээр банкны барьцаанд тавих эрхийг авч Хадгаламж банкны барьцаанд тавьж хөрөнгө оруулалтын зээл авчээ. Өмгөөлөгч О.Үүрцайх уг итгэмжлэлийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д зааснаар 3 жилийн хугацаатай хийгдэх итгэмжлэл учир хугацаа дууссан, итгэмжлэлийг сунгаагүй учир уг Д.Мөнхжаргалын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийг гүйцэтгэх үндэслэлгүй гэжээ. Иргэний хуулийн 64-р зүйл нь төлөөлөх бүрэн эрхийн тухай зохицуулалт юм. Мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь заалт нь өөрийгөө бусдаар төлөөлүүлж иргэний эрх зүйн харилцаанд орох итгэмжлэлийн хугацааны дээд хязгаарыг 3 жил гэж заасан. Д.Мөнхжаргалын хариуцагч Д.Байгалмаад олгосон итгэмжлэл нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанд тавихийг зөвшөөрсөн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх үндэслэлтэй. Д.Мөнхжаргал нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанд тавьснаар хариуцагч Д.Байгалмаа нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах эрх зүйн үр дагавар үүсэх боломжтой эрсдэлийг тооцсон байх үүрэгтэй. Д.Мөнхжаргал, хариуцагч Д.Байгалмаа нарын хооронд хийгдсэн итгэмжлэл нь 5 жилийн хугацаатай хийгдсэн өөрөөр хэлбэл зээлийн гэрээний 2.4-т заасан зээлийн хугацааг харгалзан хийсэн нь хэрэгт авагдсан итгэмжлэл, зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. 

Иймд хариуцагч Д.Байгалмаа, Д.Гомбо нарын барьцаа хөрөнгө болох  Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1-р баг, 4-р хэсэг, 45-р байрны 01 тоот 19 м2 талбай бүхий орон сууц, Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, 3-р 58 айл 1-1 тоот 18 м2 талбай бүхий орон сууц, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1-р баг хаягт орших үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй 96 м2 талбай бүхий газар, 14-15 ДГО улсын дугаартай хүнд даацын HORTHBENZ автомашин зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөөр Хадгаламж банкны зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Д.Байгалмаа нь шүүх хуралдаанд оролцохгүй өмгөөлөгч О.Үүрцайхийг оролцуулах, хариуцагч Д.Гомбо нь шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Болормааг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хариуцагч Д.Байгалмааг оролцуулахгүйгээр хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Д.Байгалмаа, Д.Гомбо нарын барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1-р баг, 4-р хэсэг, 45-р байрны 01 тоот 19 м2 талбай бүхий орон сууц, Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, 3-р 58 айл 1-1 тоот 18 м2 талбай бүхий орон сууц, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1-р баг хаягт орших үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй 96 м2 талбай бүхий газар, хөдлөх эд хөрөнгө болох 14-15 ДГО улсын дугаартай хүнд даацын HORTHBENZ автомашин зэргийг худалдаж үүргийг хангаж, 58.288.688,26 төгрөгийг Замын-Үүд Төрийн банкинд олгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 449.393 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 449.393 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ    Э.БОЛОРМАА