Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 924

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2016/00789/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, 1 дүгээр хороололд байрлах, *** банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, мангирт 10 дугаар хэсэг, 3 дугаар гудамж *** тоотод оршин суух Б*** овгийн Э*** М*** /РД: ТЖ*** утас: 9491 ***/

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, мангирт 10 дугаар хэсэг, 3 дугаар гудамж *** тоотод оршин суух Х*** овгийн С*** О***/РД: ТЕ***, өутас: 9491 ***/ нарт холбогдох

2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн болон барьцааны 13/*** тоот гэрээний үүргийн гүйцэтгэл 2 575 332 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У***, хариуцагч Э.М***, хариуцагч С.О***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Э.М***,С.О*** нар нь 2013 оны 10-р сарын 31-ны өдөр 13/*** тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 8,500,000 төгрөгийн зээлийг Хэрэглээний зээлийн зориулалтаар 24 сарын хуагцаатай жилийн 31.2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар 2,575,332 төгрөгийн өртэй болоод байна.

Э.М***, С.О*** нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна.

13/*** тоот зээлийн гэрээний 4.2.3-д заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж зээлдэгчээр үндсэн зээлийн үлдэгдэл 2,296,763 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 241,470 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 28,100 төгрөг, нийт 2,566,33 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 2,575,332 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохиролыг гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжинд 56,160 төгрөг төлсөн болно.

Э.М***, С.О*** нарын зээлийн барьцаанд буй Дархан сум, *** дугаар баг, мангирт 10 дугаар хэсэг, 3 дугаар гудамж *** тоотод байрлалтай Ү-200301***дугаартай 48,0 м2 талбай бүхий хувийн сууцыг, 700 м2 өмчлөх эрхтэй газрын хамт шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс битүүмжилж, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү.

2014 онд Э.М***, С.О*** нар нь 8,500,000 төгрөгийн зээл авсан боловч эрсдэж эхэлсэн. Зээл авсанаас хойш 2 сарын хугацаанд төлөлт хэвийн явагдаж байсан боловч түүнээс хойш байнга хугацаа хэтрэлттэй байсан. Тухай бүр өргөдлийг нь хүлээж аваад мэдэгдэл өгөөд хугацаа олгож байсан баримтууд байгаа. Манай банкны зүгээс хурлаар авч хэлэлцээд эдгээр хүмүүс цаашид хүү төлөөд явах боломжгүй тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хүүг зогсоож зээлийг төлүүлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн. Иймээс манай банкны зүгээс гаргасан саналыг хүлээж аваад 1,400,000 төгрөгийг төлж хэвийн болгоод үлдэгдэл 900,000 төгрөгийг төлж хааж дуусгах саналтай байна. Ингэх боломжгүй тохиолдолд манай банкны зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.М***, С.О*** бид хоёр *** банкнаас нэхэмжилсэн нэхэмжлэлийг үзэж танилцлаа. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй нь бид өөрсдийн амьдарч буй орон сууцаа барьцаанд өгөхөөр өөрсдөө хаана амьдрах гэдэг нь хэцүү байгаа. Харин нэхэмжлэлийн шаардлага болох 2,575,332 төгрөгийг төлж барагдуулна.

Миний эхнэр болох С.О*** нь бага насны дөрвөн хүүхдээ хараад гэртээ ажилгүй,орлогогүй сууж байгаа.Миний бие өөрийн төрсөн дүүтэйгээ хамтран хувиараа хөдөлмөр эрхлэж байгаа ч тодорхой орлогогүй, зээл авах үед Дархан Номин-Мангиртын чиглэлд таксины үйлчилгээ эрхлэж байсан боловч миний машин оны хувьд тэнцэхгүй байсан тул одоо ажилгүй байгаа болно.

*** банктай байгуулсан дахин зээлийн гэрээний дуусгавар болох хугацаа нь 2016 оны 10-р сарын 31ний өдөр хүртэл хугацаа байгаа тул энэ хугацааг хүртэл өөрийн боломж, бололцоогоороо *** банкны нэхэмжилсэн 2,575,332 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** банкны Дархан салбар нь хариуцагч Э.М***, С.О*** нарт холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн болон барьцааны 13/*** тоот гэрээний үүргийн гүйцэтгэл 2 575 332 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч *** банкны Дархан салбар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13/*** тоот зээлийн гэрээ бичгээр байгуулан өөрийн байгууллагын журмын дагуу гэрээний зүйл болсон 8 500 000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар жилийн 31.2 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлдэгч Э.М***, С.О*** нарын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн талууд энэ талаар маргаангүй бөгөөд мөн гэрээний 3.6-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.2т зааснаар зээлийн төлбөрийг сар бүр Зээл эргэн төлөх хуваарийн дагуу 212000**** тоот харилцах дансаараа тушаах үүргээ буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө түүний хүүг буцаан төлөх үүргийг хариуцагч Э.М***, С.О*** нар биелүүлээгүй байна.

Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хариуцагч нарын гэрээний үүргийг биелүүлэх хугацаа 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул *** банкны Дархан салбар гэрээнээс татгалзаж байгаа гэж тайлбарлаж байгаа болно.

Зээлийг ашиглах явцад зээлдэгч хариуцагч Э.М***, С.О*** нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд

зээлийн гэрээний төлбөл зохих үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 2 296 763 төгрөг, хүү 241 470 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 100 төгрөг нийт 2 575 332 төгрөг байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд гэрээгээр тохирсон мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 4.2.т зааснаар зээлийг эргэн төлөх, гэрээнээс үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбоотой гарсан зардалыг зээлдэгч төлөхөөр гэрээгээр тохирсон байна.

Иймд хариуцагч Э.М***, С.О*** нараас үндсэн зээлийн үлдэгдэл 2 296 763 төгрөг, хүү 241 470 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 100 төгрөг, нотариатын зардал 9 000 төгрөг нийт 2 575 332 төгрөг гаргуулан *** банкны Дархан салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.6-д зааснаар зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан барьцааны хөрөнгөөр гүйцэтгэлийг хангуулах үүрэг зээлдэгч нар хүлээсэн бөгөөд талууд 13/*** тоот Барьцааны гэрээг бичгээр үйлдэж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1,156.2-т заасан барьцааны гэрээг бичгээр байгуулна, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэснийг хангасан, хүчин төгөлдөр байна.

Иймд барьцааны гэрээний зүйл болсон ТЖ***регистрийн дугаар бүхий Э***н М***ийн өмч болохулсын бүртгэлийн 2003003***дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг Мангирт 10 дугаар хэсэг 3/*** тоот хаяг байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700.0 м.кв газар, Ү-200301***дугаарт бүртгэлтэй 48.0 м.кв хувийн сууцыг дуудлага худалдаагаар борлуулсан үнээс 2 575 332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй байна.

Дээрхи барьцааны зүйлийг дуудлага худалдаа явуулах этгээдээр Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*** дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар 2 575 332 төгрөгийг хариуцагчЭ.М***, С.О*** нараас гаргуулан *** банкны Дархан салбарт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *** банкны Дархан салбараас төрийн сан 190 000 941 тоотдансанд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тушаасан тэмдэгтийн хураамж 56 160 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Э.М***, С.О*** нараас тэмдэгтийн хураамж 56 160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** банкны Дархан салбарт олгосугай.

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Э.М***, С.О*** нар 2 575 332 төгрөгтөлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох ТЖ 84040873 регистрийн дугаар бүхий Эрдэнэболдын М***ийн өмч болох улсын бүртгэлийн 2003003***дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг, Мангирт 10 дугаар хэсэг, 3/*** тоот хаяг байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700.0 м.кв газар, Ү-200301***дугаарт бүртгэлтэй 48.0 м.кв хувийн сууцыг дуудлага худалдаагаар борлуулсан үнээс 2 575 332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах учрыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар дуудлага худалдаа явуулах этгээдээр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ