Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 730

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2016/00582/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Хараагийн 2-10Б тоотод оршин суух, Гэцэл овогт Цэрэндаваагийн Уянга /регистрийн дугаар ТИ87022804, утас 88473579/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Хараагийн 2-10Б тоотод оршин суух, Боржигон овогт Бямбасүрэнгийн Баярбадрал /регистрийн дугаар ТД84091277, утас 89133579/-д холбогдох

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хашаа байшингаа өөрийн нэр дээр шилжүүлэх тухай иргэнийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Уянга, хариуцагч Б.Баярбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Уянга нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Бид 2006 онд танилцсан, тэгээд 2006 оны 09 дүгээр сард жирэмсэн болсон. Тэгээд жирэмсэн болсон гэдгээ хэлсэн чинь энэ хүн яваад өгсөн, сураггүй алга болсон. 2007 оны 06 дугаар сарын 14-ний өдөр охин Б.Ундрал маань төрсөн. Охин минь төрөхөөс 1 сарын өмнө энэ хүн ирсэн, тэгээд хүүхдээ бодоод хамт амьдаръя гэсэн. Тэгээд охин маань 7 хонож байсан үед энэ хүний ээжийнх нь гэрт нь очиж амьдарсан. Хамт амьдарч эхэлсэн цагаас хойш гэрээс ч гаргахгүй, ээж дээрээ очоод ирэхэд хүртэл тэнээд байна гээд уурлаад байдаг байсан. Зодож, нүдээд л хэрэлдээд л, тиймэрхүү байдалтай байдаг байсан. Тэгээд бүр сүүлдээ байж чадахгүй болоод ээж, аавынхаа гэрт ирсэн. Тэгээд ирж очиж байж байгаад 2011 онд дахиад жирэмсэн болсон. Тэгээд хүүхдээ гаргана гээд байсан чинь миний хүүхэд мөн ч юм уу, биш ч юм уу гээд байсан. 2 хүүхэдтэй болох юм бол чамтай амьдарч чадахгүй гээд байсан. Тэгэхээр нь саллаа гээд ээж, аав дээрээ очоод байж байсан чинь дахиад амьдаръя, эвлэрье, тусдаа гаръя гээд байхаар нь тусдаа гарсан. Тусдаа гараад 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр би төрөөд 2 ихэр хүү, охин хоёртой болсон. Тэрнээс хойш хамт амьдраад хүүхдүүд маань нялх байхад ч хүртэл байдаггүй байсан. Хүүхдүүд жоохон том болоод би гарч орох завтай болоод ирсэн чинь гэрээс гарлаа, тэнэлээ гээд байсан. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бас шүүхэд хандсан. Энэ хүн дахиж тийм байдал үүсгэхгүй гэхээр нь би нэхэмжлэлээ буцааж авсан. Шүүх хурал болоод 1 сар өнгөрөөгүй байхад энэ хүн дахиад надад гар хүрсэн.

Чи намайг шүүх, цагдаад өгч нүдний булай болголоо, би тэр шүүх, цагдаагаас чинь айхгүй, надад өчнөөн танил тал байна, чамайг юу гэж л бол юу гэж хэлнэ, өөрийнхөө талд шийдүүлж чадна гээд байсан.

Чамайг биеэ удирдах чадваргүй архичин гэж хэлнэ, хүүхдээ өгсөж чадахгүй гэж хэлээд би шүүхэд заргалдана гээд байсан. Байнга л утас шалгаад хэцүү байдаг болсон. Орж гарч болохгүй, найз нөхөдтэй байж болохгүй гэрт л хоолыг нь хийгээд, хувцасыг нь угаагаад байж байх ёстой юм шиг байдаг болсон. Мөнгө, төгрөгний тал дээр ч гэсэн надад мэдэх мэдэл байдаггүй, боол шиг л амьдардаг байсан. Одоо бол амьдарч чадахгүй, ямар ч арга алга, энэ хүний гарт үхэж магадгүй.

Иймд гэрлэлтээ цуцлуулна, 3 хүүхдээ өөрийн асрамжинд аваад тэтгэлэг тогтоолгоно. Хашаа байшингаа өөрийн нэр дээр шилжүүлнэ.” гэв.

Хариуцагч Б.Баярбадрал шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Бид 2006 онд танилцаад 2007 онд айл гэр болсон. Тэр үед шууд тусдаа гарч амьдарсан. Биднийг тусдаа гарахад хэн хэнийх нь ч гэсэн туслалцаа нэмэр байгаагүй. Ах, дүү хамаатан садан нарын ямар ч туслалцаа байгаагүй. Энэ амьдралыг би өөрийнхөө хүчээр цалингийн зээл аваад амьдарсан.

 Хүний охиныг авч байгаа юм чинь гээд зээл аваад цайллага хийж гэр бүл болж байсан. Тухайн үед миний цалин 60-70 мянган төгрөг л байсан ба бүгдийг нь зээлэндээ өгдөг байсан. Энэ хүн анхнаасаа дөнгөж төрсөн нялх хүүхэд байхад чинь хажууд нь тамхи татаад байдаг байсан. Тэгэхээр нь би энэ хүнд чи эх хүн, хөхүүл хүүхэдтэй хүн байж хажууд нь тамхи татахаа болиочээ гэж гуйсан чинь за тэгье гэж амласан. Төд удалгүй дахиад л тамхи татаад байсан. Энэ үйлдлээс нь болж бид хоорондоо нилээн зөрчилтэй болсон. Тэрнээс болж аав, ээжийнхээ гэрт нь очиж амьдарсан бөгөөд тэр нь салах шалтгаан байгаагүй гэж бодож байна. Тэгээд энэ хүн хэрүүл хийх болгондоо сална, аав, ээж дээрээ очно гээд байдаг юм. Тэр үед нь болио миний хайр гээд болиулдаг байсан. Намайг тэврээд болиулсан үйлдлийг зодсон гээд байгаа юм. Биед нь хүрсэнийг шууд зодсон болгоод байгаа юм. Дандаа намайг чи зоддог, чи хартай гээд байдаг юм.

Хөндлөнгөөс харахад манайх бол тийм амьдралтай айл биш шүү дээ. Энэ хүний найз нь ч гэсэн хэлж байсан гэсэн. Би тэр гэрийг худалдаж авсан цагаас хойш энэ хүнээр би ажил хийлгэж үзээгүй. Бүх зүйлийг би өөрөө хийдэг. Би гэрийн зээл дуусахад монгол гэрт амьдраад яахав гээд хашаа, байшин авсан. Тэр хашаа, байшингаа бас л зээл авч байгаад авсан. Тэгээд би зээл авч байгаад авсан хашаа, байшингаа 2-уулаа үр хүүхэддээ үлдээнэ шүү гэж хэлдэг байсан. Энэ амьдралыг 2-уулаа л босгоно гэж хэлдэг байсан. Тэгээд би нэг хашаа байшин авсан. Тэгээд тэр үед манай хоёр ихэр төрсөн, тэр үед зээл гайгүй болж ирсэн. Тэгээд бас хашаа байшингаа сольё гээд ажлынхаа ойролцоо хашаа, байшин авсан. Одоо амьдарч байгаа хашаа байшин бол манай хадмын хашаа байшин юм.

...Гэрлэлт цуцлуулахыг би зөвшөөрөхгүй байна. Гэрлэлт цуцлах ямар ч үндэслэл болоогүй. Энэ амьдралыг босгох гэж нэг өдөр би амарч чадаагүй. Би ээлжийн ажилтай,  3 хоног амардаг. Амарч байгаа тэр өдрөө би ар гэрийнхээ хоолыг олох гэж дотор тойрдог. Хүмүүс гэртээ амарч байхад би Дархан хотын хар зам дээр 500 төгрөг хайж яс, махаа зулгааж явдаг. Тэгээд намайг гэрт ирэхэд халуун хоол, цай байхгүй, утсаараа оролдоод нүүрээ будаад сууж байдаг. Гэр хог новшоор дүүрсэн байдаг. Би үр хүүхдээ элэг бүтэн өсгөх хэрэгтэй байгаа тул энэ хүнтэй ойлголцмоор байна.” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Уянга нь хариуцагч Б.Баярбадралд холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, хашаа байшингаа өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Уянга, хариуцагч Б.Баярбадрал нар нь  2006 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд 2007 оны 06 дугаар сарын 14-ний өдөр охин Б.Ундралыг, 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр охин Б.Цацрал, хүү Б.Оргил нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,  төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.

            Гэрлэгчид өмнө гэр бүл цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд гэрлэгчид шүүх хуралдааны явцад эвлэрч, шүүхээс гэрлэгчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож байсан болох нь Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны 60 дугаартай захирамжаар тогтоогдож байна.   

            Өмнө шүүхийн шийдвэрээр эвлэрч байсан ч гэрлэгчид одоог болтол байнгын гэр бүлийн хэрүүл маргаантай байгаа, хоорондын зан харьцааны байдал таарамжгүй, нөхөр Б.Баярбадрал нь эхнэрийнхээ эрх чөлөөнд халдаж, зоддог зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасан эвлэрүүлэх арга хэмжээг урьдчилан авах шаардлагагүй гэж үзэж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

            Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаангүй бөгөөд хүүхдийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Б.Ундралыг, 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Б.Цацрал, хүү Б.Оргил нарыг эх Ц.Уянгын асрамжинд үлдээж, эцэг Б.Баярбадралаас хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Б.Баярбадрал, эх Ц.Уянга нар нь хүүхэд болох Б.Ундрал, Б.Цацрал, Б.Оргил нар нь хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Уянга нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Хараагийн 2 дугаар гудамж 10б тоот газар болон хувийн сууцыг өөрийн өмчлөлд үлдээх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаан дээр зохигчид нь дээрх үл хөдлөх хөрөнгө нь банкны зээлийн барьцаанд байгаа тухай тайлбарыг гаргаж байх тул зохигчдын гэр бүлийн дундын хөрөнгийн маргааныг гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагатай хамтад нь шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Уянгын гаргасан гэр бүлийн дундын хөрөнгө болох газар хувийн сууцыг өөрийн өмчлөлд үлдээх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигч талууд гэр бүлийн дундын хөрөнгийн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэхүү шийдвэр нь саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Гэцэл овогт Цэрэндаваагийн Уянга, Боржигон овогт Бямбасүрэнгийн Баярбадрал нарын гэрлэлтийг цуцлаж, нэхэмжлэлээс гэр бүлийн дундын хөрөнгө болох газар хувийн сууцыг өөрийн өмчлөлд үлдээх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Б.Ундрал, 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Б.Цацрал, хүү Б.Оргил нарыг эх Ц.Уянгын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Б.Ундрал, 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Б.Цацрал, хүү Б.Оргил нарыг 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас  /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, тєрсєн эцэг Б.Баярбадралаас сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлсїгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Уянгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баярбадралаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Уянгад олгож, нэг жилийн хугацаанд тогтмол төлөгдөх тэтгэлэгийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж 58,064 төгрөгийг хариуцагчаас гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурьдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.

8. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн маргааны талаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА