Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 828

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00761/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Дархан баг, Тосгоны 6-9 тоотод оршин суух, Хавдулын Тотгос /регистрийн дугаар ТЯ54011512, утас 95777221/-ын хүсэлттэй,

“Нас тогтоолгох, баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.Тотгос, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Тотгос нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ:

“...Миний бие 1954 онд Баян-Өлгий аймгийн Булган сумд төрсөн гэдгийн маань миний ах Х.Мухтархан, эгч Х.Жасаган нар гэрчилдэг юм. Тухайн үед ах маань өөрийнхөө оронд цэрэгт явуулах гээд 2 насаар нэмж паспорт авсан гэж ярьдаг. Миний хөдөлмөрийн дэвтэрт төрсөн оныг маань 1952 он, төрсний гэрчилгээ ИБМУТ-ийн төрсний лавлагаанд 1954 онд төрсөн гэж бичсэн бичиг баримтын зөрүүтэйгээс болж миний эрх ашиг зөрчигдөж байна. Хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн төрсөн оныг 1954 он болгон тогтоож өгнө үү. Мөн миний хөдөлмөрийн дэвтэрт Хавдолын Тотгус, тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаанд Хавдолын Төтхус болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд Хавдол Тотгос гэж овог нэр минь буруу бичигдсэн байна. Миний иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд Хавдулын Тотгос гэж бичсэн байгаа тухайн үеийн хариуцлагагүй хүмүүсийн буруу бичсэн алдаанаас болж миний эрх ашиг зөрчигдөж байгаа учир иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг үндэслэн Хавдолын Тотгус гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр, Хавдолын Тотхус гэж бичигдсэн тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа мөн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний овог нэрийг Хавдулын Тотгос болгон тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Тотгос нь нас тогтоолгох, баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нас тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсан болно.

Хүсэлт гаргагч 1954 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн Хавдул овогтой Тотгосын “Хөдөлмөрийн дэвтэрт 1952 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн Хавдол овогтой Тотгус, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02/992 дугаартай лавлагаанд Хавдалын Төтхус” гэж хүсэлт гаргагчийн овог нэр, төрсөн огноог алдаатай бичсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримтын архивынн хэлтсийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар хүсэлт гаргагч Уах овогт Хавдулын Тотгосыг Хөдөлмөрийн дэвтэр, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02/992 дугаартай лавлагаа зэрэг бичиг баримтын эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Тотгосын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                               

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ТУНГАЛАГМАА